Э.БЭРЦЭЦЭГ

Сүүлийн үед халдварт шар өвчний тархалт эрс нэмэгдсэн талаар мэргэжлийнхэн ярьж байна. Бага насныхан дунд А гепатит буюу халдварт шарын өвчлөл их байгаа аж. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар авч үзэхэд улсын хэмжээнд уг өвчнөөр 8000 гаруй хүн өвджээ. Өвчлөгсдийн 80 гаруй хувийг 0-14 насны буюу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд эзэлж байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд, өвчний тархалт ихтэй зарим аймгийн хүүхдүүдэд халдварт шарын эсрэг дархлаажуулалтын вакцин хийхээр болсон. Энэ тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан, тархвар судлаач эмч Б.Энхцэцэгтэй ярилцлаа. 

 

-Сүүлийн үед халдварт шарын өвчлөл их байна. Танай аймгийн хувьд энэ жил өвчлөл хэр байна. Ер нь энэ өвчний дэгдэлт их байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Манай аймгийн хэм­жээнд өнгөрсөн оны байд­лаар 240 гаруй тохиолдол илэрсэн. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 16,1 хувиар буурсан үзүү­лэлттэй байгаа юм. Гэхдээ энэ нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт.  А гепа­титын өвчлөл нь бага нас­ны­ханд, сургууль цэцэр­лэгийн хүүхдүүд дунд элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл, 0-14 насанд их байдаг. Манай аймагт ч гэсэн 0-14 насны хүүх­дийн өвчлөл насанд хү­рэгч­дийхээс илүү хувийг эзэлдэг. Ер нь сүүлийн жилүүдэд халдварт шарын өвчлөл нэмэгдэж байгаа нь хэд хэдэн хүчин зүйл­тэй холбоотой. Нэгдү­гээрт, сургууль, цэцэрлэ­гийн хүүхдүүдийн нягтрал их, хүмүүжиж байгаа ор­чин нь эрүүл ахуйн шаард­лага хангахгүй байна. Хоёрдугаарт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, эрүүл ахуйн дадал эзэмшээгүй, ариун цэвэр муу байна. Мөн орчны бохирдол ч бас их нөлөөлж байна. Манайхан хогоо ил хаяж байгаа нь байгаль орчин, хөрсийг их бохир­дуулж байна. Үүнээс болж шар өвчин үүсч байна.

-Бага насныхан тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдийн дунд энэ өвчний тархалт ихэссэнээс хот, хөдөөд эмнэлгийн ачаалал нэмэгдэх явдал цөөнгүй тохиолддог. Үүнээс болж халдварт шарын эсрэг вакциныг  нийслэлд болон тархалт өндөртэй зарим аймагт хийж байгаа. Дархан-Уул аймгийн хувьд дархлаажуулалт хэдэн хувьтай явж байна вэ? 

-Дархан-Уул аймгийн гурван сумын таван өр­хийн эмнэлгийн дархлаа­жуулалтын кабинетаар дамжуулан 0-14 насны хүүхдийн 25 хувьд  дарх­лаа­жуулалтын үйл ажил­лагааг зохион байгуулж хийдэг. Энэ жилийн байд­лаар А гепатитын вакци­ныг есөн хүүхдийн бай­гуул­лагын 5000 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Одоогийн байдлаар эдгээр хүүхдүүдийн 90 орчим хувь нь вакциндаа хамраг­даад байна.           

Манай аймгийн давуу тал нь өнгөрсөн жилээс эхлээд А гепатитын маркер  хийдэг болсон. Энэ нь онош тогтоолт  100 хувь баталгаатай болно гэсэн үг. Тиймээс зөвхөн биохимээр үзүүлэлт нь ихсэх, багасах гэж ярих­гүй­гээр маркер тодорхой­лоод ирэхээр 100 хувийн оношийн баталгаажсан тогтоолтоор хийгдэж бай­на. Энэ удаагийн дархлаа­жуулалт аймгийн төв болох Дархан сумын есөн хүүхдийн байгууллагад хийгдэж байгаа.      

-Улсын хэмжээнд өвч­лөгсдийн 80 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэр утгаараа энэ дархлаажуулалтын вакци­ныг үнэ төлбөргүй хийж байгаа. Эцэг эхчүү­дийн хүүхэддээ анхаарал хан­дуулах, дархлаа­жуу­лал­тад идэвхтэй хамрагдах хандлага хэр байна?

-Бид  Агепатитын эсрэг дархлаажуулалтын  вакциныг  хийхийн өмнө Эрүүл мэндийн  газрын даргын тушаалын дагуу Боловсрол соёлын газар­тайгаа хамтраад өвчлөл өндөртэй, өвчин голом­толж гарсан  сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс  албан ёсны зөвшөөрлийг нь ав­сан. Тийм болохоор  эцэг, эх нь татгалзсан болон шарласан, халуурсан хүүх­­дэд хийгээгүй. Эрүүл мэндийн сай­дын тушаа­лаар тархвар судлын заал­тын дагуу хувиарласан хүүхдүүддээ үнэ төлбөргүй хийж бай­гаа. Дархлаажуу­лалтын дараах урвал хүнд­рэл одоогоор гараагүй байна 

-Өмнө нь шарлаж бай­сан хүүхдүүд энэ  вакцинд хамрагдаж болох уу?.

-Бидэнд  ирсэн заавар зөвлөмжийн дагуу ямар эсрэг заалттай байна вэ гэхээр халуурсан буюу ямар нэгэн байдлаар томуу, томуу төст өвчинтэй хүүхдэд хийхгүй байх, энэ вакцины найрлагад орсон өндгөнд харшилтай хүүх­дэд хийхгүй. Мөн нэмэл­тээр шарлаад дархлаа тогтсон хүүхдэд хийхгүй гэсэн зааварчилгааг  өг­сөн. Тиймээс  ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч нар судалгаагаа гаргахдаа тухайн хүүхдүү­дээ хасч тооцсон.

-А гепатитын эсрэг  вакциныг ямар хугацаанд, ямар давтамжтай хийх ёстой юм бэ. Одоо тариул­сан хүүхдүүд ирэх жил дахиад тариулах шаард­лагатай юу?

-А гепатитын  вак­цины нэг тун нь 5-8 жилийн дархлаа тогтооно гэсэн заавартай. Тиймээс зөв­шөөрөл авч байгаа нь ту­хайн вакцины ач холбогдол болон танай хүүхдийг хэр­хэн хамгаа­лах, үүнийг хийл­гэснээр ямар үр дүн­тэй байх вэ гэдэг мэдээл­лийг багш нараар нь дам­жуулан эцэг, эхчүүдэд өгч байгаа юм.  Өөрөөр хэлбэл,  эх­чүү­дийн сонголтоор хийг­дэж байна. Вакцин хийл­гэсэн хүүхдийн А гепати­тын эсрэг дархлаа 5-8 жил тогтох юм. Энэхүү вакцин нь тархвар судлалын заалтын дагуу хийгдэж байгаа учраас өвчлөл голомт нь гарсан сургууль, цэцэрлэ­гийн 14 хүртлэх насны хүүхдийг сонгон хийж байгаа.

-Халдварт шарын өвч­нийг бид бохир гарын өвчин гэдэг. Магадгүй, зарим эцэг, эхчүүд энэ талын тодорхой мэдээлэл­гүй яваа байж болох юм. Тиймээс А гепатитаар өвдсөн тохиолдолд  ямар шинж тэмдэг илрэх вэ. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Шарласан хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдаж унтамхай болдог. Том хүний хувьд мөн адил. Хоёрдугаарт, ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг буюу хоолонд дур­гүй болж, огих бөөлжих, ходоод, аюулхай орчим хатгаж, базалж өвдөнө. Бага насны хүүхэд ихэвч­лэн гэдэс өвдөөд байна гэдэг. Гуравдугаарт, шар­лал­тын шинж тэмдэг буюу арьс нэлэнхүйдээ шарлах, нүдний цагаан шар туяа­тай болох зэргээр илэрдэг. Шарлалт нь тухайн хүний биеийн байдлаас болоод үл мэдэг эсвэл бүр тод ногоон шар байж болно. Мөн өт­гөн цайвар өнгөтэй болж, шээс өтгөрдөг.

-Судалгаанаас харахад энэ өвчний тархалт Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, Улаан­баатарт өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн гэх мэдээ байсан. Тийм болохоор та ярилцлагынхаа төгсгөлд энэ өвчнөөс сэргийлэх энгийн зөвлөгөө өгөөч?

-Хүн бүхний мэддэг энгийн зүйлийг хийж заншвал халдварт өвчнийг 30 хувь бууруулж чадна. Гараа тогтмол угааж занших хэрэгтэй. Халдварт шар өвчин бохир гар, ахуйн халдвар, бохирдсон ус, хоол хүнсээр дамждаг. Гараа тогтмол угаах , буцлаагүй ус уухгүй байх нь халдварын эсрэг том хамгаалалт болно. Мөн бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, нэг хувийн хлорамины уусмалаар халдваргүй­жүүлэх нь зөв. Энэ бүх зүйлийг өдөр тутмын амьд­ралдаа мөрдөж, хэрэг­жүүлж чадвал өвчин тусах эрсдлийг тодорхой хувиар бууруулж чадна.