Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цооролт юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэе.

 

Шүд цооролтын шалтгаан нь буруу хүнс сонгох

 

Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон шалтгаантай. Үүнээс голлох нь хүнсний буруу хэрэглээ аж. Ялангуяа хийжүүлсэн, чихэрлэг ундаа, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг амттан байнга хэрэглэснээр хүүхдийн шүд цоорохоос гадна дархлаа муудаж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулдаг. Иймээс хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулж, хянах нь чухал. Энэ тухай “Инээмсэглэл” шүдний эмнэлгийн их эмч Б. Оюунжаргал “Хүүхдийн хэрэглэж байгаа хүнс нь идэхэд хялбар зөөлөн байхаас гадна янз бүрийн чихэрлэг зүйлс агуулагдах болсон. Тухайлбал, янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байгаа юм. Ийнхүү хүчиллэг байдал давамгайлахаар хүүхдийн шүдний паалан хэврэг болдог. Энэ  нь шүд цоорлын гол шалтгаан. Тиймээс хүүхдэдээ байнга чихэрлэг зүйл, хийжүүлсэн ундаа хэрэглүүлдэг бол одоогоос зөв зохистой хооллолтыг эрхэмлээрэй” гэсэн юм. Ялангуяа бага наснаасаа зөв хооллож, шүдээ цэвэрлэж хэвшсэн хүүхдүүд ирээдүйд олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм. Хэрэв цоорсон шүдийг эмчлээгүй орхисны улмаас гоо сайханд эрүү нүүр муруй харагдах, хэл яриа тультраа болох, яриа ойлгомжгүй сонсогдоход хүргэдэг байна. Харин эрүүл мэндийн хувьд  хоол хүнсийг бүрэн жижиглэж бутлаагүйгээс ходоод гэдэс муудах, үрэвсэл үүсэх шалтгааны эхлэл болдог ажээ. Шүдний эмч Б.Золзаяа “Бидний амны хөндийд олон төрлийн нян бактериуд байдаг. Нянгийн үйл ажиллагаанаас болж шүдний гадаргуу дээр наалдамхай зунгааралдсан нимгэн давхарга, бүрхүүл үүсэхийг шүдний өнгөр гэдэг. Бид хоол хүнс идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задалж хүчил үүсгэдэг. Тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн гадаргууг хамгаалах давхаргыг уусгаж, гэмтээдэг. Харин гэмтсэн хэсгээр шүдний хатуулаг эрдэс давс алдагдаж улмаар томоохон хөндий болон шүд цоордог. Энэхүү өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрэн шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясжмаг эдийг гэмтээн шүдний хөндий рүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг” хэмээн шүд цооролтын процессын тухай тайлбарласан юм.

 

Шүдний өвчлөл 85 хувиас буурдаггүй 

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85  хувиас буураагүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь  эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдүүдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй гэдгийн бодит жишээ юм. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг,  таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа 2-12 насны хүүхдүүдийн дунд шүд цооролтын өвчлөл их байна. Энэ насны гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролттой ажээ. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Б.Буянжаргал “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл харьцангуй нэмэгдсэн. Энэ нь бага наснаасаа шүдээ арчлаагүйтэй холбоотой. Ялангуяа цэцэрлэгийн насанд хүрэх үеэс нь шүдийг нь зөв цэвэрлэж, арчлах юм бол цооролт гэдэг өвчнөөс 100 хувь хамгаалж чадна. Харин манай эцэг эхчүүд шүдийг нь цоорсон үед л арга хэмжээ авдаг нь тоогүй” гэв. Сүүлийн жилүүдэд амны хөндийн эрүүл мэнд муу байгаагаас шалтгаалж гэдэс, ходоодны хямрал түлхүү илэрч байгаа гэнэ. Энэ тухай хүүхдийн эмч Б.Бурмаа “Шүд цооролт даамжирвал их олон өвчний эхлэл болох аюултай. Тухайн шүдэнд үүссэн бактери нянгууд цусаар дамжиж, бусад эд эрхтнүүдэд нөлөөлөх нь бий. Ялангуяа гэдэс ходоодны цочрол, цаашлаад ходоодны шархлааны гол суурь болох магадлалтай. Тиймээс шүдийг цоорсных нь дараа эмчлэх бус цооролтоос эрт хамгаалж, амны хөндийн ариун цэврийг сахиж хэвших нь эрүүл амьдрах бас нэгэн чухал баталгаа болоод байна” гэсэн юм. Харин 2024 онд хийсэн судалгаагаар манай улсын  5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 нь шүд нь цоорсон гэх судалгаа гарчээ. Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг албаныхан онцлов.

 

Архангай аймагт 0-5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл их байна

 

Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайдаа дээд цэгтээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насандаа хамгийн их байдаг байна. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд дээд цэгтээ хүрч, шүдгүйдэл 85-89 нас хүртэл нэмэгдэж, дараа нь буурч байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн. Харин орон нутагт 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр байгаа аж. Ялангуяа  Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байна. Харин 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг нь Завханд 74 хувь, хамгийн бага аймаг нь Төв аймаг 40 хувьтай байгаа тухай ЭМЯ-аас онцолсон юм. Ийнхүү өвчлөл их байгаагийн үр дүнд ихэнх хүүхдүүдийн буйл, ясны хальс үрэвсэж байна. Энэ нь цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөөс гадна амь насанд нь ч аюултай нөхцөл үүсэх боломжтой гэнэ. Шүд цоорсон тохиолдолд шүдний ховил хонхрыг таглан ломбо тавьж болдог. Энэ нь шүдний паалан гэмтэж цоорохоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга ажээ. Харин хүүхдэд сүүн ба байнгын шүдийг аль алийг нь урьдчилан сэргийлэлтийн зорилгоор сийлант ломбоор битүүмжилж болдог ажээ. Үүнээс гадна цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэх сонголт бий. Хэрэв шүдийг эмчлэхгүй удвал хүндрэл улам ноцтой хэмжээнд хүрч, шүдний цоорол бүх шүдийг хамран тархаж гэмтээдэг. Мөн цоорлын халдвар орчны эдэд тархасны улмаас амны хөндийн буглаа үүсэх  аюултайг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

 

Шүд цоорох шалтгаанууд:

♦ Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл үүсгэх байдлаараа тэнцвэржсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх /жимс, ногоо, буудай


♦ Шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг цоорол үүсгэдэггүй бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх


♦ Сахар агуулсан амттаныг үндсэн хоолноос гадна хоол хоорондын зайд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын зайд амттан хэрэглэх давтамжийг бууруулах


♦ Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх


♦ Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх


♦ Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах


♦ Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,


♦ Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)