Э.ОРХОНСҮРЭН
Эрүүл мэндиaйн сайд Н.Удвал салбарын суурь шинэчлэлийн хүрээнд гарсан тушаал шийдвэр, ажлын явцтай танилцахаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Орхон аймаг ажиллах үеэр нь Эрдэнэт хот дахь Хангайн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дарга М.Баттүвшинтэй ярилцлаа.
-Эмнэлгийн байгууллагын хүнд суртал, хүлээгдэл чирэгдэл иргэдийн бухимдуулах болсон. Хангайн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хувьд ачаалал хэр байна вэ?
-Аймгийн нэгдсэн эмнэлэг байж байгаад 2009 оноос Бүсийн оношлогоо эмчилгээний төв болсон. Хөвсгөл, Булган аймгийн бүх сум Сэлэнгэ аймгийн хоёр сумын иргэдэд эмнэлгийн хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг байхаар харьяалуулсан. Гэсэн хэдий боловч бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх нь бага байдаг. Учир нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум бүү хэл наад захын Тариалан сумаас иргэд ирж үйлчлүүлдэггүй. Харин Эрдэнэт хотын ойролцоо байдаг Булган аймгийн зургаа, Сэлэнгэ аймгийн хоёр сумын иргэд түлхүү үйлчлүүлдэг. Эдгээр иргэдийн яаралтай тусламж, төрөлт, хүүхдийн өвчлөл, оношлогоо манайд хийгддэг. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа өөр аймгийн иргэдийн тоо сүүлийн зургаан жил байнга өсч байна. Тиймээс бүс нутгийн гэхээсээ илүү газар зүйн байрлалынхаа хувьд үйлчилгээ үзүүлж байна.
БОЭТ болсноос хойш томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй. Харин улсын болон орон нутгийн төсвөөс нэн шаардлагатай, тулгамдсан асуудлыг шийдэх барилга засвар, дэд бүтэц зэрэг засваруудыг хийсэн. Тоног төхөөрөмжийн хангалт нь ихэвчлэн төсөл хөтөлбөр, Олон улс болон буяны байгууллагын хандив тусламж байна. 2012 онд орон нутгийн төсвөөс 204 сая төгрөгийн, улсын төсвөөс 250 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилт хийгдсэн. Гэхдээ манай эмнэлгийг Бүсийн хэмжээний оношлогоо эмчилгээний төв болгоход 10 гаруй тэрбум төгрөгөөр наад захын багаж хэрэгслийг авах шаардлагатай байгаа юм.
Мөн сүүлийн үед явуулын буюу бүртгэлгүй иргэд нэмэгдсэн. Аймгийн нийт хүн ам 90 гаруй мянга гэдэг боловч эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байдаг. Улсын хэмжээнд өндөр төрөлттэй аймгуудын тоонд ордог. Энэ жил 2500 гаруй эх амаржснаас 400 нь өөр аймаг, сумын буюу бүртгэлгүй явуулын иргэд байдаг. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын төсөв нь тухайн аймагтаа төсөвлөгдсөн байдаг. Гэтэл Эрдэнэт хотын иргэдэд төсөвлөсөн мөнгөнөөс өөр аймгийн, түр оршин суугчын зардал нь ачаалал үүсгэж байна. Даатгалын байгууллагаас дээрх асуудлыг дэмжиж сүүлийн хоёр жил тодотгол олгож байсан боловч өнгөрсөн жил энэ тодотгол хийгдээгүй. Тиймээс өнгөрсөн онд манай эмнэлэг 500 гаруй сая төгрөгийн давсан гүйцэтгэлтэй ажилласан. Энэ нь зөвхөн хүмүүст үйлчлээд гарсан зардал. Гэтэл үүнийг санхүүжүүлэх эх үүсвэргүйгээс бид өртэй гарч байна.
-Одоо тэгвэл бодлогын хувьд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ?
-Ачаалал, үйлчилгээнд нь тохирсон бодит санхүүжилтыг хийх хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газраас гурван үе шаттай бодлого гаргасан. Үүний дотор суурь шинэчлэлийн хүрээнд хийх томоохон ажил нь бодит өртөг зардалд нь суурилсан санхүүжилтыг олгоно гэсэн байгаа. Ямар хэмжээний тусламжийг ямар хэмжээнд үзүүлэх гэж байгаа нь чухал. Жишээ нь, эмзэг, ядуу буурай орны хэмжээнд юм уу өндөр хөгжилтэй орны хэмжээнд тусламж үзүүлэх гэж байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Иргэд ямар ч үед дээд хэмжээний үйлчилгээг хүсдэг. Тиймээс өртөг зардлыг тооцоод ирэхээр тодорхой ахиц гарах байх.
-Эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ ямар байна. Гарч байгаа хүндрэл бэрхшээл?
-Орхон аймгийн БОЭТ нь 505 ажиллагсадтай. Гурван жилийн өмнө 380 орчим ажилчинтай байсан. Үйлчилгээний ачаалал нэмэгдэж байгаа учраас орон тоо зайлшгүй нэмэгдэж байна. 720 орчим хүн ажиллаж байж иргэд сэтгэл ханамжтай үйлчлүүлэх боломжтой. Зөвхөн тариа хийдэг сувилагчыг орон тоонд боддог. Гэтэл тухайн хүнд асаргаа сувилгаа хийх, үйлчилгээ үзүүлэх, тухайн хүнд цаг зарцуулдаг сувилагчын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Дотрын тасагт өвлийн улиралд 70 гаруй өвчтөнд хоёр сувилагч үйлчилдэг. Тэгэхээр сувилагч зөвхөн тариагаа хийж амжиж байна. Гэтэл өвчтөн оношлогоо шинжилгээнд явуулах, ор дэрийг нь засч өгөхөөс эхлээд өөртэй нь харьцахыг хүсдэг. Нэмэлт үйлчилгээ муу байгаа учраас иргэд сэтгэл ханамжгүй байна. Тиймээс энэ орон тоог батлахын тулд бодлого шаардлагатай байна.
-Чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын хүрээнд ямар ажлууд хийж байна. 2013 онд хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулаач?
-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу чанар аюулгүй байдлын зөвлөлөө байгуулсан. Чанарын тухайн эмнэлгүүд, эрүүл мэндийн салбар олон жил ярьж байгаа. Манай байгууллагын хувьд 2012 оныг чанар аюулгүй байдлын жил болж байсан. Энэ онд ч гэсэн энэ асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Чанар, аюулгүй байдлын талаар хийхээр төлөвлөж байсан ажлуудаа үргэжлүүлээд хийнэ. Хамгийн гол нь эмнэлгийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хувь хүний хөрөнгө шаардагдах ажил, хувь хүн, эмнэлгийн мэргэжилтэн өөрөө хичээх гэсэн хоёр төрлийн асуудал байдаг. Тиймээс ч энэ талаар өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байгаа. Одоо эмнэлгийн байгууллага хувь хүний хийх ажлуудыг хийж байна. Тиймээс энэ ажлыг журмаар зохицуулах, хуучирсан бодит байдалд нийцэхгүй болсон журмыг шинэчлэх, шинэ стандартуудыг нэвтрүүлэх ажлуудыг жижиг гэлтгүй хийж эхэлсэн.