Гэрэл зургийг Л.Номингэрэл

Бэрхийн уурхай анх 1954-1958 он хүртэл жонш олборлох ажлыг гар аргаар явуулж, улмаар газрын гүнд 160 гаруй метр урттай хэвтээ малталт хийн олборлосон жоншоо жижиг тэргэнцэрт ачин мориор чирч газрын гадаргууд гаргадаг байсан түүхтэй аж.  Сонирхуулахад 1922 онд байгуулагдсан Монголын анхны Налайхын гүний нүүрсний уурхайд цагаан азаргаар, харин Бэрхийн уурхайд хар азаргаар тээвэрлэлт явуулдаг байжээ. 

Далд уурхайн малтлагын ажлын бодит байдал, хэлтээ болон босоо өрөмдлөгийн үйл явц, хэсэгчилсэн агааржуулалтыг энэхүү үзүүллэгт дүрслэн харуулжээ. 

Уурхайн гүн нь хамгийн эрсдэлтэй ажлын байрны орчинд хамаардаг. Тиймээс ч эрүүл мэндэд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх баг ажилладаг аж. 

Гүний уурхайн ажлын өдрийн үргэлжлэл 7 цаг ажилладаг бөгөөд уурхайчид 3 цаг ажиллаад 30 минут түр амарч, цайлдаг үйл явцыг харуулжээ. Уурхайн ажилчдын хоолыг тусгайлан бэлтгэж өгдөг байсан ба түүнийг “тормозок” хэмээн нэрлэдэг байжээ. 
1990 оноос Монгол Улсын далд уурхайд энэ төрлийн цахилгаан зүтгүүрийг ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү цахилгаан зүтгүүрийг 2020-2021 онд  тус далд уухайн музейн нэвтрэлтийн ажилд ашиглажээ.  УВО-0,8 маркын 6-8 ширхэг ачаатай тэргэнцэр чирэх хүчин чадалтай.