Д.ЦЭРЭННАДМИД

 

 

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

 

Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль  түүхт 100 жилийн ойгоо ирэх долоодугаар сард тэмдэглэх гэж байна. Завхан аймагтаа төдийгүй улсад анхдагч дунд сургуулийн нэг болох Нөмрөгийн 10 жил тойргийн сумдын сурагчдыг авч сургадаг соёл боловсрол гэгээрлийн томоохон төв. Тус сургуулийн хамт олон ойгоо үе үеийн эрдэмтэн багш, энэ сургуулиас жигүүрээ дэлгэн ниссэн олон олон сурагчидтайгаа хамтран тэмдэглэхээр бэлтгэж цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Сургуулийн захирал П.Хажидмаа тэргүүтэй удирдлага, багш нарын төлөөлөл дөрөвдүгээр сарын эхээр Улаанбаатар хотод төгсөгчдийн уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр сургууль төгсөгчдийн холбоог байгуулж, даргаараа тус сургуулийн ахмад багш, Завхан аймгийн Засаг дарга асан Ж.Жамьянтивийг сонгосон байна.

 

Улсын аваргатай болов

 

Тус  сургуулийн 12 дугаар ангийн сурагч Товуусүрэнхорын Буяндэлгэр Нийгмийн ухааны улсын 26 дугаар олимпиадад Завхан аймгаа төлөөлөн оролцож, улсын аварга болсон нь Нөмрөгийн сургуулийн төгсөгчдийн уулзалтыг чимсэн нэгэн баярт мэдээ байлаа. Т.Буяндэлгэрийг бэлтгэсэн багш нь Нөмрөг сумын 10 жилийн түүх нийгмийн ухааны туршлагатай ахмад багш Д.Нэргүй аж.

“Зууны мэдээ” сонин Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш, захирлаар ажиллаж байсан Ж.Зиймаагийн тухай нийтлэл бэлтгэж байсантай энэхүү улсын аваргатай болсон гэдэг мэдээ холбогдоод явчихав. Учир нь Нийгмийн ухааны улсын олимпиадын аварга сурагч Т.Буяндэлгэр нь захирал Зиймаагий агсаны ач хүү  байсан юм. Олон олон шавь төрүүлсэн  нэртэй багшийн үр ач эрдэм номын замаар эргэлтгүй замнаж яваа аж.

 

Ж.Зиймаагийн захирлын тухай товчхон өгүүлэхэд

 

Нөмрөгийн сургуулийн олондоо нэртэй багш, захирал асан Ж.Зиймаагийн намтар түүх эгэлээс эгэл. Тэрээр, 1942 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. 1951 онд есөн насандаа Нөмрөг сумын бага сургуульд орж, 1961 онд аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн хэл бичгийн факультетын монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцжээ. Сургуулиа төгсөөд нутгаа зорьж, 1966-1970 онд Нөмрөг сумын 10 жилийн сургуулийн багш, сургуулийн МХЗЭ-ийн Хорооны дарга зэрэг ажлыг хийсэн байна. Тухайн цаг үеийн боловсон хүчнийг сэлгэн ажиллуулах бодлогын хүрээнд 1970-1973 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын найман жилийн сургуулийн захирал, 1973-1978 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийн захирал, 1981-1983 онд Завхан аймгийн Баянтэс сумын найман жилийн сургуулийн захирлаар тус тус ажилласан байна. Харин 1983-1996 онд төрөлх сургуульдаа багш, албан бус боловсролын зөвлөхөөр, 2000-2004 онд мөн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийн захирлаар тус тус ажиллажээ. Сургуулийн захирал, багшаар ажилласан 30 жил гэдэг энэ хүн хичнээн олон шавьтай болсон гэдгийг аяндаа харуулах тоо. Энэхүү хөдөлмөрөөрөө 1985 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.  Өөрөө хэл, уран зохиолын багш байсан ч гэсэн спорт, тэр дундаа бөхөд сонирхолтой. Бөхийн төрлүүдээр хүүхдүүдийг хичээллүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байсан гэдгийг шавь нар нь олонтаа дурсдаг.

 

Захирлаас засгийн албанд

 

Ж.Зиймаагий 1970-1990 онд сумын Ардын хурлын депутатаар, 1990 оноос 2005 он хүртэл Нөмрөг сумын ИТХ-ын төлөөлөгч, 1992-1992 онд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсны дээр 1970 оноос хойш сумын МАХН-ын Хороо, үүрийн тэргүүлэгч гишүүн, 1992-1996 онд Завхан аймгийн МАХН-ын бага хурлын гишүүн, 1991 онд МАХН-ын Онц их хурлын гишүүнээр сонгогдож, төр засгийн албанд хүчин зүтгэсэн хүн. 1996-1998 онд Нөмрөг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргыг албыг хашжээ.

 “Жараад оны оюутан цагийн анд маань жинхэнэ манлайлагч байсан даа”

Ж.Зиймаагий гэдэг хүний ажил амьдралын богинохон намтартай ийнхүү танилцлаа.

Тэгвэл одоо тэр хүний тухай түүнтэй анд нөхөр явсан эрдэмтэн, зохиолч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадоржтой хийсэн ярилцсанаа хүргэж байна.

Ч.Дагвадорж гуай Ж.Зиймаагий багш хоёр нэг  нутаг орных биш ч гэлээ оюутан ахуйн таван жилд нь эрдмийн саруул танхимд тохой залган сууж инээд хөөр, баяр жаргал гуниг зовлон юугаа хуваалцаж байсны хувиар тун сайхан дурсамж хэлсэн юм.

Тэрээр “Урсан өнгөрөх цаг хугацааны саалтад олон сайхан хүнтэй ойр дотно явж дээ. Амьдарч туулсан он жил бүхэн дурсан санах юмаар дүүрэн санагддаг.

Тэр дотроос оюутан цагийн амьдрал хамгийн гэгээлэг юм. Онцгой нь юу юм бэ гэвэл. Ааш зан, алив үйлээрээ мартагдашгүй залуустай би тэр үед төө зайгүй үерхэж явсан байдаг.

Тэднээс нэгэн хүний тухай дурсан ярихад би бэлэн байна. Тэр чинь хэн бэ гэвэл Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Ж.Зиймаагий юм л даа” гэлээ. Ингээд бид ярилцав.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Хөвсгөлийн хүн. 1961 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийг төгсгөөд МУИС-д суралцахаар ирж байлаа. Тус сургуулийн монгол хэлний ангид олон хүүхэд шалгалт өглөө. Тэгтэл шалгалтын комиссын нэг багш намайг түүхийн ангид ор гэж байх юм. Би заавал монгол хэлний ангид сонирхолтойгоо хэлэв. Ашгүй шалгалтдаа тэнцлээ гэдгээ дүнгийн хурлаар мэдэв.

Тэгээд монгол хэлний ангид элсэгчдийн нэрсийг дуудаж байна. Тэр дотор Ж.Зиймаагий гэдэг нэр тун содон сонсогдож билээ.

Бид оюутан болоодхов. Уламжлал юм л даа. Намрын ажилд Жаргалантын сангийн аж ахуйд очлоо. Нөгөө содон нэртэй цугтаа. Би ногооны зоорийн нүх ухах хэсэгт оров. Харин Зиймаагий ногооны зургаадугаар бригадад хүнсний ногоо хураах бригадад хуваарилагдсан юм.

Бид зоорийн нүхээ ухаад бараглаж байтал нэг шөнө нураад бараг л эрүүл газартай адил тэгширчихсэн байв.

Тэгээд Дашбалдангийн Гомбожав, Батын Цэнд-Аюуш бид гурав хийх ажилгүй болов. Тэгсэн ногоо хураах бригадад оч гэлээ. Тэнд Зиймаагий  болон Баян-Өлгийгөөс ирсэн Чинагийн Галсан, Дундговийн Норжингийн Шатар, Говь-Алтайн Оршихын Ядамхүү, Завханы Лхамсүрэнгийн Жамсрандорж гээд бид нэг бригад болдог юм.

Халуун зунаар шахам очсон бид бүр намар орой анхны цас орох үе хүртэл 55 хоног тэнд ажилласан.  Ирээд аравдугаар сарын 17-нд юм даа Их сургуулийнхаа анхны хичээлд орж байлаа. Энэ үеэс миний хувьд Завханы хоёр буюу Ж.Зиймаагий, Л.Жамсрандорж нартай их ойр найз нөхөд болсон доо.

Манай Зиймаагий өндөр гуалиг нуруутай, цэмцгэр сайхан залуу. Харин алхаа гишгээ цэх биш жаахан гулбилзаж явдаг. Хөдөө шинжийн нөхөр байв. Харин Л.Жамсранжав ханхардуу том цээжтэй үс халимагаа тун аятайхан авч явдаг гангандуу нэгэн. Арга ч үгүй юм. Тэр өмнө 10 дугаар ангиа төгсгөөд багшийн сургуульд суралцаж байсан болохоор биднийг бодвол хот жуу болчихсон юм байж л дээ.

Ингээд хичээл номондоо шамдаж эхэлсэн дээ.

-Ж.Зиймаагий  ямархуу оюутан байсан тухай илүү тодруулж хэлнэ үү?

-1961-1965 онд таван жил сурах хугацаанд манай ангиас Ж.Зиймаагий, Л.Жамсранжав хоёр сайн оюутны тоонд багтдаг. Юм л бол нэр ус нь үлгэр жишээ болж яригддаг байлаа. Тэд сурлагаар ч сургуулийн хэмжээнд болсон бусад ажилд оройлж оролцдогоороо онцгой авьяаслаг залуус байв.

Зиймаагийн хувьд хоёр, гуравдугаар дамжаанаасаа бүр тодорсон. Ном их уншина. Үнэхээрийн төлөвшиж чадсан шилдэг оюутан болсон. Түүний нэг онцлог бол алив юманд хянуур, утга санааг нь гүйцэд мэдэхийг их хичээнэ.

Ямар сайндаа “лавлаа Даш” гэдэг шиг юмны учир зүйг олохын төлөө уйгагүй асууж мэдэж авна.  Тэгээд сурлага, хүмүүжлээр манлайлагч болж сургуулийн хүндэт самбарт зураг нь тавигдаж байлаа мань хүн.

Бид инээд баясал, жаргал зовлонгоо хуваалцаж л явлаа.  Зиймаагийг оюутан байх үед ижий нь насан өөд болсон. Тэр ажил явдалд нь манай ангийнхан болоод олон оюутан оролцсон нь найз  маань хэр нэр хүндтэй оюутан байсныг харуулж байсан санагддаг. Ер нь Зиймаагийн гол чанар алив талаараа манлайлагч байсан. Урлаг, спортын болон олон нийтийн ямар л ажил зохиогдоно, бусдыг тэргүүлж оролцдог.  Монгол хэлний ангийн зүгээс санаачлах юмыг тэр л сэднэ дээ.

-Сургуулиа төгсөөд та нар хаана очив доо?

-1966 оны зургадугаар сард бид их сургуулиа төгсгөөд нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залсан. Тэр үед чинь нам, төрийн бодлого хүчтэй. Хаанаас ирсэн бол буцаад тэндээ л очиж ажилла гэсэн хатуу журамтай байсан цаг. Төгсөх үеэр аймгийн гэгээрлийн хэлтсийн дарга ирээд хүнээ бүртгээд суучихна шүү дээ. Би Хөвсгөл рүүгээ. Зиймаагий маань төрсөн нутгийнхаа төгсгөсөн сургуульдаа хэл, уран зохиолын багшаар томилолт авч билээ. Түүндээ ч сэтгэл хангалуун байцгаасан. Уг нь Зиймаагийн хувьд сурлага сайтай, манлайлагч байсан болохоор төвд үлдэж болох л байсан. Гэвч тэр энэ тухай огт бодоогүй Нөмрөгтөө л очсон.

Зиймаа маань төгсөхдөө дипломын ажлаа уран зохиолд сонирхолтойдоо хөтлөгдөж Ч.Ойдовын жүжгийн зохиолын тухай сэдвээр онц хамгаалсан санагдаж байна.

-Тэгээд л амьдралын эрхээр салцгааж дээ. Найзууд...?

-Бид ид залуу исгэлэн халуун цустай үедээ дотносон найзалсан болохоор бие биенээ их үгүйлж, нэгнээ байнга сураглаж чих тавьж байсан. Оюутан цагийн хөгжөөнтэй хөөртэй, дурсах юмтай тэр цаг үе тун хурдан өнгөрсөн шиг санагддаг.

Зиймаагийнхаа сургийг сонсоход багшилж байгаад сүүлдээ сургуульдаа захирал болсон. Мөн л манлайлагч чанараа алдаагүй явааг мэдсэн. Хаана урлаг, соёл, спортын уралдаан тэмцээн болно. Зиймаагий тэргүүлж оролцдог хэвээр. Бас гарын уртай юугаар ч юуг хийж чадах авьяастай хүн л дээ.

Харин сүүлд сумын Засаг дарга ч болсон гэл үү. Төрийн ажилтан болсон сураг байсан.

-Та найзтайгаа дахин уулзсан уу. Хожим нь ...?

-Уулзсан. Би нэг удаа Хатгалд очиж далай харж амарч байхад Зиймаатайгаа тааралдсан шүү. Далай үзээд зугаалж явна гээд л гялалзаж явсан тэгэхэд.“За хө чи ямар юм сэдэж хийж шуугиулж явна даа гэвэл”

-Сургуулийн ажил үйлс бол сайн. Би хичээлээ  ч заагаад хүүхдүүдээ уралдаан тэмцээн, урлагийн ажилд удирдаж оролцуулаад болж л байна аа. Магтуулах цагтаа магтуулаад , загнуулж зэмлүүлэх цагтаа зэмлүүлээд л явах юм гэж ярьсан.

Бүр сүүлд юм даа. Нэг сүрхий өвчтэй болчихлоо гээд Улаанбаатарт ирэхэд нь нэг зэрвэсхэн уулзсан. Тэгээд л удалгүй сайн нөхрөө хорвоогоос буцсаныг  сонссон. Өвчин зовлонтой хэцүү үед нь тусалж дэмжиж чадаагүй дээ л би харамсдаг юм. 

Энэ далимд сонирхуулахад МУИС-д байх үеийн манай ангийнх­наас өнөөдөр гэхэд О.Ядамхүү, Ч.Галсан гэсэн хоёр Хөдөлмөрийн баатартай. Надтай нийлээд гурван гавьяат бий. Л.Жамсранжав маань өнгөрсөн жил гавьяат багш болсон байна лээ. Зиймаагий эртээ боловсролын тэргүүний ажилтан болчихсон байсан. Би боддог юм. Хэрэв бидний муу найз өдийд байсан сан бол домогтой олон хутагт, гэгээнтний өлгий нутгаас гарсан алдартны нэг байх байсан даа гэж.

Анд Ж.Зиймаагийн маань түүхийг нь тодоор бичилцсэн Нөмрөгийн дунд сургуулийн 100 жилийн ой тохиож байгаад нь талархаж тэр сургуулийн үе үеийн төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)