Н.Жаргалмаа

Тайвань аралд 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж есөн хүн амиа алдаж, мянга гаруй хүн бэртжээ. Газар хөдлөлт өчигдөр буюу 3-нд орон нутгийн цагаар өглөөний найман цагт болсон байна. Албаныхны мэдээлээснээр газар хөдлөлтийн голомт арлын зүүн хэсгийн Хуалинь хотоос өмнө зүгт 18 км-ийн зайд, 16 гаруй км-ийн гүнд үүссэн ба дахин 100 гаруй чичирхийлэл бүртгэгджээ.

Энэхүү газар хөдлөлт нь Тайвань аралд сүүлийн 25 жилд тохиогоогүй хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Арлын зүүн хэсэгт үүсэн чичирхийлэл нийт нутгаар мэдрэгдэж Хуалинь хотоос 100 км-ийн зайтай нийслэл Тайпей хотын байшин барилга нуран унажээ.

Газар хөдлөлт болсны дараа хөрш зэргэлдээх Флиппин, Япон цунамигийн түгшүүр зарласан ч хэсэг хугацааны дараа сэрэмжлүүлгийн зэрэглэлийг зөвлөмж болгон буулгажээ. Тодруулбал Японы цаг уурын агентлаг газар хөдлөлтийг 7,7 балл хүрсэн ба хэд хэдэн жижиг цунамигийн давлагаа Окинавагийн өмнөд хэсгийн зарим хэсэгт хүрсэн гэж мэдээлжээ. Харин Филиппинд газар хөдлөлт судлалын албаныхан эрэг орчмын оршин суугчдыг өндөр газар руу нүүхийг анхааруулсан байна. БНХАУ-ын төрийн хэвлэлүүд газар хөдлөлт зүүн өмнөд Фужиан мужид мэдрэгдсэн гэсэн бол “Ройтерс” агентлагийн гэрч чичиргээ Шанхай хотын худалдааны төвд ч мэдрэгдсэн гэсэн байна.

Тайванийн зүүн муж болох Хуалинь их хэмжээний хохирол учирч барилгууд нурж, авто болон төмөр замууд хаагдаж, арлын бусад хэсгээс тусгаарлагдахад хүрсэн байна. Харин өнөө өглөө Хуалинь хүрэх гол шугам эргэн хэвийн ажиллагаанд өрсөн хэмээн төмөр замын захиргааны мэдээлжээ. Хуалинь нь хүн ам сийрэг, уулархаг нутаг бүс нутаг ажээ. Түүнчлэн газар хөдлөлтийн дараа хэсэг хугацаанд цахилгаан тасалдаж саатсан бол дахин хэвийн болж эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч “TaiPower”-ийн мэдээлснээр арлын хоёр атомын цахилгаан станц аюулд өртөөгүй байна.

Эх сурвалж: www.zms.mn