Д.ЭРДЭНЭ
Эрүүл мэндийн салбарыг уналтад орсон гэдгийг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шүүмжилж буй. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Амаржаргал өнгөрсөн лхагва гаригт мэдээлэл хийсэн юм. Тэрээр юуны өмнө эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийг хэвийн, дарамтгүй ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарын 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан 313/316 дугаар тушаалын “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан “Хүнд, онц гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг саяхан хүчингүй болгосон. Уг заалтыг энэ сарын 15-нд А/05.10 дугаар бүхий Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын хамтарсан тушаалаар хүчингүй болгосон юм. Харин энэ асуудалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбар шүүмжлэлийн бай болж байна. Мөн ажилдаа хайнга хандсан эмч нараас улбаалан салбарын нэр хүнд уначихаад байгаа билээ. ЭМЯ-ны зүгээс дээрх заалтыг өөрчилснөөр ялтнуудын эрүүл байх эрхийг хүндэтгэсэн зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа аж. Мөн бүх клиникийн эмнэлгийг хорих ангийн хэлбэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ялтнаар дүүргэнэ гэсэн үг биш гэдгийг онцлов. Хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй ялтнуудыг хаана, хэрхэн эмчлэхээ судлах хүртэл ЭМЯ-ны зүгээс нарийн мэргэжлийн эмч нарын багийг маргааш томилохоор болжээ. Эдгээр эмч нар хорих ангиудад ял эдэлж байгаа хүнд өвчтэй 260 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Шийдвэр гарах хүртэлх хугацаанд эхний ээлжинд зайлшгүй эмчлэх хүнд ялтай хоригдлуудад зориулсан өрөө тасалгааг бэлтгэсэн аж. Харин үүнийг улстөржүүлээд байгаа учраас шийдэгдэх хүртэл хугацаанд эмч нарын багийг томилж ажиллуулахаар шийдлээ. Хүнд, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг эмч нарын багаар дамжуулж хүргэхээр болсон. Аль болох улстөрчжүүлэхгүй байхыг хүсч байна. Мөн эрүүл мэндийн салбарыг муу хэлж, буруутгаж байгаа нь үнэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч ажилчдад хүндээр тусч байгааг тэрээр дурьдав. Эрүүл мэндийн салбар руу өдөр шөнөгүй дайраад байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэхэд нөлөөлж байна гэв. Энэ үеэр Я.Амаржаргал даргаас зарим асуултад хариу авлаа.
-Эрүүл мэндийн салбарт үүссэн хариуцлагагүй байдлыг сэтгүүлчид мэдээлсэн. Харин та улстөржөөд гэж хэллээ. Гэтэл эмч нар хариуцлага алдсан хэрнээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байдаг. Тухайлбал, хагалгаанд орсон эмэгтэйн гэдсэнд самбайгаа мартаад оёсон эмч “Байдаг л зүйл” гэсэн. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Бид хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилчдад хариуцлага тооцох үүргийг эмнэлгийн даргад өгсөн. Ажлаас нь халах эсвэл Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар 3-6 сар хүртэл эмчлэх эрхийг түдгэлзүүлдэг.
-Хорих ялтай 260 гаруй өвчтөний хэн нь эхний ээлжинд эмчлүүлэх вэ?
-ШШГЕГ-аас бидэнд нэрсийн жагсаалт гаргаж өгөх ёстой. Хүнд хөнгөн байдлаар эрэмблүүлж нэрсийн жагсаалтыг өгнө. Харин энэ шийдвэрийг гаргасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудалтай холбоогүй гэдгийг хэлье.
-Ажлын хариуцлага алдсан эмч нарт хариуцлага тооцдог. Гэвч хохирсон хүмүүст ямар тусламж үзүүлдэг юм бэ?
-Хохирсон хүмүүс хуулийн байгууллагад хандсан тохиолдолд тухайн байгууллагын журмаар шийддэг.
-Гэдсэнд нь самбай мартаж оёсон эмчийн буруугаас бол сэтгэцэд өөрчлөлт орсон эмэгтэйг СЭМҮТ яагаад хүлээж авахаас татгалзаж байгаа юм бэ?
-Нарийн мэргэжлийн үзлэг хийх шаардлагатай байгаа. Сэтгэцийн өвчтэй хүн биш учраас авахгүй байх магадлалтай. Тухайн эмэгтэй гэнэт цочролд орсон учраас сэтгэцэд өөрчлөлт орсон байдаг. Түүнийг эмчлэхэд эрүүл болно. Эрүүл мэндийн хариуцлагатай ажилтнууд гэрт нь очиж анхаарал тавьсан.
-Увс аймагт эмчийн хайнга байдлаас болж хоёр хүүхэд амь насаа алдсан. Энэ асуудалд ЭМЯ-наас ямар дүгнэлт гаргасан бэ?
-Яамны шугамаар үүрэг өгсөн. Харин иргэн шүүхэд хандсан учраас хуулийн байгууллагын дүрмээр явна.
-Хорих ангиуд руу нарийн мэргэжлийн хэчнээн эмчийг томилох вэ. Эмч нар хоригдлуудтай ажиллах сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа юу?
-Ер нь эмчийг дайсан ч нь хөнөөдөггүй. Тодорхой хэмжээгээр ялтнуудад эмнэлгийн туслалцаа үзүүлдэг. Дотор, мэдрэл, арьс, сэтгэц, хоолой зэрэг 10 гаруй мэргэжлийн эмч нарын багийг томилно.