Э.ОРХОН

 

Эрүүл мэндийн салбарт он гарсаар нэлээд олон зөрчил гарч иргэд бухимдалтай байгаа. Шинэчлэлийн Засгийн газар эрүүл мэнддээ хэрхэн анхаарч юу хийж байна гэх иргэд ч олон байна. Эмнэлгийн байгууллагын чанар, аюулгүй байдлыг сайжруулах гэсэн Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаал өнгөрсөн оны аравдугаар сард гарч байсан. Гэсэн хэдий ч эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргасаар байгаа. Тиймээс энэ долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцахаар болов.

Шинэчлэлийн Зас­гийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр Улсын нэгдүгээр төв эм­нэлгийн эмч ажилчидтай уулзаж эрүүл мэндийн салбарт хийх ши­нэчлэлийн талаар харил­цан санал солилцлоо. Нэг­дүгээр эмнэлгийн хувьд улсын хэмжээнд тө­рөлжсөн нарийн мэр­гэжлийн, гуравдугаар шат­лалын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс ачаалал их тэр дундаа хөдөө орон нут­гаас ирсэн үйл­чүү­лэгчид ачааллыг хэт ихэс­гэдэг байна. Нэг болон хоёр­дугаар шатлалын эм­нэл­гийн тоног төхөөрөмж хан­галтгүй байдгаас иргэд манай эмнэлэгт ирж үйлч­лүүлдэг хэмээн тус эмнэлгийн даргын үүр­гийг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий ярьлаа. Мөн тус эмнэлгээр үйлчлүү­лэгчдийн 60-70 хувь нь заавал гуравдугаар шат­лалын эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байдаг ажээ. Нэг үйлчлүүлэгчийг дагаад дагалдан ирэгчид нь мөн зохиомол ачааллыг үүсгэдэг байна. Тиймээс улсын төв эмнэлгүүдийн ачааллыг хэрхэн буу­руулах, дүүргийн болон орон нутгийн эмнэлгийн чанар хүртээмжийг хэрхэн шийд­эж болох талаар эм­нэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, тархинд цус харвалтын эмчилгээг сүү­лийн жилүүдэд орхиг­дуулсан. Тиймээс цус харвалт их болсон байна. Жилд дунджаар 100 гаруй хүн энэ өвчнөөр нас бардаг. Эмч бэлтгэдэг сургалтын хугацаа нь урт, чанаргүй, сурах орчин нөхцөл муу, нийгмийн даатгалын тогтолцоо нь буруу байдгаас үүдсэн асуудал байдаг. Өвчтөнг хариуцсан эзэн гэж байдаггүй. Өвчтөн нэг газраас нөгөө газарт шил­жих явцдаа ямар нэгэн байдлаар хохирдог. Түү­нийг нь зохицуулсан ха­риуцлага гэж байхгүй. Иргэдийн өвчнөөс урьд­чилан сэргийлэх мэдээ мэдээлэл, ухамсар дутмаг. Өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгүүдтэйгээ улсын эмнэлэг уялдаа холбоогүй ажилладаг. Багц оношлогоог хөг­жүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь буруу байдаг зэрэг асуудлыг эмч нар хөндөж байлаа. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж болох талаар ерөнхий сайд эмч нарын саналыг сонссон юм. Улсаас эрүүл мэндийн даатгалд нь мөнгө төлдөг учраас иргэд эрүүл мэнддээ ан­хаардаггүй. Эрүүл мэн­дийн салбарыг зах зээлийн системд шилжүүлэх хэ­рэгтэй. Хувь хүн өөрийхөө эрүүл мэндийн төлөө то­дорхой хэмжээний мөнгө төлдөг байх ёстой гэдэг саналыг тус эмнэлгийн Зүрх судасны эмгэг суд­лалын клиникийн эрхлэгч Б.Батболд Засгийн газрын тэргүүнд хэлж байлаа.

Нэгдүгээр эмнэлэг нь 160 гаруй эмчтэй жилд 22 мянга гаруй хүнд үйлчилдэг байна. 260 хүн хэвтэн эмчлүүлэх стан­дарттай боловч өнөөдрийн байдлаар 540 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Мөн эмч нар хоёр ээлжээр буюу орой найман цаг хүртэл ажилладаг болсон гэнэ. Яаралтай тусламжыг чанартай түргэн шуурхай болгох үүднээс эрэмблэн ангилж эхэлжээ. Хүлээн авахаар ирж байгаа үйлчлүүлэгчдийг улаан, шар, ногоон, цагаан зэрэг кодоор ангилж 2-60 минутын хугацаанд үйл­чилдэг байна. Мөн яаралтай тусламжийн тас­гаас ирсэн үйлчлүүлэгч нараа ажиглалтын тасагт шилжүүлж онош нь гартал тухайн тасагтаа эмчилдэг болжээ. Эдгээр нь эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хийж эхэлсэн томоохон ажлууд юм байна.

Ерөнхий сайд нэгдүгээр эмнэлгийн эмч нартай уулзсан уул­залтынхаа төгсгөлд өндөр хөгжилтэй орнуудын даат­галын тогтолцоо хэрхэн хөгжсөн талаар судлах хэрэгтэй. Солонгост тухайн эмнэлэгт ирсэн үйлчлүүлэгчийг эмчилж чадах эсэх, тийм хэм­жээний үйлчилгээг үзүүлж чадах зэргийг нь тогтоодог үнэлгээний байгууллага байдаг. Манайд ийм тогтолцоо байхгүйгээс эрүүл мэндийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сан­гаас гарч байгаа сан­хүүжилтийг зөв зүйлд зар­цуулдаг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн бай­гууллага гарсан алдаа ду­тагдалтайгаа зууралдаж биш алдаанаасаа сургамж авч бай. Тиймээс шүүмж­лэлд эмзэглэх шаард­лагагүй. Болохгүй байгаа зүйлээ ярилцаад саналаа нэгтгэ. Ирэх долоо хоно­гоос гарсан саналуудад дүгнэлт хийнэ гэлээ. Мөн Солонгосын Засгийн газ­­­раас 55 сая ам.долларын онош­логооны төвийг ава­хаар болж байгаа тухайгаа энэ үеэр дуулгасан юм. Ингээд сайд Зүрх судас, Цус сэлбэлт, Ажиглалт, Дуран яаралтай тус­лам­жийн тас­гуудаар орж ажил байдалтай нь танилцлаа.

 

Энэ үеэр тус эм­нэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажийгаас зарим зүйлийг тодрууллаа. 

Н.Лхажий:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭЖ БАЙГАА ИРГЭН ТОДОРХОЙ ХУВИЙГ НЬ ӨӨРӨӨ ТӨЛДӨГ СИСТЕМ РҮҮ ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ

 

-Эрүүл мэндийн сал­барын суурь шинэчлэлийн ажил эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд танай эмнэлэг ямар ажил хийв. Ямар үр дүнтэй байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаал өнгөрсөн онд гарсан. Энэхүү тушаал нь иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх гэсэн утга санаатай байсан. Тиймээс манай эмнэлэг энэ хуга­цаанд олон ажлуудыг хийж эхэлсэн. Манай эмнэлгийн хувьд хүчин чадал ачаалал хоёрын тэнцвэртэй байдал алдагдсанаас ачаалал маш их байдаг. Гэсэн хэдий ч бид тусламж үйлчилгээг өөрсдийн бололцооны хэрээр үзүүлж байна.Эмч нар оройн найман цаг хүр­тэл хоёр ээлжээр ажил­лаж байна. Ингэснээр жилд 220 мянган хүнд үйлчилдэг болсон. Энэ нь хуучин үеэсээ 30 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн цахим бүртгэлээ анхан болон давтан үйлчлүүлж байгаагаар нь ангилан ялгаж үйлчилж байгаа. Иргэдээс санал хүсэлтийг нь авч түүнийхээ дагуу ажил зохион байгуулах. Хөтөч болон арга зүйч гэсэн ажлын байрыг шинээр болгосон. Энэ ажлын байр нь хүмүүсийг төөрч андуурч явахаас нь сэргийлж чиглүүлж өгдөг. Мөн арга зүйч сувилагч буюу иргэдэд эрүүл мэн­дийн мэдээлэл сургалт явуулах, эмийн танил­цуулга хийх юм. Энэ нь эмчийн ажлаас хөн­гөвчлөх ач холбогдолтой.

-Чанар аюулгүй байдал тал дээрээ хэрхэн анхаарч ажиллаж байна. Ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу зөв хүргэхэд нэг хэсэг нь ажилладаг бол  нөгөө хэсэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй хүргэх гэж ажилладаг. Үүний хүрээнд гар ариутгалын тухай бүрт нь хийсэн. Мөн бүх багаж хэрэгсэл нэг удаагийн болгож хамгаалалын хэрэгсэл болох бээлий зэргийг байнга хангаж байна. Бүх тасаг болон хонгилд гар ариутгалын цэнхэр спиртийг байр­луулсан. Хог хаягдлаа зөв ангилж аюулгүй байдлаар устгалд оруулах зэрэг ажлууд хийж байна.

-Танай эмнэлгээр үйлч­лүүлж байгаа ир­гэдийн 60-70 хувь нь заавал ирэх шаардлагагүй үйлчлүүлэгч нар байна гэсэн. Тиймээс ачаалал их байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Ерөнхий сайд өнөөдөр манай эмнэлэг дээр ирсэн гол асуудал энэ. Тэгэхээр нэг доор төвлөрч байгаа ачааллыг саа­руулах буюу шат шатанд нь хуваан байрлуулах юм. Манай эмнэлгээр үйлч­лүүлж байгаа иргэдийн ихэнх нь шатлал алгасч ирдэг. Аймгийн төвдөө тусламж авах бололцоотой иргэд наашаа ирж байна. Тиймээс эрүүл мэндийн системийн тогтолцооны өөрчлөлтийг хамгийн тү­рүүнд хийх шаардлагатай. Үүнийг хийхийн тулд төл­бөр тусламж үйл­чилгээгээр нь зохицуулж өгөх юм. Яагаад гэхээр нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж иргэдэд өгдөг даатгалын мөнгө ижил учраас иргэд аль болох сайн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү нь явдаг. Манай улсын эрүүл мэн­дийн систем нь социалист нийгмийн үеийнхээр байгаа нь хамгийн том алдаа болж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд үнэгүй байх ёстой гэсэн ойлголттой байдаг учраас иргэн өөрийн эрүүл мэндийн хариуцлагаа үүрдэггүй. Улсад тохдог. Тиймээс тухайн хүн өвдөхгүй тулд өөрт нь хариуцлагыг нь өгөх хэрэгтэй юм. Олон улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж байгаа бол тодорхой хувийг нь иргэн өөрөө төлдөг систем байдаг. Тиймээс энэ систем рүү манайх орох хэрэгтэй байна. Ингэж байж л энэ их хүний наашаа яваад байгаа урсгалыг зохицуулах юм. Мөн анхан болон хоёр дахь шатны эмнэлгийн эмчийн чадвар муу байгаатай холбоотой. Хүн очиж үйлчлүүлдэггүй учраас шинэ төгсөөд очсон эмч нь дадлагждаггүй. Эмч мэргэжлийн онцлог нь дадлагажиж турш­лагажиж мэргэжилтэн болдог.