Өмнөд Солонгосын цагдаагийн газар өчигдөр Хойд Солонгосын томоохон хакерын бүлэг Өмнөд Солонгосын батлан хамгаалахын салбарын хэд хэдэн компанийн эсрэг жил гаруйн хугацаанд кибер халдлага үйлдэж, дотоод сүлжээг эвдэж, техникийн мэдээллийг хулгайлсан хэмээн мэдэгдлээ. 

Цагдаагийн албанаас Хойд Солонгосын тагнуулын албатай холбоотой “Лазарус”, “Кимсуки”, “Андариел” гэгдэх хакерын багууд шууд болон хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаар дамжуулан дээрх хэргийг үйлдсэн гэв. Тэд компаниудын мэдээллийн системд вирустэй код суурилуулах мэдээллийг олж авсан байна. Цагдаа нар үндэсний тагнуулын агентлаг болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн багтай хамтран ажиллаж, бүлгүүдийг хакердаж, эх сурвалжийн IP хаяг, ашигласан программ болон бусад мэдээллийг олж авсан байна. 

2022 оны арваннэгдүгээр сард эхэлсэн хэргийн хувьд хакерууд компаниудын дотоод системийн хамгаалалтын программ туршилтын үеэр түр салах үеэр системд нэвтэрч халдлагыг үйлджээ. Энэхүү албан ёсны мэдэгдэлд халдагад өртсөн компаниудын нэрс болон хулгайлагдсан мэдээллүүдийг талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй юм. 

Өмнөд Солонгос нь олон тэрбум ам.долларын үнэ бүхий механикжсан гаубиц, танк, сөнөөгч онгоц худалдах гэрээг сүүлийн жилүүдэд байгуулснаар дэлхийн батлан хамгаалахын томоохон экспортлогч орон болж чадсан. Түүнчлэн 2014 онд Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын мэдээллүүдэд халдаж байсан юм. Мөн цагдаа нарын зүгээс Хойд Солонгосын хакерууд криптовалютын томоохон хулгайн ард байгаа гэж үзэж байгаа бөгөөд хулгайлагдсан хөрөнгийг зэвсгийн хөтөлбөртөө чиглүүлдэг хэмээн сэжиглэж буй аж. Харин Хойд Солонгос хакерын ажиллагаа, крипто хулгайн гэмт хэрэгт оролцоогүй хэмээн үгүйсгээд байна.

Эх сурвалж: www.zms.mn