Нийслэлийн онцгой байдлын албанаас гамшгийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор дадлага сургуулалтын дуут дохиог өнөөдөр 16:00 цагт улс орон даяар дуугаргасан.  Зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үед иргэд толгой дээрээ хатуу хавтас хамгаалалт болгон барьж өөрт ойр “цугларах цэг” гэсэн талбайд цугларч гамшиг ослын бэлэн байдлыг хангах үүрэгтэй.  

Энэхүү дуут дохиог жилд нэг удаа дуугаргаснаар албан байгууллага, айл өрх, хувь хүн бүр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн осол, гамшиг эрсдлээс хамгаалах, урдчилан сэргийлэх арга хэмжээг хэвшүүлэх зорилготой  юм. Энэ дагуу өнөөдөр хотын төвд байрлах албан байгууллагын иргэд, мөн ойролцоо явж буй хүүхэд залуус Сүхбаатарын талбайд цугларч аюулгүй байдлаа хангаж ажилласан юм. Энэ талаар тухайн цэгт үүрэг гүйцэтгэж буй Төрийн ордны онцгой байдлын албаны дарга хурандаа Г.Эрдэнэболдоос зарим мэдээллийг тодруулсан юм.

Нийслэлийн хэмжээнд нийт 60 гаруй дуут дохиог байршуулсан

 “Орон даяар гамшгаас хамгаалах дуут дохио нэгдсэн журмаар дуугарлаа. Үүнд төрийн ордны албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагынхан идэвхтэй оролцож төв талбайд цугларлаа. Энэхүү сургалт нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд иргэд гамшгийн үед өөрийгөө болон бусдыг аврах, газар хөдлөлтийн аюулын үед авах арга хэмжээний талаар мэдээлэл сайн, идэвх оролцоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн Онцгой байдлын албанаас энэ удаагийн сургалтаар хоёр сая иргэнийг хамруулах зорилт тавин ажилласан. Үүний хүрээнд газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх,  таниулан сурталчилах ажиллагааг өргөн хүрээнд хийж гүйцэтгэсэн. ЕБС-ийн хувьд энэ чиглэлийг сургалтууд хичээлийн хөтөлбөрт ороод явж байгаа бол албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд жилдээ нэг удаа мэргэжлийн сургалт зааварчилгаа авах байдлаар хамтран ажиллаж байна. Гамшгаас хамгаалах дуут дохио нь Засгийн газрын тогтоолын дагуу жилд нэг удаа орон даяар явагдана. Харин шаардлагатай тохиолдол буй их хэмжээний гамшиг ослын үед иргэдэд сэргэмжлүүлэх журмаар дуугаргах бэлэн байдлыг хангах ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 60 гаруй дуут дохиог байршуулсан. Алслагдсан дүүрэгүүдэд өөрсдийн боломжит хэмжээнд байршуулсан тохиолдол бий.

Гамшиг, осол, гал түймэр нь хэзээ ч, хаана ч, хэнд ч тохиолдох боломжтой. Тийм  учраас иргэд сургалтандаа идэвхтэй хамрагдаж өөртөө болон бусдад туслах, заавар зөвлөмжийг маш сайн аваарай” гэв.

Эх сурвалж: www.zms.mn