Э.СОЛОНГО
Стандартчиллын үндэсний зөвлөл өнгөрсөн сард Амаржих газруудад хэрэглэж байгаа нярай хүүхдийн даавуун хэрэглэл, өлгийн стандартыг баталсан билээ. Гэвч шинэ стандарт амьдралд хэрэгжиж эхлээгүй л байна. Энэ стандарт бидний амьдралд үгүйлэгдэж байгааг үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар Нэхмэл сүлжмэлийн стандартчиллын дэд хорооны удирдлагууд онцолсон юм.
Р.Бадмаанямбуу: ЭЭЖҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ӨЛГИЙНИЙ СТАНДАРТЫГ МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ
Нярай хүүхдийн даавуун хэрэглэл, өлгийд стандарт батлахад хэд хэдэн байгууллага хамтран ажилласан аж. Тэдний нэг ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын чанарын сорилтын төвийн захирал Р.Бадмаанямбуугаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манайд нярай хүүхдэд хэрэглэдэг бүтээгдэхүүнтэй холбоотой стандарт хэр олон байдаг вэ. Саяхан батлуулсан даавуун хэрэглэл, өлгийний стандартыг та бүхэн хэрхэн судлав?
-Манай улсын амаржих газруудын нярай хүүхдэд хэрэглэж байгаа даавуун хэрэглэл, өлгийд стандарт байдаггүй. Янз бүрийн халдварт өвчин ихэсч, дэгдэж байгаа энэ үед ийм төрлийн стандарт зайлшгүй хэрэгтэй. Европын орнуудаас гадна Азийн томоохон гүрнүүд нярай хүүхдийн өлгий, даавууны стандартыг мөрддөг. Манайд 1986 онд баталсан ноосон болон хагас ноосон хөнжлийн стандарт л бий. Өнгөрсөн онд Нэхмэлийн хүрээлэнгийн багш, судлаачид амаржих газруудын нярай хүүхдэд хэрэглэж байгаа даавуун хэрэглэл, зах зээлд худалдаалж буй өлгийн иж бүрдэлд судалгаа хийсэн. Судалгаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эх хүүхдийн II дугаар амаржих газар, Орос өлгий гэх хаягтай борлуулах цэгүүдийг хамруулсан. Эмч нар болон эцэг эхчүүд худалдаж буй даавуу, өлгийний чанарт сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн. Мөн манай зах зээлд орос өлгий байгаа ч хуурамч өлгий илүү их байгаа нь тогтоогдсон юм. Бид судалгааны дүнд хүүхдийн даавуун хэрэглэл, өлгийний стандартыг боловсруулж, баталж, мөрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
Ингээд 10 гаруй хоногийн өмнө Стандартчиллын үндэсний зөвлөлөөр “Амаржих газарт нярай хүүхдэд хэрэглэх даавуун бүтээгдэхүүн. Техникийн шаардлага”, “Хүүхдийн өлгий. Техникийн шаардлага” гэсэн хоёр стандартыг батлууллаа.
-Бид стандартгүй өлгийг нярай хүүхдүүддээ олон жил хэрэглүүлжээ. Үүний сөрөг нөлөө юу байсан бол?
-Нярай хүүхдийн өлгийг цэвэр хөвөн даавуу болон ноосоор хийдэг. Гэтэл манайд ихэвчлэн нийлэг ширхэгтэй, түүний хольцтой даавуун өлгийг ихэвчлэн хэрэглэж байна. Манай амаржих газруудын нярай хүүхдийн даавуун хэрэглэл, өлгий эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгаа. Мөн импортоор орлуулж ирж байгаа бүтээгдэхүүнд тавих хяналт сул байгаагаас нярай хүүхэд арьсны харшил, хорт хавдартай болох аюул бидэнд ойрхон байна. Нэхмэлийн хүрээлэнгийн сорилт, эрдэм шинжилгээний лабораторид хийсэн шинжилгээгээр бага насны хүүхдийн өмсөж байгаа хувцаснаас хорт хавдар үүсгэх бодис илэрсэн. Манайд импортоор, ялангуяа урд хөршөөс орж ирж байгаа зарим хүүхдийн хувцсанд химийн хорт бодис стандартад заасан хэмжээнээс ихээр агуулагддаг нь тогтоогдсон. Эдгээр бодис хүүхдийн арьс, шүлсээр дамжин харшил, хорт хавдар үүсгэх магадлал өндөр байдгийг эрдэмтэд нотолсон шүү дээ. Нялх хүүхэд аливааг амаараа мэдэрдэг болохоор хувцсаа байнга хазах, үмхэх үйлдэл хийж байдаг. Энэ үед хорт бодис биед шууд нэвтэрдэг. Гэтэл Европын орнуудад Экотекс 100 стандартыг өргөн хэрэглэж, хорт бодисын шинжилгээ хийсэн хувцсанд аюулгүйн баталгаажуулалтын тэмдэг тавьж, хэрэглэгчдийг хамгаалж байна.
-Урд хөршөөс орж ирсэн хүүхдийн хувцасанд их хэмжээний химийн бодис агуулагдаж байгаа гэлээ. Үүнийг хэрхэн мэдсэн бэ?
-Монголд нэхмэлийн ширхэгт материал, хувцсанд чанар, аюулгүйн шинжилгээ хийдэг хөндлөнгийн мэргэшсэн лаборатори Нэхмэлийн хүрээлэн бий. Тус лабораторид шинжлүүлсэн бага насны хүүхдийн дотуур хувцас, оймсноос хорт хавдар, харшил үүсгэх бодис зөвшөөрсөн хэмжээнээс 2-3 дахин их байсан нь илэрсэн.
-Хүмүүс хүүхдийнхээ хувцсыг ямар стандарттай байдгийг мэддэггүй. Үүнийг мэдэх энгийн жишээ юу вэ?
-Хэрэглэгчид хувцсанд хорт бодис байгааг шууд мэдэх боломжгүй. Үүнийг лабораторийн шинжилгээ хийлгэсэн эсэх, шошгон дээр чанар аюулгүйн тэмдэгтэй эсэхийг харж үнэлэхээс аргагүй. Тухайлбал, залгиур хоолой, цусны хорт хавдар үүсгэгч формальдегид хэмээх бодисыг хувцасыг үрчийх, агших, ус нэвтрэх, цахилгаанжихгүй байх зорилгоор даавуунд хэрэглэдэг. Зарим хувцаснаас өмсөх болон угаах үед будаг ихээр гардаг. Будаг өөрөө химийн бодис. Ер нь химийн бодисын орц зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрч байвал арьсны харшил, цаашлаад хорт хавдар үүсгэх нөхцөл бүрддэг. Ээжүүд хүүхдийнхээ өлгий, хувцас ямар стандартай байдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ төрлийн мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байна.
БЯЦХАН ҮРСИЙН ӨЛГИЙНИЙ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЬЕ
Хүний орчлонд дөнгөж мэндлэнгүүтээ арьсыг нь загатнуулдаг, хөлөргөдөг гээд таагүй орчноор угтуулдаг бяцхан үрс минь өлгийн стандартай болоод 10 гаруй хонож байна. Гэхдээ энэ стандарт бидний, тэдний амьдралд хэрэгжиж эхлээгүй. Ямарч байсан холбогдох албан тушаалтнууд хуралдаж өлгийний стандартыг баталлаа. Аливаа стандартыг хэрэгжүүлэхдээ хойрго манайхан хэзээ үүнийг амьдралд ашиглахыг таашгүй. Харин энэ стандартыг хангасан бүтээгдэхүүн хийх түүхий эд манайд хангалттай байгааг Ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн хүрээлэнгийн удирдлагууд хэлж байна. Мөн түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадал ч байгааг тэд онцолсон. Харин урд, хойд хөршөөс орж ирсэн нийлэг өлгийнөөс өртөг өндөр аж. Хөвөн даавууг манайд үйлдвэрлэдэггүй учраас импортын даавууг хэрэглэхээс өөр аргагүй. Гол нь хөвөн ба нийлэг ширхэгтийн хольцтой бус 100 хувийн цэвэр хөвөн даавуу байх шаардлагатай юм байна. Гэхдээ хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, Монголын хүүхдүүд стандарттай хувцас
хэрэглэж заншихад томчуудын хувь нэмэр чухал байгааг Стандартчиллын үндэсний зөвлөлийн гишүүд сануулсан. Нярай хүүхдэд хялгасыг нь ялгасан хонины ноосон нэхмэл өлгий, цагаан, цайвар өнгөтэй, хөвөн нимгэн даавуу байхыг тогтоосон. Стандартын хэрэгжилтэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоо чухал. Тиймээс лабораторийн сорилт шинжилгээгээр баталгаажсан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, нийлүүлэхийг дэмжих аргаар хүүхдүүдийг хамгаалах зохицуулалт хэрэгтэйг эмч нар хэлж байгаа юм. Харин үйлдвэрлэгчид нярай хүүхдийн даавуун хэрэглэлийг баталсан технологийн дагуу үйлдвэрлэж, худалдах, худалдан авахдаа стандартыг баримтлах нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангана гэдгийг стандарт баталсан мэргэжилтнүүд анхааруулсан.