Д.МЯГМАР
Гартаа ер бусын увдистай гэх энэ эрхмийг С.Дамдинжав гэдэг. Ямар нэг шинжилгээ, судалгааны байгууллага түүний эрдэм, чадлыг тогтоогоогүй. Харин түмэн олон түүний гарын авъяас, далд увдисаар элдэв өвчнөө анагааж ийн өргөмжилжээ. Улаанбаатар хотын нярай хүүхэдтэй хүн бүр л Хан-Уул руу түүний гэрийн зүг хөвөрсөөр жим гарчээ. Олонд тус болж, буянаа түгээж буй илээч, домч С.Дамдинжавтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таныг “Баруун аймгийн гаралтай таван үе дамжсан бариач. Эмэгтэйчүүдийн савыг гурван өдөр бариад л үртэй болгодог шидтэй” гэж хүмүүс ярих юм. Хэзээ Улаанбаатар хотын айл болов?
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж өссөн. 1976 онд анх Улаанбаатар хотод ирж суурьшсан. Ах маань цэргийн хүн тул биднийг дэргэдээ татаж авч байгаа нь тэр.
Би 20 хүртлээ “харалган” байгаагүй. Хөдөө мал маллаж, нүд минь юм үздэг байсан. Яваандаа л хараа маань бөхөж би 1967 оноос эхлэн хүмүүсийг илж, барьж засал хийдэг болсон. Манай аавын талынхан бариа, засал хийдэг, гартаа чамгүй эрдэмтэй улс байсан. Ээжийн талаас ч ялгаагүй үздэг, хардаг улс бий. Ээж маань далны ясаар сүрхий мэргэлдэг. Үзсэнээ сайн ч хэлдэг байсан. Нутгийнхан нь ээжийг минь Аниа гэж авгайлдагсан.
-Монголчууд удам дамжсан бариач, илээчийн тухай ам дамжсан яриа дуулаад очиж үйлчлүүлдэг тал бий. Таны тухай хүмүүс яаж мэддэг юм бол?
-Би үе дамжсан, тав дахь удмын илээч, домч хүн. Хүмүүс хараагүй хүн бүрийг гартаа мэдрэмжтэй сайн бариач гэсэн буруу ойлголттой явдаг юм байна лээ. Хүний судсыг барихад оношлогооноос нь эхлээд л янз бүрийн эрдэм сурах ёстой. Надад байгалиас заяаж, эцэг эхээс удамшиж ирсэн эрдэм бий. Намайг өнгөлж, зүлгүүрдэж, зөв залж ирсэн багш бий. “Бөхийн өргөө”-нд эмч, засуул хийдэг Гомбосүрэн гуай надад их зүйл зааж өгсөн. Одоо 90 гарсан буурал бий. Би гарынх нь шавь юм.
-Танай гэрийн гадна хүүхдээ тэвэрсэн залуу гэр бүл голдуу байх юм. Хотын багачуудын тархи, толгой юунаас болж зовиурлаж, шалтаглаад байдаг юм бол?
-Миний үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Нярай, бага насны хүүхдүүдийн тархи доргиж ирдэг нь олон шалтгаантай. Агаарын урсгал, орон зайн өөрчлөлт тархинд нөлөөлж байна. Агаарын бохирдол гэж сүрхий дайсан бий болчихлоо. Мөн тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж хүүхдийн бие тавгүйрхэх нь бий. Ерөнхийдөө тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас хүүхдүүд бөөлжиж, огих, суулгах, туулгах, халуурч, бүлээрэх зовиурлах шалтгаан болдог. Тархинд даралт үүсч байна. Суурин газруудын агаарын нөлөөллөөс болж хүүхдүүд маань өвчин хөллөх гээд байгаа юм. Энэ байдал ээжүүдийн хэрэглэж буй янз бүрийн хоол хүнснээс бас их шалгаалдаг.
-Хүүхдийн тархийг гурван удаа бариулаад их аятайхан болдог гэцгээх юм. Та яаж хүүхдийн толгойн өвчнийг хялбар засаад байна вэ?
-Залуу ээжүүдийн хөдөлгөөний дутагдлаас болж хүүхдийн тархинд өөрчлөлт өгч байна. Зарим ээж хүний ам дамжсан яриаг чухалчилж төрөл бүрийн бэлдмэл хэрэглэж байгаа нь хожим хүүхдэд нь зохиж, таардаггүй. Хүүхдийн тархины зовиурыг зөв оношлож, хэрэгтэй цэг дээр нь тааруулж илэх ёстой. Иллэг, засал, дом нь таарсан болоод л хүүхдийн бие хэвийн болж байгаа юм.
Хүмүүс ан, амьтны түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь тун буруу. Анагаахын эмч нарын заавраар оношлогоо, эмчилгээ хийдэг шинэ эрин зуунд бид амьдарч байна. Төрөх гэж байгаа эхчүүд нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг сайн авч байгаарай. Бусдын үгээр дэмий зүйл бүү хэрэглэ. Дараа нь элдэв өвчний шалтаг болно.
-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл нэлээд эмгэг тохиолддог болжээ. Мөнгөтэй нэг нь гадаад явж үр суулгадаг болсон. Бүсгүйчүүд үр, хүүхэдтэй болохгүй байгаа нь юунаас шалтгаалдаг юм бол?
-Төрөлхийн сав нь хойшоо суулттай хүн байдаг. Тийм бол сав, нуруугаа бариулж, домын аргаар хүүхэдтэй болох нь элбэг тохиолддог. Ямар ч хүнийг би судсаар оношлодог. Монголчууд бариач, илээчээ ялгахгүй гүйдэг үе ирчиж.
-Бариач, илээч нарт бас зааг, ялгаа байна уу?
-Жинхэнэ бариач гэж анагаахын төвлөрсөн эмнэлэг байгаагүй үед хүний болон малын хугарсан ясыг барьж, эвлүүлж боодог хүмүүс байсан. Тавгүйрхсэн хүүхдийн толгой, тархийг илдэг, үртэй болоогүй эмэгтэйн учир шалтгааныг нь тайлж, савыг нь байранд нь оруулж анагаадаг хүнийг илээч, домч гэдэг.
-Сүүлийн үед хүүхнүүд савны хийгээ гаргуулдаг болж. Ингэх нь зөв үү. Юунаас болоод эмэгтэйчүүд савандаа хийтэй болдог юм бол?
-Тийм хүмүүс манайд их ирдэг юм. Хүний голын хий, дээд, доод хийг тэгшитгэж иллэг хийдэг учиртай. Хүчээр, цэг дээр дарж савны хий гаргавал анх буюу хоёр дахиа төрөх гэж байгаа эхэд тун аюултай. Ингэвэл хүүхэд нь гэдсэндээ 4-6 сартайдаа өсөлтгүй болдог гэж багш минь надад хатуу анхааруулсан юм. Би залуудаа хоёр эмэгтэйн савны хийг гаргаад Гомбосүрэн багшдаа гайгүй сайн зэмлүүлж билээ. Хүний голын хийг олон дахин гаргаад байхаар тэр хүн 2-3 жилийн дараа дэлүү нь ажилгүй болж удахгүй үхэх аюултай. Яваандаа хийгээ хүчтэй гаргаж, огиж чадахгүй болдог. Нөгөө хүүхэн “Би турж байна” гээд баярлаад явдаг. Гэтэл тэр хүн дэлүүний хийгээ аажмаар алдаж, үхэлтэй нүүр тулах гэж буйгаа мэддэггүй. Мөнгө хөөсөн хүмүүсийн гайгаар бүсгүйчүүд ингэж хохирч болохгүй. Шаардлагатай үед тусгай тосоор зохих иллэг хийж илүүдсэн хийг гаргах тохиолдол байдаг. Харин энд, тэнд массаж хийж байгаа хүмүүс бусдын зовлон, мэдлэггүй байдлыг далимдуулж “Савны хий гаргана, массаж хийж элдэв өвчнийг анагаана” гэж байна. Хүний биеийн алжаалыг тайлах зорилгоор массажийг хийдэг. Илээч хүн өөрийн гэсэн оношлогоо, эмчилгээний арга барилтай байх ёстой. Би ч гэсэн өөрийн арга барилаараа нутгийн зон олондоо тус хүргэхийг хичээж байна.
-Тэр хол нутгийнханд та яаж тус болж байна. Хүмүүс нас ахихаар нутгаа санадаг гэдэг?
-Манай нутаг цавчим өндөр хадтай. Шовх оройтой мөнх цаст уулстай, энерги сайтай газар гэж хүмүүс нэлээд очдог юм билээ. Нутагтаа би 2009 онд очсон. 2011 онд нутаг руугаа хоёр ч удаа “гүйчихлээ”. Манайхан Өөлд хүмүүс тул хожим ч гэсэн нутагтаа Өөлдийн таван шүтээний суваргыг босголоо. Суварганы дэргэд хүрдтэй, Галданбошигт хааны баганат тамгыг боржин чулуугаар сийлж байрлуулсан. Багана нь тал бүртээ сийлбэртэй. Галдан хааны хүлгийн удам болгож боржин чулуугаар унага урлалаа. Бурхан багш бүтээж цогцлоосон. Манай Цамбагарав уулын шүтээн нь бүргэд. Тиймээс суварга босгосон уулын энгэрт энх амгаланг урин дуудаж, харуул болгож бүргэдийн баримал цогцлоосон. Олны тусын тулд хийж байгаа энэ буяны ажилд мөн л манай нагац ахын хүү их дэм болсон. Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч С.Ганхуяг шавь нарынхаа хамт бүх ажлыг нугалж, зөвлөгөө, заавар өгч надад их туслалаа.
-Өөлдийн таван шүтээний суварга босгосны дараа байгаль, дэлхий ямар хариу бэлэг барив?
-Луу жилийн зун би эндээс зориуд мөнгөн аяга хийлгэж нутаг руугаа авч явж хос нуурандаа залсан юм.
-Бөхчүүд, улс төрчид гэртээ мөнгөн аяга хураадаг. Гэтэл та нууранд мөнгөн аяга залж байгаа нь ямар учиртай юм бол?
-Оргил, сарьдаг мөнх цаст уул, нуруутай газар, тунгалаг нууранд өөдөө харсан амтай цалин цагаан мөнгөн аягийг шүншиглэж залбал лус баярладаг юм гэж буурлуудаас дуулж байсан. Буян хишгээ нутгийн зон олонд хайрладаг юм гэсэн. Ан амьтан элбэгшдэг, малын гарзгүй болдог. Би мөнгөн аяга залсан сав газар буюу Эрдэнэбүрэн сумын Тарвагатай багийн нутагт зуншлага, намаржаа тун сайхан болсон гэнэ лээ. Өвөлдөө малын хамар хатгах өвстэй цас багатай. Мал сүрэг өссөн гэж манай нутгаас миний зээ, Улсын аварга малчин Насанжаргал утсаар надад их талархаж ярьсан. Би догдолж байгаа гэж жигтэйхэн. Монголд явж үзээгүй газар надад байхгүй. Эх орноо тойроод л явна даа. Энерги сайтай газруудаар явж биеийн хүч, эрдэм, чадлаа сэлбэнэ. Тэгэхгүй бол өдөржин янз бүрийн хүний өвчин, зовиурыг анагааж, зовлонг нимгэлж байгаа хүн хүч, чадлаа сэлбэж байх хэрэгтэй.
-Таниар бариа засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэл, санаа ямархуу байдаг юм бол?
-Сэтгэл өндөр буцдаг. Уйлаад, бугшаад байсан хүүхэд төд удалгүй тайвширч, тайтгараад ирэхээр баярлахгүй ээж, аав хаана байх билээ. Талархлын дэвтэр гаргаач гэж надад заана, тэд. Би Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан болж байлаа. ЭМЯ-ны хүндэт жуух бичиг хүртэл авсан. Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ. Манайхаар үйлчүүлсэн хүмүүсийн үнэлгээ энэ юм даа.
-Гэр бүлийнхэн тань таны энэ буянтай ажлыг дэмжинэ биз?
-Би зундаа амралтаа аваад голдуу хөдөө явдаг. Манай гэр бүлийн хүн сайн бариач. Зун гэртээ ажлаа хийгээд үлддэг юм. Хүүд маань бидний бариа, дом уламжилж, одоо Хайлаастад бас ядарч, зовсон олонд тус хүргэж явна. Ач, зээ нийлсэн 20-иод багачуул байна. Намайг ажлаа хийхээр ач охин маань туслана. Манай хүн хоол, цайгаа цагтаа идэж, сайхан амар гэж ажил амралтыг минь зохицуулна.
Цагаан сараар олны хөлд их дарагдана. Гарч чадахгүй гэртээ золгуут хийнэ. Хүүхэдтэй боллоо гэж баярласан хүмүүс золгох гэж ирдэг юм гэсээр бид яриагаа өндөрлөлөө.
Тэдний гадаа олон эх шаналсан хүүхдээ тэвэрч зогссон тул яарахгүй бол болохгүй. Монгол бөхийг гиннесийн номонд мөнхлөх ажлыг ах дүүгээрээ дэмжиж хандив өргөсөн, оюуны хөрөнгө оруулагч зэрэг элдэв өргөмжлөл, шагнал, жуух бичиг С.Дамдинжав гуайн үзлэгийн өрөөний ханыг чимсэн нь олон түмэн түүнд тавьсан дүн гэлтэй.