Монгол Улсын хэмжээнд жилд 3,5 сая тонн хог хаягддаг. Үүнээс хоёр сая гаруй нь орон нутгаас гардаг байна. Мөн 21 аймаг, 330 сумын хогийн цэгүүд дүүрч байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Түүнчлэн манай улсад хог хаягдлыг дахин боловсруулдаг 30 гаруй үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Гэвч иргэд хогоо зохих ёсны дагуу ангилан хаяхгүй байгаагаас үүдэн дээрх үйлдвэрүүд түүхий эдийн дутагдалд ороод байна. Дараах асуудлаар "Хог биш баялаг" НҮТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хогоо ангилан ялгах сургалт нөлөөллийн ажлыг таван жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлж байна. Монгол орноо хоггүй болгоё гэх төслийг өнгөрсөн оны зургаадугаар сараас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон "Макс Эксим" компанитай хамтран хэрэгжүүлсэн. Харин энэ удаад “Эко орчин” компанитай хамтран дээрх төслийн хүрээнд "Хогоо ангилах бүх нийтийн аян"-ийг орон даяар зарлаж байна. Манай улс 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 27 хувийг дахин боловсруулна гэж амласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байгаа. Аяны хүрээнд  21 аймаг, 330 суманд дахивар нөөц бэлтгэн нийлүүлэх иргэнтэй хамтарч ажиллах зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсны дүнд нийт 80 сумын 100 гаруй иргэн бидэнтэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ удаад бид илүүтэй орон нутгийн иргэд рүү чиглэн ажиллахаар зорьж байна. Улаанбаатар хотод харьцангуй үйл ажиллагаа явагддаг бол орон нутаг маань орхихдоо хандлагатай. Тиймээс Монгол орны 21 аймаг, 330 сум суурин болгонд дахивар нөөц авдаг 1-2 иргэнийг бэлтгэх. Цаашлаад тухайн сум, аймгийн Засаг даргын Тамгын газруудад чиглүүлэх сургалт явуулах, иргэдийг мэдээллээр хангах сургагч багш бэлтгэх үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөөд байна" гэв.

  Орон нутагт хогыг ангилан Улаанбаатар дахь дахин боловсруулах үйлдвэрт авчрахад хамгийн том асуудал бол тээвэрлэлтийн зардал. Харин энэхүү асуудлыг шийдэх аргыг АПУ ХК-тай хамтран гаргажээ. Тухайлбал, нэг суманд ойролцоогоор 10-20 мянган шил цугласан тохиолдолд замын зардлыг АПУ ХК гаргах боломжтой гэсэн байна. Мөн дахин боловсруулах үйлдвэрүүд ангилсан хогийг бүс нутгаар тээвэрлэх боломжтой гэдгийг онцоллоо. Одоогийн байдлаар манай улс зургаа төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг. Үүнээс зөвхөн шилний хувьд авч үзвэл ангилж тушааснаар 12 сая хүртэлх төгрөгийн орлого олох боломж байгаа гэдгийг тооцоолжээ. 

Эх сурвалж: www.zms.mn