Э.ОРХОН
Хальтиргаа гулгаанаас болж гэмтэл, бэртэл авч байгаа иргэдийн тоо эрс өсч байгаатай холбогдуулан саяхан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал ГССҮТ-д болсон. Хурлаар ГССҮТ нь хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгааг тус эмнэлгийн удирдлагууд болон эмч нар ярьж байлаа. Тиймээс гэмтлийн эмнэлгийн ачааллаас Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд үүрэх боломж бий эсэх талаар эмч нар санал солилцсон юм. Энэ үеэр Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Х.Болороогоос дараах зүйлийг тодрууллаа
-Шинэ он гарсаар хальтиргаа гулгаанаас болж гэмтэл бэртэл авсан 1000 гаруй иргэн байна. Танай дүүрэгт гэмтэл бэртэл хэр гарч байна вэ?
-Багануур дүүрэг алслагдсан, хүн ам багатай дүүрэг хэдий ч томоохон хэмжээний осол гэмтлүүд их гарч байсан. Уурхайн тект дамжлага дэлбэрч олон хүн гэмтэж байсан. Мөн этилийн спирт болон аммиакын хордлогод олон хүн хордсон зэрэг олон осол, гэмтлүүд гарч байсан. Одоо бол зүүн бүсийн машин зам дамжин өнгөрдөг учраас олныг хамарсан машины осол нэлээд гардаг. Тийм учраас энэ ажилд ГССҮТ-тэй нэлээд хамтарч ажилладаг. Он гарсаар хальтиргаа гулгаанаас болж бэртсэн найман хүн байна. Осол гэмтлийн шалтгааныг судлаж үзэхэд архидан согтуурсантай холбоотой байна. Архидан согтуурсантай холбоотойгоор гэмтэл бэртэл авсан тохиолдолд тусламж үйлчилгээний зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт өгдөггүй. Тиймээс эрүүл мэндийн байгууллага санхүүгийн хувьд хохирох тал байдаг. Дүүрэг осол гэмтлээ хүлээж авдаг, осол гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулна гэдэг нь зөв асуудал. Яагаад гэхээр ГССҮТ-д төвлөрөл үүсч байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс хүмүүс энэ эмнэлэгт ирдэг. Энэ нь иргэд, эмнэлгийн чанар хүртээмжид муугаар нөлөөлж байгаа юм. Тиймээс жижиг асуудлаа орон нутагтаа, хүндэрсэн тохиолдол гуравдугаар шатны эмнэлэгтээ шилжүүлдэг болох хэрэгтэй. Ингэснээр тусламж үйлчилгээний чанар сайжирах, хөрөнгө мөнгө багасах ач холбогдолтой юм.
-Гэмтэж бэртсэн иргэдээ заавал ГССҮТ-рүү явуулахгүй тэнд нь эмчлэх боломж бий юу?
-Өнгөрсөн онд манай эмнэлэгт гэмтэл бэртлийн 280 гаруй тохиолдол ирсэн. Хүлээн авахын тасаг маань 900 гаруй хүнд шархны анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн. 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүнээс хүнд хэлбэрийн 54 тохиолдлыг Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Орон нутагтаа гэмтлийн шалтгаантай долоон мэс заслыг хийсэн. Тиймээс манай эмнэлэг анхан шатны гэмтлийн тусламжийг байнга үзүүлдэг. Зарим тохиолдолд гуравдугаар шатны тусламжийг хүртэл үзүүлдэг. Энэ асуудлыг улам боловсронгуй болгох үүднээс тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл гэмтлийн эмнэлгийн ачаанаас үүрэх бүрэн боломж бий. Зайлшгүй тохиолдолд Гэмтлийн эмнэлэгт шилжүүлж байгаа гэмтлүүд нь тархи болон мөчний гэмтэл байдаг.
-Гэмтлийн анхан болон гуравдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадварын хувьд ямар байна?
-Манай эмнэлэгт нарийн мэргэжлийн мэс заслын дөрвөн эмч ажиллаж байгаа. Нэг эмч нь мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн байна. Дадлага туршлагатай, мэргэшсэн эмч нарын баг ажиллаж байгаа. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой.