Э.БЭРЦЭЦЭГ

Хүйтний улиралд ханиад томуу, амьсгалын замын өвчний гаралт нэмэгддэг. Үүнийг дагаад дүүргийн эрүүл мэндийн төв, яаралтай тусламжийн дуудлагын тоо хоногт зуу хол давдаг. Тиймээс нярай хүүхдийн өвчлөл, түүнээс  хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар Нялхсын клиник сувиллын сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Туяагаас тодрууллаа.

 

ХАНИАДНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЕСӨН ЦЭГИЙН ДАСГАЛЫГ ХИЙЖ ЗАНШ

 

-Өвлийн улиралд манай­­хан агаарын бо­хирд­лоос болоод хүүхдээ тун ховорхон салхинд гаргадаг. Мөн энэ үед  бага насныхан дунд тэр дундаа нярай хүүхдүүдийн өвчлөл эрс нэмэгддэг. Ер нь энэ үед эцэг эхчүүд хүүхэддээ  ямар анхаарал халамж тавих ёстой вэ. Ялангуяа  хүүхдийг эрүүл­жүүлэх, чийрэгжүүлэх, биеийн дархлааг нь сайжруулах тал дээр?

-Манай орон эрс тэс уур амьс­галтай. Өвөлдөө  их хүйтэрдэг учраас нярай хүүхэд их өвчлөмтгий байдаг. Сүүлийн үед амьс­галын замын гаралтай янз бүрийн ханиад томуу дэл­гэрч байгаа. Мөн  H1N1, шувууны ханиад, гар хөл амны өвчин гээд маш олон төрлийн ханиад нэмэгд­сэн. Тиймээс нярай хүүх­дийг ханиад то­муунаас урьдчилан сэр­гий­лэх зайлшгүй шаард­лагатай байдаг. Үүнд эцэг, эхчүүд чухал үүрэгтэй. Хэрвээ хүүхэд эрүүл төрсөн бол ханиаднаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Харин эх, хүүхэд хоёулаа өвчтэй, янз бүрийн суурь тархи тол­гойн өвчтэй бол дархлаа нь суларч өвч­лөмтгий болдог. Тиймээс юуны өмнө нярай хүүх­дийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо агаарын солилцоо байнга явуулж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хэрвээ цаг агаар дулаан, хасах 10-аас доош хэмтэй байвал нярайг сайн ду­лаалж салхилуулна. Нярай хүүхдийг 14 хоногтойгоос нь эхлээд салхилуулж болдог. Гол нь гадаа гаргах цагаа бага багаар нь нэмж дасгадаг. Мөн гэртээ ариут­гал цэвэрлэгээг байнга хийж байх нь чу­хал. Учир нь амьсгалын замын өвчин агаар дуслаар халддаг. Хэрвээ ханиадтай хүн байвал амны хаалт хэрэглэх шаардлагатай. Мөн нярай хүүхдийг эл­дэв өвчнөөр өвчлүүлэх­гүйн тулд чийрэгжүүлэх дасгалыг хийлгэж занших хэрэгтэй. Ханиаднаас урьд­чилан сэргийлэх есөн цэгийн дасгал гэж байдаг. Энэ талаарх зөвлөгөөг харьяа дүүрэг өрхийн эм­нэлэг болон мэргэжлийн эмчээс авч болно. Мөн хүүхдээ чийрэгжүүлэхийн тулд иллэг массаж хийж, хар цайнд оруулж байвал урьдчилан сэргийлж чадна.

 

НЯРАЙ ХҮҮХЭД ШАРЛАХ ЭСЭХ НЬ ЭХ ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛӨӨС ИХЭЭХЭН ХАМААРДАГ

 

-Нярай хүүхэдтэй аав ээжүүдэд , ялангуяа залуу гэр бүлд эрүүл мэндийн мэдлэг жаахан дутмаг байдаг. Тэр тусмаа дөнгөж төрсний дараах нярайн шарлалтын талаар арга хэмжээ авч чаддаггүй. Тийм болохоор та энэ талаар  тодорхой мэдээлэл өгөөч?

-Цэвэр физиологийн нярайн шарлалт гэж байдаг. Энэ тохиолдолд хүүхдийн шарлалт 7-14 хоногийн дотор өөрөө алга болдог. Харин шарлалт нь14-21 хоног байх буюу арилахгүй бол физио­логийн эмгэг шарлалт гэж үздэг. Үүнийг тусгай био­химийн үзүүлэлтээр, цус­наас нь шинжилгээ авч оношлодог.  Эмгэг шар­лалтыг заавал эмийн эм­чилгээ, шарлагын фото эмчилгээгээр эмчлэх хэрэгтэй байдаг. Нярай хүүхэд шарлах эсэх нь эх хүүхдийн өвчлөлөөс ихээ­хэн хамаардаг. Ээж нь янз бүрийн суурь өвчтэй, жирэмсэн байхдаа өвдөж, дутуу төрж байснаас болж хүүхэд шар­ладаг. Тийм учраас хүүхдийн шарлалт арилахгүй удвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж заавал эмч­лүүлэх хэрэгтэй. Харин физиологийн шарлалтыг нярай хүүхдээ хөхөөр нь сайн хооллож, шингэн юм уулгавал аяндаа арилна.

-Сүүлийн үед бяцхан хүүхдүүдийн хэрэглээ бас өөрчлөгдсөн.  Дөнгөж төрсөн нярайд өлгийн даавуу, өмд цамц, живх гээд  янз бүрийн мате­риалтай хувцас өмсүүлдэг болсон. Зарим живх хар­шил үүсгэдэг гэж ярьдаг. Эцэг, эхчүүд нярай хүүх­дийн хэрэглээг  эрүүл мэндэд нь яаж тохируулах  ёстой вэ?

-Орчин үед хүүхдийн живх буюу памперс бий болсноор хүүхдийг олон дахин хуурайлахгүй амар болсон. Энэ нь нэг талаар цаг хэмнэдэг ч зарим хүүхдэд харшил, улайлт үүсгэдэг. Гэхдээ манай уламжлалт сайхан аргууд байдаг.

Хүүхдээ хуурайлж, хүүх­дэд зориул­сан тос­нуудаас түрхвэл улайлт харшил үүсэхгүй. Памперсийг олон орноос оруулж ирж байгаа. Хэт хөвөн материалаар хийсэн живх хүүхдэд харшил өгөх нь элбэг байдаг. Үүнээс болж хүүхэд харшлын суурь өвчтэй болох аюултай. Тиймээс аль бо­лох даа­вуун материалтай жив­хийг сонгох хэрэгтэй. Эрүүл ахуйн шаардлага хангасан живхийг хэрэг­лэж занших нь чухал юм. Мөн хүүхдээ нэг нас­тайгаас нь тосож шээлгэж сургах хэрэгтэй. Хэрвээ үргэлж живх хэрэглээд байвал хүүхдийн сэтгэхүй хөгжихөө больдог.