Э.ОРХОНСҮРЭН
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногm эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцав. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай тусламжийн төв болон Төрийн албан хаагчдын эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцсан юм.
“ЯАРАЛТАЙ НӨХЦӨЛД НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮНЭЭ ЗӨӨДӨГ БОЛЪЁ” ГЭВ
Ажил, амралтын өдрүүд, мөн уламжлалт баяр ёслолын өдрүүдэд амрах завгүй ачаалалтай ажилладаг газруудын нэг бол Яаралтай түргэн тусламжийн төв. Тус төвийнхөн өнөөдрийн байдлаар 28 машин 120 гаруй эмчтэй, нийслэлийн гурван цэгээс иргэдэд хүрч үйлчилж байна. Сайд, дарга нарыг очих үед тус төвийн дарга Ц.Пүрэвдаш төвийнхөө үйл ажиллагааг танилцуулсан. Тэрээр “Өдөрт дунджаар 500-600 гаруй дуудлага ирдэг. Үүний 10 хувь нь архидан согтуурснаас үүдэлтэй байдаг. Баяр ёслолын үеэр энэ тоо хоёр дахин нэмэгддэг” гэдгийг онцолж байв. Мөн “ Ирсэн дуудлагад хамгийн хурдан нь 20 минут цаад тал нь цагийн дотор очдог. Манай төвийн ачаалал ажлын бус цагаар нэмэгддэг. Яаралтай дуудлагад явж байх үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам тавьж өгдөггүй” хэмээн ярьж байсан.
Нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламж үзүүлэхэд замын түгжрэл, замбараагүй барилгажилт их саад болдог гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Энэ бүхнээс болж цаг хугацаа алдаж очих тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс яаралтай, хүнд нөхцөлд байгаа дуудлагад нисдэг тэргээр хүнээ зөөдөг байя гэсэн саналыг дарга нарт уламжлав. Мөн зарим үйлчилгээний байгууллагуудад, тухайлбал, нисэх онгоц, галт тэрэгний буудалд хиймэл амьсгаа хийгч аппаратыг байрлуулах, иргэдийн анхан шатны тусламжийн мэдээллийг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг саналыг холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг нисдэг тэрэгтэй болох асуудлыг дэмжиж байгаагаа хэлээд “Яаралтай тусламжийн үйлчилгээ нь цогц байдлаар тухайн хүндээ хүрч байх ёстой. Та бүгдийн ярьж байгаа асуудлыг жил гаруй хугацаанд шийдвэрлэх болно. Үүнийг хийхийн тулд 30 орчим тэр бум төгрөг шаардлагатай юм байна. Гэхдээ хүний амь гэдэг юунаас ч чухал учраас энэ санхүүжилтийг гаргах болно. Хамгийн түрүүнд яаралтай тусламжийн цэгийг нэмэгдүүлж 17 цэгээс үйлчилдэг болох ажлыг зохион байгуулна” гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 17 цэгээс яаралтай тусламж үйлчилдэг болсноор дуудлага эзэндээ түргэн шуурхай буюу олон улсын стандартад нийцсэн хугацаанд очдог болох ажээ. Тус төвөөс бас нэг дэвшилт гаргасан нь “Болзох цэг” буюу дуудлага өгсөн айлыг хайж цаг алдах бус тухайн байрлалд ойр газар болзож очдог болжээ. Энэ нь манайх шиг хаягжилтгүй хотод тухайн айлаа олох гэж цаг алддаг явдлыг бүрэн арилгасан байна.
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД БУС ИРГЭДЭД ТЭГШ ХҮРТЭЭНЭ
Сайд дарга нарын дараагийн очсон газар бол Төрийн албан хаагчдын эмнэлэг. Сүүлийн хоёр, гурван сар “Эмнэлэг болох уу, оффис болох уу? хэмээн маргах болсон тус эмнэлэг хэд хоногийн өмнөөс бүтцийн өөрчлөлтөд орсон. Албаны хүмүүсийг очиход тус эмнэлгийн болон цэргийн эмнэлгийн үйл ажиллагааг нэгтгэж бүтэц орон тоог нь зохион байгуулах тухай Батлан хамгаалахын сайд болоод Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал өнгөрсөн баасан гаригт гарсныг танилцуулсан юм. Тиймээс бүтэц орон тооны томилгоо хийгдэж байгаа аж.
Тус эмнэлгийн их эмч Т.Нарантуяа “Шинээр баригдаж буй эмнэлэг маань 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж байгаа. Компьютер томмограф болон MRI аппарат нь 3,4 тэрбум төгрөгийн үнэтэй. Хэрэв энэ эмнэлэг ашиглалтад орвол хүчин чадал нь нэг дахин нэмэгдэх бөгөөд 1-2 давхар нь оношлогооны төв байхаар зохион байгуулагдсан. “MRI аппарат нь тоггүй 24 цаг болоход доторх шингэн гель нь ууршдаг. Тиймээс бидэнд тогоо тасалж болохгүй гэсэн заавар өгсөн. Өнгөрсөн жил манай эмнэлэг нүд болон шүдний багажуудыг лабораторийн хувьд шинэчилсэн. Гурав дахь шатлалын эмнэлэг рүү дөхөж байна. Хүн хүч, техник тоног төхөөрөмжөө энэ чиглэл рүү хандуулаад дуусч байна. Тоног төхөөрөмж нийлүүлсэн компани нь даруй энэ хоёр аппаратаа хүлээж ав гэсэн шаардлагыг тавиад байна. Хаана ашиглахаа мэдэхгүй байгаа учраас бид хүлээж авч чадахгүй байна. Аппаратыг ашиглаж эхлээгүй байхад сард 3,5 сая төгрөгийн цахилгааны зардал гарч байна” хэмээн ярьж байв. Мөн “Шинэ барилгаа өнгөрсөн арванхоёрдугаар сард хүлээж авах байсан ч Хууль зүйн сайдын тушаалаас болж одоо болтол хүлээж авч чадахгүй байна” гэсэн юм. Үүний хариуд Ерөнхий сайд “Манай улсад MRI аппарат ийм олон хэрэггүй. Өндөр үнээр авсан байна. Эсвэл ерөөсөө мөнгөгүй гээд байдаг эсвэл баахан үнэтэй тоног төхөөрөмж аваад байна. Үүний зарлага нь нэлээд гарч байна. Байшин булаацалдаад байх ямар ч шаардлагагүй. Зөвхөн төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ гэдэг ойлголттой байж болохгүй. Ийм өндөр үнэтэй аппарат авчихаад иргэдэд үйлчлэх ёстой. Өндөр үнэтэй авсан хоёр аппаратаа цаашид яах бол гэдэгт санаа зовж байна. Яагаа ч үгүй байхад MRI аппарат аваад тавьчихсан байдаг. Гэтэл бид аймаг бүрийг компьютер томографийн аппараттай болгоё гэж байгаа. Зориг гаргаад хэдэн төгрөгөөр тоног төхөөрөмж авчихаад түүнийг маллаж явах гэдэг хэцүү ажил бий болж байна. Ашиглаагүй байхад 3,5 сая төгрөгийн цахилгааны зардал гарч байхад ашиглаад ирэхээр улам л нэмэгдэнэ. Та бүгд Монгол гэдэг айлын гэр бүлийн гишүүн, гэрийн эзэн шиг байх хэрэгтэй. Энэ эмнэлэгт баахан үнэтэй тансаг аппарат тавиад төрийн албаныханд үйлчилнэ гээд байдаг. Гэтэл гэр хорооллын өрхийн эмнэлэг дээр нь юу ч байхгүй байна. Иргэдийн ихэнх нь хоёр, гуравдугаар шатны эмнэлэгт ирж үзүүлдгээс бөөгнөрөл ачаалал үүсч байна. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ гуравдугаар шатлал ч гэж манайд алга байна. Манай эмнэлэг найдваргүй гээд гадагшаа яваад эмчлүүлдэг ийм тогтолцоотой болсон байна. Гурван сар хэрэлдсэний үр дүнд зөвхөн цахилгааны зардалд 10 сая төгрөг үрсэн байна. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.