Ч.ГАНТУЛГА

 

Саяхан дэлхийн кино урлагийн хөгжлийг тодорхойлж, шилдгүүдийг шалгаруулах 96 дахь удаагийн “Оскар”-ын наадам болсон билээ. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг бүтээлээр Кристофер Ноланы найруулсан "Оппенхаймер" кино 13 төрөлд нэр дэвшиж, долоон “Оскар”-ын шагнал хүрт­сэн. Бодит хүний тухай өгүүлэх энэхүү бүтээлийн гол дүр Роберт Оппенхаймер гэж хэн бэ. 

 

“Цөхөрсөн” суут ухаантан 

Роберт Оппенхаймер бол дэлхийд алдартай зохион бүтээгч юм. Гэвч бусад зохион бүтээгчдийн адил түүний алдар нэр сайн талаараа мандсангүй. Учир нь тэрээр дэлхийн хамгийн аюултай зэвсэг болох цөмийн бөмбөгийг зохион бүтээсэн ажээ. Энэхүү нээлтээр нь түүнийг дэлхийг өөрчилсөн гэж үздэг юм. Харин нөгөө талаас түүний энэхүү нээлт байгаагүй бол дэлхийн физикийн салбар хэний ч сонирхлыг татахгүй байсан гэж зарим судлаачид онцолдог. Дэлхийн суут ухаантан Оппенхаймер 1904 онд Нью-Йорк хотноо  еврей гэр бүлд төрж, Манхэттений Ёс зүйн соёлын сургуулийг дүүргэжээ. Тэрээр гурван жилийн дотор Харвардын их сургуулийг амжилттайгаар төгссөн цөөхөн хүний нэг. Оппенхаймер Харвардад сурах амархан байсан ч өсвөр насны сэтгэлзүйн хямралыг даван туулах нь илүү хэцүү байжээ. Тэрбээр Кэмбрижийн их сургуульд суралцаж байхдаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байснаа хожим дурссан байдаг. Оппенхаймер Манхэттен төслийн лабораторидоо дэлхийн анхны цөмийн тэсрэх бөмбөгийг зохион бүтээсэн гэдэг.  Үүний эхлэл нь Пентагоны бүтээн байгуулалтыг гардах хийсэн армийн инженер, генерал Лесли Гровсоос эхтэй юм.  Энэхүү генерал Манхэттен төсөл гэгдэх болсон нууц төслийг удирдах болжээ. Гэхдээ түүний хувьд цөмийн зэвсгийн талаар ямар ч мэдлэг байсангүй.  Улмаар түүний хараанд Оппенхаймер өртсөнөөр цөмийн тэсрэх бөмбөгийг бүтээх төслийг удирдах эхлэл нь тавигджээ. Түүний энэхүү нээлтийн дараанаас түүний тухай олон нийтлэл хэвлэгдсэн бөгөөд ихэнх нь хар бараанаар дүрсэлж, нээлтийнхээ золиос болсон "цөхөрсөн" суут ухаантан гэж буруутгаж байжээ. 

 

Туршилтыг Нью-Мексиогийн элсэн цөлд хийв

Дэлхийн хоёрдугаа дайн эд өрнөж байв. Цөмийн бөмбөгийн анхны туршилтыг 1945 оны долдугаар сарын 16-нд  Нью-Мексикогийн элсэн цөлд  хийсэн гэдэг. 
Ингээд хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод унагав. Үүнээс гурав хоногийн дараа Нагасаки дээр хаяжээ. Хоёр цөмийн тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтээс болж 110 мянга гаруй хүн нас барсан гэж тухайн үед мэдээлж байсан ч хожим хохирогчдын тоо 210 мянгад хүрсэн байдаг.  Улмаар наймдугаар сарын 15-ны өдөр Японы эзэн хаан бууж өгснөө зарласан түүхтэй.Японд болсон үйл явдлын шууд дараа Оппенхаймер нийтэд цөмийн дайны аюулын талаар ярьж эхэлсэн бөгөөд энэ үедээ АНУ-ын засгийн газарт цөмийн зэвсгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Оппенхаймер амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Принстонд өнгөржүүлж, 1966 оныг хүртэл Ахисан түвшний судалгааны хүрээлэнд ажиллажээ. Тэрбээр 1967 оны хоёрдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан түүхтэй. 

 

Түүхэн хүний тухай өгүүлсэн энэхүү кино ямар төрөлд “Оскар” хүртсэнийг танилцуулъя

 

Шилдэг найруулагч


 Тус киноны найруулагч Кристофер Нолан нийтдээ найман удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан. Харин энэхүү түүхэн киногоороо анхны “Оскар”-аа атгасан нь энэ.  

 

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин


 Киноны гол дүр болох Роберт Оппенхаймерын дүрд жүжигчин Киллиан Мөрфи тоглосон. Тэрээр энэхүү дүрээрээ “Оскар”-т анх удаа нэр дэвшиж, тус шагналыг хүртлээ. 

 

Шилдэг эрэгтэй  туслах дүр 


 Кинонд АНУ-ын Цөмийн энергийн комиссын гишүүн Льюис Штрауссын дүрд Роберт Дауни тоглосон билээ. Тэрээр мөн л энэхүү дүрээрээ анхны  “Оскар”-аа өвөртөлсөн байна.  

 

Шилдэг кино
Дэлхийн II дайны үед физикч Ж.Роберт Оппенхаймерыг маш нууц төсөл дээр ажиллахаар болж буйгаар кино эхэлдэг. Оппенхаймер болон эрдэмтдийн баг атомын бөмбөг зохион бүтээж, 1945 оны долдугаар сарын 16-нд дэлхийн анхны цөмийн дэлбэрэлтийн гэрч болсон тухай өгүүлэх юм.  


 Шилдэг хөгжмийн зохиол
 Оппенхаймер киноны хөгжмийн зохиолыг Людвиг Горансон бичжээ. Түүний хувьд энэ цагт дэлхийн киноны хөгжмийн ертөнцөд гарч ирж буй шинэ, авьяаслаг уран бүтээлч юм.  
 
Шилдэг зураг авалт
Киноны зураглаачаар Хойте Ван Хойтема ажиллажээ. Тэрээр өмнө нь “Dunkirk”, “Interstellar”, “Tenet” зэрэг алдартай киноны зураглаачаар ажиллаж байсан туршлагатай. 

 

Шилдэг эвлүүлэг 
Киноны эвлүүлгийг Женнифер Лейм хийжээ. Тэрээр уйдамгүй, хамгийн сонирхолтой эвлүүлэг хийсэн гэж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)