С.ЗЭВСЭГ
Хэдхэн жилийн өмнө О.Магнай хэмээх нүдэнд дулаахан хүү улс төрийн тавцанд гэнэт гарч гудамжны хөдөлгөөний томоохон зохион байгуулагчдын нэг болж байлаа. Түүнийг хүмүүс ингэж л таньдаг болсон. Тэр тэмцэж явахдаа сайн үйл бүтээх гэж бас бус асуудалд ч холбогдсон байх. Лав л “Ганц худаг”-т цөөнгүй хоног “тухлах” шиг болсон. Харин хэсэг хугацаанд чимээ алдарсан О.Магнай 2012 оны эцсээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргаар томилогдов.
Шинэхэн дарга иртэй, зоригтой сайхан харагдаж байв. Тэр ард иргэд, хэрэглэгчдийн төлөө цогтой тэмцэгч болохоо харуулахаар ажлаа сүрхий дуулиантай, чанга дуутай эхэлсэн. Орой болгон шахам хэвлэлийн хурал хийлгээд л. “Ард түмнийхээ эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ажиллана. Хэрэглэгчдийг хохироодог шударга бус нөхөдтэй хатуу ярина. Шалгана, торгоно, эрхийг нь хасна, шүүхэд өгнө, шоронд хийнэ” гээд юуны түрүүнд “Үгсэн хуйвалдаж нефть бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн импортлогчидтой хатуу тооцоо хийнэ. Ганцаараа монополдож монголчуудыг олон жилийн турш хохироож байгаа “Мобиком” зэрэг үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг компаниудтай ч ажиллана. Юу ч хийдэггүй атлаа оршин суугчдыг шулдаг Сууц эзэмшигчдийн холбоо түүний гар хөл бологчдыг шалгана. Зөвхөн иргэдийнхээ төлөө ажиллана. Гаргасан шийдвэр, өгсөн үүрэг биелүүлээгүй, төрийн хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авна. Тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг зогсооно” гэсэн агуулгатай мэдэгдлүүдийг хийж байлаа. Хамгийн гол нь энэхүү чихэнд чимэгтэй, гэхдээ сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд хэр баргийн хүний амнаас багтаж гараагүй үгийг чанга дуугаар хэлж байснаараа онцгой. Тэгэхдээ бүр өнөө цаг дор Монголын ард түмний толгой дээр сандайлж Монгол Улсын хувь заяаг энэрэлгүй хатуу гараараа атгаж байгаа асар том эрх ашгуудыг хөндөж байснаараа содон соргог байв. Олон түмэн ч “Ёо, ашгүй дээ муу О.Магнай. Бидний төлөө ийм сайхан үг хэлж зүрхэлдэг хүн энэ ертөнцөд байдаг юм байна. Одоо л нэг дарлагдсан, ядарсан, хоосорсон үй олны нуруу тэнийх нь. Ямар буянтай хүний үр вэ. О.Магнайг минь төрийн сүлд өршөө” гэж баярлан дуу алдацгааж байсан. Тэр үеийн хэвлэлийн хурлын үеэр илүү үгтэй нэгэн сэтгүүлч О.Магнай даргаас “Та нөгөө үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр үнээ нэмж ард түмэн, улс орныг хохироож байгаа нефть импортлогч компаниудыг торгосон 17 тэрбум төгрөгийг тэднээс гаргуулан авч чадах уу” гэхэд “Чадна. Ард түмнийг хохироосон. Жирийн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчсөн хэнд ч арга хэмжээ авч чадна. Хууль гэж юу байдгийг ойлгуулна. Тэгж чадахгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар гэж байхын хэрэг юу билээ” гэсэн утгатай үгийг итгэл төгс, омог бардам хэлэхийг харсан хэн ч “Энэ чинь яасан хийморьтой хүү вэ. Сүүлийн үед нэн ховордсон тун дорвитой дарга байна. Ажил хэрэгч, цэгц шударга ажиллахын үлгэр болох нь. Энэ зоригтой зоримог хүүгийн “Өглөө хазаар...”-ын эрч хүч оройдоо саарахгүй байгаасай хэмээн ерөөж суусан нь мэдээж.
Гэвч О.Магнай даргын тэр сайхан яриа, санаа бодол өнөө цагийн хулхи ардчиллын хүйтэн салхинд цохиулж, түүний хүсэл тэмүүлэл, хийж бүтээх урам зориг харамсалтайгаар сааралтаж байгаа юм биш үү гэсэн бодол олон түмнийг ээрэх болов. Сүүлийн хоногуудад О.Магнай даргын эрмэг зоримог дуу хоолой бүдгэрэн сонсогдохгүй болж, гэнэн хөөрхөн дүр нь бараг харагдахаа байх шиг. Энэ бол шуудхан хэлэхэд харамсал. Ганцхан сэжүүр дурдахад монголчуудын олонхийн нуруун дээр ханхалзаж суудаг нефтийн бүтээгдэхүүн импортлогч толгой хэдэн компанийг О.Магнай хүү битгий хэл Монголын төр, засаг дийлдэггүй нь ардчиллын гэх хорь гаруй жилд тов тодорхой харагдсан. Тэд үе үеийн Засгийн газрыг эрхшээлдээ оруулж, бараг л хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байдаг гэхэд хилсдэхгүй байх. Тун ойрын нэгэн баримт гэвэл Шинэчлэлийн Засгийн газар хэмээх гоё нэртэй өнөөгийн гүйцэтгэх засаглалынхан, тэдний өмнө хүлцэнгүйгээр толгой бөхийж “Хүмүүсийн амьдрал хүндэрлээ. Үнийн өсөлт хэрээс хэтэрлээ, инфляцын төвшин хурдтай өсч байна. Иймд та нар минь нефть бүтээгдэхүүнийхээ үнийг одоо байгаагаас нэмэхгүй байгаач. Бид та нарт, ард түмнээс татаж цуглуулсан хэд гурван төгрөгөөсөө маш бага хүүтэй зээл өгъе” хэмээн уруул дэвсэж 93 тэрбум төгрөг тараасан. Гэтэл цаадуул нь тэрхүү хөнгөлөлттэй зээлийг нь авсаныхаа дараа төдхөн “Оросууд үнээ нэмэх гээд байна” гэсэн шалтаг зааж мөнөөх О.Магнай даргын нэр нэгт “Магнай” компани магнайлсаар эхлээд 50, маргааш нь 50 төгрөг гэсээр өнөөдөр 100 төгрөгөөр нэмчихээд, гудамжаар хальтиран бэдэрч, бөглөрөн түгжирч, утаанд бахардан тарчилж яваа олныг тансаг харшийнхаа цонхоор хараад “Та нар ингээд торгож, арга хэмжээ авч бай” гэх маягаар доогтойхон тавлаж суух шиг. Хүний шунал тачаалд хязгаар байдаггүй учир тэд мөдхөн Засгийн газраас “Хөөе та нар 93 тэрбумыг хүүгүй шахам өг” гээд, нөгөөдөр нь “103 тэрбумыг зүгээр өг” гэж дарамтлахаас сийхгүй хүмүүс. Харин дуу нь цангинаж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрынхны хоолой сөөнгөтөн улам л бүдгэрч, О.Магнай даргын минь чанга дуу, их зориг, цайлган мөрөөдөл “Өглөө хазаар орой ташуур...” гэгч болж байна. Дээр хэлсэнчлэн Магнай даргын хэвлэлийн хурал хийлгээд гялалзаж явсан сэрэглэн цовоо байдал, гэнэн хөөрхөн дүр бараа харагдахаа больж буй нь “Хүчитний дэргэд хүчгүй нь хөөрхий...” гэдэг болсон юм болов уу. “Магнай даргын минь тэргүүнийг чухам хэн гээч нь ийнхүү манаруулж, дүйрүүлж орхив. Тэр их эрмэг зориг, цог хийморь ийм богинохон настай байлаа гэж үү” хэмээн халаглах хүн ч цөөнгүй тааралдах юм.
О.Магнай даргын толгой манарч, зориг мохож, сэтгэл итгэлийн гал ийнхүү унтрахад, өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, гагцхүү хүний хийснийг боломжийн арга замаар авчирч, ард иргэддээ элдвээр нээнтэглэн тулгаж өгдөг импортлогч хэдхэн том байгууллагын “хайр энхрийлэл” нөлөөлсөн ч юм билүү хэн мэдлээ. Бараг л “Монгол орон, монголчуудыг тээж тэвэрч, тэжээж тэтгэж байгаа, тэгээд өөрсдөө их зовж зүдэрч яваагаа уйлагнан улигладаг энэ хэдэн компанийн том эрх ашиг Монгол Улс өөртөө газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох гэсэн мөрөөдөл оролдлогод өнөө хүртэл саад тээг болсоор байгаа. Олон жилийн өмнө Дорнодын талд нефть гарлаа л юм болсон. Ард олон ч ёстой магнай тэнийн баярласан. Ямартаа л хээгүй гүдэсхэн Ерөнхийлөгч минь хагартлаа баярлаж байгаагаа сайхан цагаан дээлийнхээ энгэрийг нэлд нь нефтээр будаж илэрхийлхэв. Гэнэн цагаахан монголчууд “Хөөрхий муу Ерөнхийлөгч минь биднийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн хүн юм.
Сайхан цагаан дээлээ, муу өмхий хар тосоор будатлаа баярлаж байна. Халуун эх орон ч, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, улс орон ард түмний жинхэнэ билэг тэмдэг гэдэг энэ П.Очирбат юм. Одоо манайх ойрын тав арван жилд дотооддоо бензин үйлдвэрлэдэг болох нь” гээд л баярын нулимсаа мэлмэрүүлж суусан өдөр, түүх болон холдож харин олсон жаахан нефтиэ урд ах уруу өдөр шөнөгүй зөөсөөр. Одоо бараг дуусч байгаа биз. Тэгээд ч манай шинэ цагийн мэргэн удирдагчдын толгойд “Хойд ахыг олон жил царайчиллаа. Нэг л их олон ижил загварын орон сууц, сургууль цэцэрлэг, үйлдвэр комбинат, төмөр зам, бас цардмал зам үнэ өртөггүй тавьж өгч сүржигнэснээс биш, гайгүй шиг архи, бялууны үйлдвэр, дорвитойхон баар ресторан, шөнийн цэгээний газар бариад өгсөн нь хаа байгаа юм. Тэгээд бас өр нэхнэ шүү. Ерөөсөө л урд ах нарынхаа бүлээн өвөрт багтъя” гэдэг мэргэн санаа орж ирсэн байх. Харин төр засаг, сайд дарга нараа дээдлэн хүндэтгэдэг хөөрхий монголчууд бас л “Жижигхэн орны том Ерөнхийлөгч байна гэдэг юутай үйлийн лай вэ. Манай төр, засгийн удирдлагууд үеийн үед л энэ хоёр том хөршийн ая эвийг олох гэж махаа зулгааж, толгойгоо хяргуулж явах хувь тавилантай юм гэж үү. Хэзээ хийсэн үйлийн үр юм бол. Хөөрхий муусайн дарга нар минь урд ах нарын гарыг цайлгах жаахан ч гэсэн нефтьтэй боллоо. Бас “Алт хөтөлбөр” гэж нэг аятайхан юм дуулдаад байгаа. Тэгээд дээр нь Оюутолгой, Таван толгой гээчээ нээгээд бас энд тэндэхийн алт, уран, нүүрс, хүдрийг нь бушуухан шиг ухаад зөөчих юм бол тэдний минь биеийн дарамт, сэтгэлийн зовлон жаахан ч гэсэн хөнгөрөхөд хөөрхөн жийрэг болно” хэмээн ханцуйдаа залбирцгааж байсан нь лавтай. Гэтэл тав, арван жилийн дотор түлш шатахуун үйлдвэрлэдэг болох бодлого, ард түмний горьдлого сайхан зүүд болон замхарч, нөгөө газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирдэг том компанийхны гэдэс улам цүдийгээд л, Монгол оронд хулхи ардчилал газар аваад л, жирийн ард иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтоод л, хүмүүс туйлдаж зүй бус шалтгаанаар үй олноороо үхэж үрэгдээд л. Харин энд тэндэхийн тэнүүлчин дарга нар “Монгол орон хурдацтай хөгжиж, сайхан болж байгаа” тухай уруул жилэмдэж, инээмсэглэн жуумалзаж, ам хуурайгүй улиглан чалчсаар... Өнөөгийн төр, засгийн ажил үйлийн өнгө төрх, байгаа байдал нэг иймэрхүү. Энэ бүхнийг Монгол оронд цэцэглэн хөгжиж буй хулхи ардчилал, олигархижсан төр засаг, тэдгээрийн буруу сэтгэлтэй эрх баригчдын үнэн нүүр царай, мөн чанарын нэгэн илэрхийлэл, бодит байдал гэж хэлж болмоор.
Харин сүүлийн үед шинэчлэлийн гэх сүрхий тодотголтой өнөөгийн Засгийн газар түүний хэр хэмжээгүй мэддэггүй, амныхаа зоргоор бүлтэрдэг зарим сайд нар “Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр барина” хэмээн аагзарч байна. Бүтвэл түүн шиг сайхан юм хаана байхав. Жирийн иргэдийг дарамтлан шулж, ядууруулан туйлдуулж байгаа хэдэн компанийн дарангуйллыг бага ч гэсэн хөнгөлж чадвал энэ Засгийн газрын мөнхийн гавьяа тэр. Бусад том том яриа яах вэ. Ганцхан газрын тосны үйлдвэртэй болгочихвол боллоо. Тэгсэн цагт тэдэнд ялангуяа Алтанхуягт, хаанаас ч хамаагүй ухаж сэндийчиж, ус бэлчээр сүйтгэн байж олдог тэр их алтнаас нь жаахныг авч хөшөө босгох сон. Гэвч Алтанхуягийн Засгийн газар юу юугүй газрын тосны үйлдвэртэй болгочих ч юу л бол. Юуны түрүүнд заавал Дарханд барина гээд байгааг нь мэргэжилтэн судлаачид “Энэ бүхний цаана арай өөр эрх ашиг, зорилго агуулагдаж байгаа юм биш үү” хэмээн болгоомжлон анхааруулж байна. Үнэндээ наад зах нь гэхэд түүхий эдийн гол эх үүсвэр нь тэртээ зүүн хязгаарт бараг 1000 гаруй километрт байдгийг харгалзан тэрхүү үйлдвэрээ ядахдаа Чойр, Багануур, Зүүн баянд, эсвэл шинээр тавих гээд байгаа нөгөө хэрүүл хараалтай төмөр замаа бараадуулан Сайншанд, Сүхбаатар-Хэнтийн зааг, Дорнод хавиар байгуулж яагаад болдоггүй юм бол. Бас нэг хөгийн юм бол өөрт байгаа газрын тосоо Хятад уруу зөөгөөд байгаач гадаадаас Газрын тосны үйлдвэрийн түүхий эд гуйж авна гэхчилэн хачин хачин зүйл яриад байгаа нь сонин. Манай ардчилагчид хориод жилийн өмнө хорвоод байхгүй сайхан нийгэм байгуулна хэмээн ярьж хулхидсан шигээ “Амар сайхандаа жаргах...” вий дээ.
Түлш шатахуун тойрсон явдал, үнийн хөөрөлт, Газрын тос боловсруулах үйлдвэр, Магнай даргын чин сэтгэл, эрэлхэг зоригтой хэлж байсан үг, айлдварыг эргэцүүлэн бодоход ийм аж. Хамгийн гол нь О.Магнай даргын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудтай хийж эхэлсэн тооцоо, санаачилсан үйл ажил, торгуулийн 17 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах том мөрөөдөл нь нөгөө 17 чингэлэг спирт ус болж хувирсан үлгэр шиг болох бололтой.