“Үндэсний мэдээллийн төв”-д

Б.Нямсүрэн

Монголын оюутны спортын VI наадмын талаар зохион байгуулагчид  мэдээлэл хийлээ. Ингэхдээ 10 төрлөөр 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тус наадмын анхан шатны тэмцээнүүд 2023-2024 оны хичээлийн жилийн эхнээс энэ оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн. Их, дээд сургуулиудад төрөл бүрийн хэлбэрээр зохиогдов. Тодруулбал, 50 гаруй их, дээд сургуулийн 30.000 оюутнууд хамрагдсанаар наадмын шигшээ тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгаруулжээ.

Хурлын үеэр Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан “Монголын оюутны спортын оюутны спортын VI наадам оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэн хөгжүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, дэлхийн Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой. Энэхүү наадам оюутнуудын дунд 2005, 2009, 2013, 2017, 2020-2022 онуудад таван удаа зохиогдсон байна. Харин энэ оноос дэлхийн оюутны Универсиад наадмын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохиогдоно. Наадмыг Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, БШУЯ-наас дэмжиж байгаа. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны “Монголын оюутны спортын VI наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах” тухай А/10 дугаар тушаалаар наадмын зохион байгуулах хороог БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулгаар удируулсан. Нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, зургаан бүлэг 67 багц ажлын төлөвлөгөө гаргаж баталлаа. Тиймээс бэлтгэл ажлыг 100 хувь биелүүлсэн” гэв.

МОСХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын бэлгэдлээр  Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгожээ. Тус амьтны тухай мэдээлэл, сурталчилгааны ажлыг явуулж, хайрлан хамгаалах тухай танин мэдэхүй мэдээг оюутан залуучуудад хүргэж, нийгэмд түлхүү ойлголт өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Наадам волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5x5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар ширээний теннис гэсэн 10 төрлөөр явагдана. Тус тэмцээнүүд нь сонирхолтой үзүүштэй, өрсөлдөөнтэй үргэлжлэх биз ээ.

Одоогоор наадмын техникийн зөвлөгөөн дөрвөн төрлөөр явагдаж чирлидингийн спортод 10 их, дээд сургуулийн 100 тамирчин өрсөлдөнө. Харин таеквондогийн төрөлд 16 багийн 67 тамирчин, сагсан бөмбөгийн тэмцээнд 29 эрэгтэй багийн 348 тамирчин, 18 эмэгтэй багийн 216 тамирчин оролцоно. Нийт 528 тамирчин сугалгаад орж  өчигдрийн байдлаар 1259 төлөөлөгч мандатаа авчээ. Наадамд оролцох тамирчдын дунд Монгол Улсын нэрийг тив, дэлхий олимпын тавцанд мандуулж буй тамирчид оролцож байгаагаараа онцлог. Сонирхуулахад энэхүү наадамд оролцох чөлөөт бөх, жүдогийн зарим тамирчид эх орноо төлөөлөн Парисын олимпод оролцох ажээ.

Наадмын шагнал урамшуулал

Төрөл тус бүрд бага оноогоор байр эзэлсэн их, дээд сургуулийн 10 спортыг нэмж нэгдсэн дүнг гаргана. Шигшээ тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль өргөмжлөлөөр шагнах юм. Мөн 4-6 байр эзлүүлж өргөмжлөл, 1-6 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ. Спортын төрлийн зай, жин тус бүрд эхний гурван байрт шалгарсан баг, тамирчин, дасгалжуулагчийг наадмын медаль, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулна. Алтан медаль 600 мянга, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медаль 200 мянган төгрөг дагалдана. Дасгалжуулагчийг нь мөнгөн шагнал олгох журмын дагуу шагнах ажээ. Наадмын нэгдсэн дүнгээр эхний 1-6 байр эзэлсэн сургуульд 6-1 сая төгрөг, цом, батламж, медалиар шагнахаар болов.

Нийт 32 сургууль оролцоно

Монголын оюутны спортын VI наадамд 34 их, дээд сургуулийн 2240 тамирчин, 600 орчим дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч оролцохоор энэ сарын 8-нд мэдүүлгээ өгчээ.

  1. Аварга дээд сургууль
  2. АШУҮИС
  3. Ач анагаах ухааны их сургууль
  4. Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль
  5. Глобал удирдагч дээд сургууль
  6. Дотоод хэргийн их сургууль
  7. Идэр их сургууль
  8. Их засаг олон улсын их сургууль
  9. Мандах их сургууль
  10. Мон-Алтиус дээд сургууль
  11. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль
  12. МУБИС
  13. МУИС
  14. МҮИС
  15. Олон улсын Улаанбаатарын их сургууль
  16. Отгонтэнгэр их сургууль
  17. Рояаль олон улсын их сургууль
  18. Санхүү Бизнесийн дээд сургууль
  19. СЭЗИС
  20. Сити их сургууль
  21. Төмөр замын дээд сурууль
  22. Улаанбаатар эрдэм их сургууль
  23. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  24. Үндэсний техникийн их сургууль
  25. Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль
  26. ХААИС
  27. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  28. ШУТИС
  29. Шинэ Монгол технологийн дээд сургууль
  30. Шихихутаг хууль зүйн их сургууль
  31. Эм ай ю дээд сургууль
  32. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
  33. Этүгэн их сургууль

Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн Спортын суваг шууд дамжуулах эрхтэй. Зарим спортын төрлийг хэсэгчлэн болон нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэхээр болжээ. Мөн хэвлэл мэдээллийн Чеймп медиа ХХК-тай гэрээ байгуулан нийгмийн цахим сүлжээгээр наадмын мэдээллийг түгээх, олон нийтэд хүргэнэ. Наадмын мэдээллийг БТСУХ-ны www.sport.gov..mn сайт болон МОСХ-ны www.monssf.mn сайт, МОСХ-ны Mongolian student sports federation хуудсаар дамжуулна. 

Эх сурвалж: www.zms.mn