Франц улс нь хэл, түүх, соёлоороо дэлхийд гайхагддаг. Тэр ч утгаараа жилд олон мянган жуулчдыг татаж чаддаг. Эйфелийн цамхаг, түүхэн музей, уран зургийн галерейг үзэж сонирхохоос гадна франц амттан, нарийн боовнууд ч жуулчдын сэтгэл томоохон байр суурь эзэлдэг. Франц хэмээн овоглогдсон нэгэн амттан бол Макарон юм.


 

Энэхүү бүйлсний гурилаар хийсэн нарийн боовыг дундад зууны үеэс үүсэлтэй гэж үздэг. Одоогоор Франц улс уламжлалт макароныг олон янзаар жигнэдэг ба цөцгийн хавчуургатай төрөл нь хамгийн түгээмэл байдаг. Үндсэн жорд  өндөгний цагаан, нунтаг элсэн чихэр, маш нарийн нунтагласан бүйлсний гурил мөн олон төрлийн амтат жимсний чанамал ордог. Мөн хүнсний будаг ашиглан өнгө алагласан макароныг гарган авдаг. Францын хатан хаан Мари-Антуанетт ч энэ төрлийн жигнэмэгт маш дуртай байсан гэдэг.

Харин 2000 оноос хойш макарон Францаас гарч дэлхий дахинд нэр алдраа түгээсэн юм. Үүнд мэдээж чухал нөлөө үзүүлэгчид бий. АНУ-ын хүнсний томоохон сүлжээ компаниуд болох "Whole Foods", "Starbucks"өөрсдийн үндсэн цэсэд макароныг нэмжээ. Мөн 2007 оноос Франц дахь "McDonal's", "McCafes" зэрэг сүлжээ түргэн хоолны газрууд, жижиглэн худалдааны мухлагууд макароны хялбаршуулсан хувилбаруудыг нэвтрүүлсэн юм. Өнөөдөр макарон нарийн боовны борлуулалт жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Түүнчлэн дан ганц Франц бус Берлин дэх "Galeries Lafayette" болон Канад, АНУ-ын хотуудын нарийн боовны дэлгүүрүүдийн үндсэн цэсэд зүй ёсоор багтсаар байна. Азийн орнууд ч өөрсдийн уламжлалт хүнсний түүхий эдээр баяжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Франц улс 2005 оноос хойш үндэсний макароны өдөр буюу "Jour du Macaron"-ыг жил бүрийн гуравдугаар сарын 20-нд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Эх сурвалж: www.zms.mn