Т.САЙХАН

Боомтын сэргэлтийн Үндэсний форум хэлэлцүүлэг өнөөдөр /03.26/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ.  Энэ  үеэр  Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга  Б.Тулга дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улсад 39 боомт эрх зүйн хүрээнд байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 24 боомтоос өнөөдрийн байдлаар найман боомт дээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Гурван боомтын цогцолбор бүрэн дуусч ашиглалтад орсон, бол, гурван боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Ковидын өмнөх үе буюу  2019 онтой харьцуулахад өнөөдөр гадаад худалдааны хэмжээ эрс өсч, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт хоёр дахин нэмэгдсэн үр дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газар 2022-2024 онд  гадаад худалдаа, экспортын хэмжээгээ 14 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол боомтуудын үйл ажиллагааг тэлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр гадаад худалдаагаа 15.2 тэрбум ам.долларт хүргэлээ. Боомтын сэргэлтийн хоёр дахь шат буюу 2025-2028 он хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээс гадна, боомтын менежмент дээр шинэ бодлого оруулж ирэх стратеги баримталж байна.Цаашид боомтыг гарц, орцын хэмжээнд авч үздэг байдлыг өөрчилж боомтын хөгжлийг бүс нутаг, орон нутаг, хотын хэмжээнд төлөвлөх, эдэлбэр газрыг тогтоож өгөх шаардлага үүсч байна. Эдэлбэр газрыг тогтоож өгснөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэд бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах нөхцөл бололцоо нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар боомтын эдэлбэр газар байдаггүй учраас газрын менежмент, төлөвлөлт, бизнесийн орчинд саад учирч байна.

Тиймээс боомт орлоготой байх эрхзүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Боомтын сэргэлтийн бүтээн байгуулалт, цогцолборуудыг бий болгох ажлуудыг 2019 оноос эхлүүлж, 2022 оноос хойш эрчимжүүлсэн.Энэ хугацаанд боомтын сэргэлтийн хүрээнд 715 тэрбум төгрөгийг боомтуудын цогцолбор байгуулах, хөрөнгө оруулалтад зарцуулсан.Үүнээс гадна гаалийн шинэчлэл, боомт руу тавигдах авто зам, төмөр замуудад улсын төсвөөс хөрөнгө зарцуулсан. Түүнчлэн 2024 онд боомтын сэргэлтийн бүтээн байгуулалттай холбоотой 350 тэрбум төгрөгийг 3-4 боомтын бүтээн байгуулалт зарцуулахаар шийдвэрлэсэн.

Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боомтын үйл ажиллагааг өргөтгөх хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, боомт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн чадавхитай байх асуудалд анхаарч ажиллана.  Түүнчлэн олон жил яригдсан боловч ахиц дэвшил гарахгүй байгаа чөлөөт бүсийг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Чөлөөт бүс өнгөрсөн хугцаанд хөгжихгүй байгаа шалтгаан нь хөрш хоёр оронтойгоо чөлөөт бүс байгуулах эрхзүй, худалдаа, бизнесийн орчинтой уялдуулаагүй учраас чөлөөт бүс байгуулдаг боловч “хэнд зориулж байгуулсан, хэнтэй худалдаа хийх вэ” гэдгээ тооцоолоогүйгээс чөлөөт бүсэд эзэмшиж байгаа газраа үнэ хүргэж зардаг ийм хэлбэр рүү орсон. Түүнчлэн татваргүй барааны дэлгүүр байгуулж, хууль бус наймаа хийдэг болсон. Энэ бол харамсалтай зүйл. Тиймээс хөрш орнуудтайгаа тохиролцож чөлөөт бүсийг зөв гольдрол, зөв төлөвлөлт рүү оруулахад хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна" гэв.