П.БОЛОРМАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Мод үржүүлэгч" төслийн хүрээнд хашаандаа мод тарьж ургуулж, идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгжид хүлэмж гардууллаа.Тэрбум мод тарих амлалт аваад буй энэ үед манай улсад тохирсон модны тарьц, суулгац хангалтгүй байгаа учир иргэдийг энэ чиглэлд ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх зорилгоор уг төслийг эхлүүлжээ. Ийнхүү шалгарсан эхний 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, 50 өрхөд хашаанд нь хүлэмж барьж өгөхөөс гадна хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх аргыг заана. Мөн мод үрсэлгээний үрээр хангаж хөрс сийрэгжүүлэгч усалгааны системийг хашаанд нь суурилуулж өгөх юм. Ингэснээр хашаандаа мод тарьж буй өрхүүдийг мод үржүүлэгч хувийн бизнес эрхлэгч болгох боломжийг бий болгож байна гэдгийг албаныхан онцолж байв. 


Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар "Ирэх дөрөвдүгээр сард мод арилжааны онлайн биржийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа. Тус биржээр дамжуулж өрхүүд үрсэлгээгээ борлуулан орлоготой болох боломжийг нээж өгөх юм.  Өмнө нь мод үржүүлгийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд эрхлэх ёстой гэсэн хууль, дүрэмтэй байсан ч өнөөдрөөс эхлээд гэр хорооллын 220 мянган өрх бүгд мод үржүүлэгч болж, бизнес эрхлэх боломжтой болж байна. Төсөлд шалгараад буй эхний 50 өрх нь энэ ажлын эхлэл, загвар өрхүүд болж байгаа” гэлээ. 
5х6-ийн хэмжээтэй хүлэмжид нийтдээ 50 мянган үрсэлгээг нэг дор үрслүүлэх боломжтой. Ингэснээр гэр хорооллын тоосжилтыг дарахаас эхлээд олон давуу талтай. Тиймээс айл, өрхүүдэд мод тарих боломжийг нээж өгснөөр тухайн өрхдөө ч эдийн засгийн хөшүүрэг болж өгнө. Энэ ажлыг олон ярьж төлөвлөсөн ч эдийн засгийн хөшүүрэггүйн улмаас хэрэгжихгүй байсан гэдгийг салбарын яамны удирдлагууд хэлж байв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7298)