Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Спорт” буландаа энэ сарын эхний хагаст болсон спортын томоохон уралдаан тэмцээнүүдийн тухай тоймлон хүргэж байна.

 

Э.Цэндбаатар  ес дэх ялалтаа байгуулав 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ертөнцөд хүч үзэж байгаа билээ. Тэгвэл манай тамирчны хувьд энэ сарын эхэнд ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Түүний хувьд найм дараалан ялалт байгуулаад байсан  юм. Э.Цэндбаатарын энэ удаагийн өрсөлдөгч Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоро байлаа. Тэрбээр мэргэжлийн боксын дэвжээнд 14 ялж, хоёр ялагдаад байсан юм.  Бокс сонирхогчид манай тамирчин Э.Цэндбаатарыг "Илт давуу ялалт байгуулна" хэмээн таамаглаж, бооцоо тавьж байсан ч найман үеийн турш тулалдахад Мохамед Сумаоро тийм ч амархан бууж өгөөгүй. Ингээд тэмцээн өндөрлөхөд шүүгчид Э.Цэндбаатарт ялалтыг өгсөн юм. Ийнхүү Монгол Улсын тамирчин Э.Цэндбаатар одоогоор нэг ч ялагдал хүлээлгүй мэргэжлийн боксын рингэнд “босоо” хэвээр байна. 
Дараагийн анхаарал татсан нэгэн үйл явдал нь сагсан бөмбөгийн ертөнцөд болж өндөрлөлөө. Тодруулбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн плей-оффын хагас шигшээ тоглолтууд болсон. Тэмцээний эхний өдрүүдэд "IHC Apes", "Бишрэлт Металл" багийн тав дахь тоглолт болж, цувралыг 3:1-ээр "Бишрэлт Металл" баг тэргүүлсэн билээ. Энэ үеэр "IHC Apes" баг тоглолтын өмнө дасгалжуулагчаа халсан. Тус багийн ахлах дасгалжуулагч, Серби улсын иргэн Славолуб Лале Горунович цахим хуудасдаа "2023-2024 оны улирлыг "IHC Apes" багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубийн удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" гэсэн байв. 
Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цом, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр, гурван хүрэл медаль хүртжээ. Заримаас нь онцолбол, Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болжээ. Энэ үеэр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр шагнасан юм.

 

Их аварга Хакүхог тойрсон шуугиан 

Японы нийслэл Токио хотод "Токио-2024” марафон амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын тамирчин, Ази тивийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилт үзүүлж, "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан тэрбээр шагналт наймдугаар байрт шалгарснаас гадна Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Токиогийн марафон нь дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдсэн бөгөөд Б.Хишигсайханы хувьд энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн анхны монгол урлалдаанч болж, нэрээ мөнхөлсөн ажээ. 
Энэ сарын дундуур Монголын чөлөөт бөхийн ертөнцөд нэгэн онцлох үйл явдал болсон нь Монголын гурван бөх олон улсын тэмцээнээс гурвуулаа мөнгөн медаль авсан агшин байв. Тодруулбал, Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд болж өндөрлөсөн. 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус, тус мөнгөн медалийн эзэд болсон юм. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт дөрвөн жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой гуравдугаар байрт шалгарсан. 
Японы мэргэжлийн сүмогийн ертөнц энэ сард их аварга Хакүхог тойрсон шуугиан тасралтгүй үргэлжилж байна. Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хокүсэйхо Э.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргалд хариуцлага хүлээлгэх талаар Сүмогийн холбооноос мэдээлсэн билээ. Ингээд Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмогоос зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг шавиа удирдаж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унагаж, дэвжээг нь хаах шийдвэр гаргаад байна. Улмаар Миягино дэвжээний бөхчүүдийг хэрхэх эсэхийг мэргэжлийн сүмогийн томоохон дэвжээнүүдийн нэг болох Исэгахама дэвжээний ояката буюу дэвжээний эзэнд нь даалгажээ. Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд дэвжээгээ удирдахын тулд иргэншлээсээ татгалзаж, улмаар Японы иргэн болоод багагүй хугацааг үдэж буй. Харин энэхүү шуугианы эцэст эргээд эх орондоо ирэх нь гэсэн яриа сүмо сонирхогчид болон монголчуудын дунд өрнөсөөр байгаа билээ. 

 

Биатлончид аваргаа тодруулав

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Батмөнхийн нэрэмжит биатлоны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Булган аймгийн Хангал сумын “Сэлэнгэ” амралтын газар энэ сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү анхны насанд хүрэгчдийн анхны тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хэнтий аймаг, "Алдар", "Хилчин" спорт хорооны шилдэг биатлончид оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээний эхний өдөр багийн буухиа уралдааны эрэгтэй ангилалд Eвропын залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан, ОУХМ О.Гантулга нарын баг болох "Алдар" спорт хороо түрүүлсэн. Эмэгтэйчүүдийн багийн буухиад мөн л "Алдар" спорт хорооны баг үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин тэмцээний хамгий өрсөлдөөнтэйд тооцогддог 7.5 км зайд болсон уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 12 биатлонч өрсөлдсөнөөс ОУХМ Э.Энхсайхан түрүүлж, спортын мастeр Ж.Анхболд, ОУХМ О.Гантулга нар мөнгө, хүрэл мeдалийг хүртэв. Яг энэ цаг үед  ХБНГУ-ын Дортмунд хотод буудлагын олон улсын тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний 10м-ийн хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн мөнгөн медаль, 10м-ийн хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сөүл хотод “Сөүл марафон 2024” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын марафонч Б.Мөнхзаяа уралдаж 2:24:44 цагийн амжилтаар долоодугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ. Ийнхүү манай улсын хоёр тамирчин марафон гүйлтийн төрлөөр "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)