Б.ДАМДИН-ОЧИР

 

ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффист энэ сарын 12-нд нэгжлэг хийсэн.

Тус компанийн зүгээс “…2024 оны сонгуулийг угтан тодорхой хаяггүй “Vision Mongolia” гэх цахим хуудсаар 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс “…Ард түмний мэдэлд байх ёстой “Ачит Ихт” үйлдвэрийг Элбэгдорж, Цагаан хоёр булаан авч...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг төлбөртэй тараасны араас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орж ирлээ. …Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нэг асуудлаар дахин дахин шалгаж байгааг холбогдох байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд явцуу сонирхолд ашиглагдаж байна гэж үзэж байна. Хууль бус явуургүй ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн мэдэгдлийг гаргасан.

Харин эх сурвалжууд “...“Ачит Ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-наас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж эхэллээ” хэмээн мэдээлж байна. Үнэхээр ч арав гаруй хоногийн өмнө, Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэр уул уурхайн томоохон компаниудад татварын шалгалтыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж байж болзошгүй юм.

Гэхдээ үүнтэй зэрэгцээд “...Тус компаниас эх үүсвэртэй мөнгөөр гадаадад үл хөдлөх хөрөнгүүд “босгоод” эхэлсэн” гэдэг мэдээлэл бас гарч байна. Нэлээд хэд хоногийн өмнөөс АНУ-д нэр бүхий улстөрчтэй холбоотой хоёр хаусны талаар яригдаж эхэлсэн. Мөн саяхнаас Сингапур улсад тиймэрхүү хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн “сураг” гараад эхэллээ. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” ХХК-ийн татвараас нуусан мөнгө нь гадаадад үл хөдлөх хөрөнгө болоод байсан эсэхийг хууль хяналтынхан мөрдөн шалгаж байх магадлалтай юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)