Р.ОЮУН

Баянзүрх дүүргийн XXVI хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн осол гарсан. Үүний улмаас тухайн орчинд явган болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн, галыг унтраахаар очсон онцгой байдлын гурван албан хаагч амиа алдсан. Мөн 207 дугаар байр галд өртөж, оршин суугчид эд, хөрөнгөөрөө хохироод хоёр сар гаруйн болжээ. Гэвч энэ осолд хэн хариуцлага хүлээх, хэн хохирлыг барагдуулах тухай тодорхой мэдээлэлгүй байна. Улсын онцгой комиссоос гаргасан дүгнэлт ойлгомжгүй, тодорхой шийдэлд хүрээгүй тул хохирогчид Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлэхээр Сүхбаатарын талбайд цугларсан байв. Орон сууц нь дэлбэрэлтэд өртсөн иргэд өнөөдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа. Хохирогчид есдүгээр сарын 1-нийг хүртэлх түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргаж, байрны эзэдтэй гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд галд өртсөн байрыг нь засах аж. Ордны баруун талд цугласан иргэд "Түрээсийн байранд амьдрах хэцүү байна. Дүгнэлтийн хариутай танилцахыг хүссэн ч нэг хүний гарын үсэг, тамгагүйгээс удааширч байна" гэсэн юм. Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгыг сонирхоно уу.

Эх сурвалж www.polit.mn