Ц.БАЯР

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2023-2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнежментийг хөгжүүлэх нь" сэдвээр  энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар  болж өндөрлөв.  

57 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын ЭШХ-д 21 аймаг, нийслэлийн  есөн  дүүргээс 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож  30-аад илтгэл тавьж сургуулийн менежменттэй холбоотой асуудлуудыг хөндөн ярилцлаа. Олон багш нар  шинэлэг  сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Ялангуяа сургуулийн менежмент, арга барилыг өөрчлөх олон  зүйлийг санаачилж , үр дүнд хүрчээ. Цэцэрлэгийн багш нар AR технологийг хичээлийн хөтөлбөртөө нэвтрүүлжээ. Удирдах ажилтны эрдэм шинжилгээний хурлыг нээж  Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл  үг хэлсэн юм.   

       

Тэрээр “Сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлуудаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосон нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой. Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь дээшилсэнтэй холбоотой” гэж онцоллоо.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,  шүүгч Г.Монголхатан 

-Энэ жил сургуулийн өмнөх боловсролын илтгэлүүдийг салбар хурлаар бие даан явуулж байна. Цэцэрлэгийн багш, залуу багш нар  байгууллагуудаараа нийлж, мөн байгууллага дотроо баг болж илтгэлээ тавьж хэлэлцүүлж байна. Маш идэвхтэй оролцлоо. Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, ШИМТ буюу STEAM  боловсрол, АR технологи нэвтрүүлсэн байдал, суралцагчдын идэвх оролцоог сайжруулах, хамт олны оролцоогоор байгууллагын соёлыг  төлөвшүүлэх гээд шинэлэг  сэдвээр илтгэлээ тавьж байна.

 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч  У.Туяа    

  

-Хамгийн түрүүн дата өгөгдлийг маш сайн ашигласан байна. Дээд тал нь 4-5 жилийн өгөгдөл мэдээллийг харьцуулан шинжилсэн, сургуулийн менежментийн асуудлуудыг өргөн хүрээнд хөндөж, шинэ санаа шийдэл дэвшүүлсэн байна. Судалгааны арга зүйд сайн суралцаж байна. Дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийсэн нь анхаарал татаж байна. Сургуулийн хүний нөөцийн менежментийн чиглэлээр санаа авах судалгаанууд ч  байна. Асуудалд цогцоор хандах, статистик шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах зэрэг цааш сайжруулах зүйлүүд ч байна. Судалгаа нь  сахилга бат шаарддаг, шинжлэх ухааны нэр томъёо хэрэглэдэг найруулгын төрөл. Тиймээс судалгааны нэр томъёо тайлбар нэг байх тал дээр ч мөн цаашид илүү сайжрах байх” гэлээ.  

 

Нийслэлийн БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн багш Ж.Атарцэцэг, Т.Отгондалай        

2022-2023 онд сургалтын хөтөлбөртөө эцэг эх, асран хамгаалагчдын харилцах дэвтрээр дамжуулан ZAPPAR аппликейшныг ашиглаж байна. Үүний үр дүнд хамтын ажиллагаанд ахиц гарч, багш ажлын байрандаа хөгжиж суралцах, шинэ дэвшилтэл технологийг хэрэгжүүлэх, хүүхэд бие даан суралцах нөхцөл боломж илүү сайжирсан. Цахим хэрэглээний энэ цаг үед утсыг эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөв зохистой хэрэглүүлж хэвшүүлэх, эцэг эх зөв үлгэр үзүүлэхэд, мэдээ мэдээллийг эрх тэгш хүртэх, ашиглах боломжоор хангахад чиглүүлж байна. Мөн хүүхэд өөрөө бие даан суралцах боломж илүү хангагдаж байгаа юм. 

ZAJJAR апп-г боловсруулан нийт 19 бүлгийн 800 гаруй хүүхдэд давхардсан тоогоор 5800 гаруй цахим хичээлийн санг бүрдүүлэн ажиллалаа.

 

Говь-Сүмбэр аймгийн VI дугаар цэцэрлэгийн төлөөлөл

-STEAM боловсролыг өөрийн цэцэрлэгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн 6 бүлгийн 138 хүүхэд, 150 гаруй эцэх эх хамрагдлаа.

2023 оны өөрийн үнэлгээгээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 74.2 хувьтай бага дүнтэй үнэлэгдсэн. Сургалтын шинэ технологийг хэрэгжүүлснээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайжирч хүүхдийн хөгжлийн түвшин ахиж байна. Эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч дээрх сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь хэмжээ өссөн. Багшийн тухайд өөрөө судлах, суралцах, сэтгэн бодох тал дээр анхаарч хүүхдүүдтэйгээ хамт суралцлаа. Үр дүнд нь багшийн бичиг цаасны ажил багасаж, тэр хэрээр хүүхдүүдтэйгээ ажиллах цаг нэмэгдсэн. Хүүхдүүд маш их сонирхож, тэдний сэтгэн бодох бүтээлч сэтгэлгээ хөгжиж эхэлсэн. Тоо тоолох, өнгө хэлбэр дүрс ялгах, таних, харьцуулах, мөн гоо зүйн мэдрэмж илүү хөгжиж байна. Найз нөхдөө  хүндэтгэх, санаа бодлоо илэрхийлэх, хийснээрээ бахархах, гээд маш сайн өөрчлөлт гарч байна.

 

-Булган аймгийн Хялганат  тосгоны ЕБС-ийн сургалтын менежер Н.Туул

“Сургууль багаар ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ тавилаа. Судалгааг 2020-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хийж үр лүнгээ тооцлоо. 600 гаруй сурагчтай, 70 гаруй багш, 790 шахам эцэг эхийг хамруулсан. Энэ менежмент ийг хэрэгжүүлэхээс өмнө манай сургууль хүний нөөцийн чадавх, манлайлал, засаглал төсөвлөлт, сургуул, сургалтын орчин, материаллаг хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг нь бага үзүүлэлттэй байсан.

Ингээд сургуулийн менежментийн “Алтан гурвалжин” загвараа сургуулийн алсын хараа, эрхэм зорилгот тулгуурлан боловсруулж, асуудлаа өөрсдөө тодорхойлон, үйл ажиллагаа зохион байгуулсан. Засаж сайжруулах чиглэлээр нийт зургаан төрлийн багц ажил хийж, маш сайн үр дүнд хүрлээ. МАнай хамт олон Би-ээс бид рүү хандлага өөрчиллөө.  Багаар ажиллаж, оролцоо сайжирлаа. Ингээд харахаар сургалтын орчин, гадаад харилцаа, чанар, багшийн, байгууллагын хөгжилд ахиц дэвшил гарлаа. Боловсролын үнэлгээний төвийн үнэлгээгээр улсын дунджаас 3 хувь дээгүүр байсан бол сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суурилсан менежментээр өнөөдөр 13 хувь илүү гарч II түвшинд үнэлэгдлээ. Анги кабинетийн тоо 75 хувь, мэргэжлийн зэрэг 58 хувь, гүйцэтгэlийн үнэлгээ авсан багшийн тоо 46 хувь ахилаа. Эко зуслан буюу сургалтын зуны төвийг өөрсдийн хүчээр байгуулж, зундаа 70 гаруй суралцагч амрааж хөгжүүлж байна. Бусад аймаг, сумынхан ч туршлага судлах гэж ханддаг боллоо.   

Эх сурвалж: www.zms.mn