Пүрэвдашийн Амгаланбаяр 

Монголчууд бид цаг зуурын бэрхшээлийн өмнө сөгдөж хорвоо энэ чигээрээ дуусах юм шиг  шантарч болохгүй. Нэгэн цагт дэлхийн чихийг дэлдийлгэж явсан их түүхтэй, эрүүл бие, саруул ухаантай, хүчирхэг ард түмэн оюуны мэлмийгээ нээж, төрөлх газар шороон дээрээ эзний ёсоор аз жаргалтай амьдрах ёстой. Энэ цаг ойрхон байгаа. Хувь заяа  бидний гарт бий. Энэ бол Монгол Улсын  хуулийн байгууллагын 40 гаруй жилийн түүхийг бичилцэн, галыг маналцсан Гавьяат хуульч Н.Чадраабалын шударга ёсны төлөө зүтгэхэд нь хөтөлдөг итгэл үнэмшил.  Хуульч хэмээх мэдлэг ур чадвар шаардсан мэргэжил эзэмшиж, төрөө түшилцэж, түмнээ нөмөрлөх үйлсэд энэ насаа зориулан яваа ахмад хуульчийн хийсэн ажил, туулсан амьдрал нь анхаарал татсан юм. Түүнийг нэг өгүүлбэрээр  тодорхойлбол, шударга, үнэний дэнсээр алхаж яваа энэ цагийн эгэл баатар мөн ажээ. Ийм нэгэн амьдралын баялаг түүхтэй, эгэлгүй гавьяатай эрхмийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцоллоо.

 

Хүүхэд насыг хөглөх дурсамж

Хүн бүрийн амьдралын туулсан цаг хугацаа, хувь тавилан олон өнгөөр зурагдсан байдаг. Дардан шулуун бус бартаа саадтай замаар туучиж, унаж, босож, тэмцэж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн нэгэн бол манай нийтлэлийн баатар Н.Чадраабал. Энэ хүний амьдралын түүхийг сонсож суухад гунигламаар, бахархмаар, бас огшмоор үе байв. Ийнхүү түүний ярьсан амьдрал, ажил мэргэжлийн амттай түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэж байна.
Н.Чадраабал  Говь-Алтай аймгийн  Чандмань сумын уугуул, Налайх хотын суугуул нэгэн. Төрөлх нутгийнхаа Хүрхрээ голын хормой, Бөөрийн хөндийн бужигнасан  хөх тоосон  дээр гадаа  төрсөн түүхтэй.  Анх Ядамсүрэн гэж нэр өгсөн ч  өвчин ороогоод  байсан учраас Чадраабал хэмээх нэрийг хайрласан гэдэг. Ийнхүү тэрбээр Намжилдоогийн Чадраабал хэмээх эрхэм  нэрээр овоглож, хүмүүний заяаг түшиж явна. Нийтлэлийн баатар маань 16 хүүтэй айлд дээрээ 11 ах, доороо  дөрвөн дүүтэй.


Аав Намжилдоо нь хар багаасаа Хүрхрээгийн хийдэд  шавилсан номтой хүн байжээ.  Гэвч төр засгийн шийдвэр цагийн аясаас үүдэн хар болж эхнэр авч  нутагтаа  тариа ногоо тарьж амьдралаа эхлүүлсэн байдаг. Эдүгээ Хүрхрээгийн хийдийн гадаах хүндэтгэл дурсгалын самбарт  түрүү үеийн  лам нарын  нэр сийлээстэй  байдгийн  18 дугаарт  Чадраабалын аав мөнхөд оршиж байдаг аж. Тэрбээр нутаг усандаа нэртэй, олонд хүндлэгдсэн хүмүүн байсан гэдэг. 
Н.Чадраабал амьдралын эрээн, бараантай нугачаанд хар багаасаа бүдчиж өссөн ч тухайн үеийн нийгмийн тордлого, өөрийн хандлага ухаанаар чиг мөрөө алдалгүй яваа нь бахархам санагдлаа. Түүнийг таван настай байхад нь  ээж  нь бурхан болж улмаар 11 настайд нь аав нь тэнгэрт дэвшиж амьдралыг түших хоёр баганаа алдаж бүтэн өнчин үлджээ. Энэ тухайгаа Н.Чадраабал “Налайхад тооноор нь тоос бужигнасан бор  гэртээ  аав ээж, ах дүү,нарынхаа дэргэд өссөн хүүхэд нас бол хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын минь нэг. Аавыг бурхан болсны дараа ах дүү, хамаатан саднаа бараадаж тарж явцгаасан. Би нагац ахындаа хотод ирж 24 дүгээр сургуульд сурч эхэлсэн боловч тэднийд идээшиж чадаагүй” хэмээлээ.


Нийтлэлийн баатар маань  багаасаа уран зохиолын номыг  шимтэн уншдаг  хүүхэд байжээ. 1955-1975 онд гарсан бараг бүх  орчуулгын  болон дотоодын уран зохиолын  номыг уншсан байна. Номын хорхойд хөтлөгдсөн балчир хүү нэг өдөр “Шаалуу хүү Маугли” номыг ширээн доогуураа хийчхээд  хичээл дээрээ сэмхэн уншиж байтал  багш нь  номыг нь хураан авч, ширүүхэн загнажээ. Н.Чадраабал тэвчээр алдан адарч багшийгаа хочоор нь дуудсанаас болж хичээлээсээ хөөгдсөн  байна. Ингээд л долдугаар ангиасаа сургууль завсардаж хөдөө төмөр замд түр ажиллаж, улмаар Налайхад амьдарч байсан ах Н.Пүрэвжав дээрээ очсон ч удалгүй ах нь зуурдаар амь насаа алдаж,түүний  амьдралынх нь  бараан цаг хугацааны нэг болон үлджээ. Тухайн үед Налайхын дарга  Шагдар хэмээх ухаалаг хашир хүн  чиг замыг нь зааж 1965 онд цэрэгт явуулснаар амьдралынх нь нэгэн шинэ хуудас бичигдсэн түүхтэй. 

 

 

Хувь заяаны их хишиг хүртэв

Н.Чадраабал 1968 онд цэргээс халагдаж ирэхэд орох орон байгаагүй ч өөртөө зорилго тавьж Хууль цаазны дунд сургуульд орж, 1971 онд тус сургуулиа онц дүнтэй, Улсын дээд шүүхийн Хүндэт үнэмлэхтэй төгссөнөөр түүний хуульч мэргэжлийн замнал эхэлсэн нь энэ. Тэрбээр сургуульд сурч байх үедээ ханьтайгаа танилцаж, гал голомтоо бадрааснаас хойш өдгөө 40 гаруй ам бүлийг толгойлж өнөр өтгөн сайхан амьдарч явна. Түүний зургаан хүүхдийн дөрөв нь, мөн ач зээ нараас нь өвөө, эмээгийнхээ мэргэжлийг өвлөж эднийхээс одоогоор 10 гаруй хуульч төржээ. Ийнхүү гурван үеийн хуульчид бэлтгэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Хүүхдүүд маань бид хоёрын мэргэжлийг нэр төртэйгөөр  өвлөсөнд бахархаж явдаг” гэсэн юм. Эхнэр Л.Даваасүрэн нь мөн л хуульч мэргэжилтэй, өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн бөгөөд  “Шударга төрийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал ажээ. Хүний эрх,эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үйлсэд амьдралаа зориулсан энэ эмэгтэй Хууль  Цаазны  дунд  сургууль болон  МУИС-ийг төгсөж, Улсын Дээд шүүх,  Сэлэнгэ аймаг, Багануур,  Налайх,  Улаанбаатар хотод  хууль, шүүх, төрийн байгууллагад  олон  ажилласан туршлагатай. Ард түмний  гавьяат хуульч хэмээх цолтой, Монголын хуульчдын холбооны гишүүн болон Өмгөөлөгчийн Холбооны гишүүн хүн юм байна. Ийнхүү хуульч мэргэжлийг эзэмшсэн ховорхон заяаны эзэд болох энэ  хоёр хүн ханилаад 56 жилийнхээ хавартай золгож байна.  
Гавьяат хуульч Н.Чадраабал бол төрийг намаар,  хуулийг үзэл суртлаар,  шинжлэх ухааныг  дур зоргоор, хүн чанарыг  албан тушаалаар сольж болохгүй гэдэг зарчмыг баримталж ирсэн шударга үйлстэн. Түүний онцлон хэлдэг нэг санаа бол “Дипломтой болгоныг хуульч гэж үздэггүй. Зарим нь мэргэжлээ хоол олж идэх арга болгож, хүчтэй эрх мэдэлтэй талд нь үйлчилж цагийн аяс дагаж амьдардаг. Хуульчдад тавигддаг наад захын шаардлага нь хууль заавал биелэж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй, хуулийг уншаад ойлгодог, хуулийн хэллэгээр ярьж харьцах чадвар бүхий мэргэжил, мэргэшил, боловсрол, туршлага ур чадвартай, хүнлэг сэтгэлтэй хүн байх учиртай. Ийм хуульч мэргэжилтэнг нийгэм хүлээн зөвшөөрнө” гэж ярьдаг хүн билээ. 

 

 

Хуульч мэргэжлээрээ гоёсон он жилүүд

Нийтлэлийн баатар маань ажил мэргэжлийн гараагаа Сэлэнгэ аймгаас эхэлсэн ажээ. Түүний хувьд даалгасан ажил бүрд манлайлж ажиллан, өгсөн үүрэг даалгавар хариуцлагатай биелүүлдэг нэгэн тул олон үйл явдлын анхдагч болж бусдын итгэлийг дааж өөрийн амьдралын сайхан түүхийг бүтээсэн байна. Н.Чадраабал анхны ажлын гарааныхаа тухайд ийнхүү дурсамж дэлгэв. “1971 оны долоодугаар сард хоёр цагаан ор,  нэг авдраа аваад  ачааны галт тэргээр Сэлэнгэд  нүүж очиж байсан. Тухайн үед эхнэр нь Аймгийн Ардын Депутат Хурлын Гүйцэтгэх захиргаанд зохион зааварлагчийн албанд томилогдон очжээ. Удалгүй тэрбээр шүүгчийн албан тушаалд томилогдож гэр бүлийн хуульчид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байна. Хуульч Н.Чадраабал Сэлэнгэ аймагт есөн жил  шүүгчээр ажиллажээ. Шүүгчээр томилогдон очоод анхны хэргээ шийдэхдээ танхайн  хэрэгт холбогдсон хоёр залууд “Тэнсэн харгалзах ял” оноосон байна. Тухайн үед танхайн хэрэг их гардаг тул төр, нийгмийн анхаарлын төвд байсан ч тэдгээр залуусын цаашдын амьдралыг бодож, хазайсан дээр нь түлхчихгүй юм сан гэхдээ энэрэнгүй хандсан гэсэн юм. Нийтлэлийн баатар маань өөрөө амьдралын хүнд хэцүүг туулж өссөн учраас мэргэжилдээ ч гэсэн хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандсан нь онож анх шийтгэгдсэн хэрэгтэн нь ажил хөдөлмөрөөрөө алдаршиж удалгүй удирдах албан тушаалтан болж мандсан гэдэг.
Хуульч Н.Чадраабал мэргэжлээрээ ажиллах хугацаандаа олон  хэргийн үнэнийг дэнсэлж явсан туршлагатай хуульч. Тэрбээр хамгийн сүүлд буюу 1995 онд “Алт дилерийн  хэрэг” хэмээх  томоохон хэрэг дээр ажиллаж байсан. Энэ тухайгаа “Зах зээлийн  хүнд үед улс орныхоо  алтны нөөцийг устгаж, халаасыг  хоосолсон энэ хэрэг их ноцтой хэрэг байсан. МАХН-ын Төв хорооны /хуучнаар/ Улс төрийн  товчооны шийдвэрийн  дагуу  Улсын  төв банкинд  “Арбитражийн  гүйлгээ хийх  эрх”-ийг  1988 онд олгосон байдаг.  Улсын төв банк диллерийн гүйлгээг байнга гадны банкуудтай хийж байсан ч гүйлгээнийхээ алдагдлыг  олон нийтэд зарладаггүй байжээ.  1990 онд  ардчилсан нийгэмд шилжсэн  эхэн үед ч  арбитражийн гүйлгээг үргэлжлүүлэн хийж, Засгийн эрхэнд  байсан  ардчилагч  нар алдагдлынхаа  мэдээллийг  нууцалдаг байсан.  Швейцарийн  Базель хотод байдаг Олон улсын хөгжлийн банкны мэдээгээр  1990 оны гуравдугаар сард  Монгол Улс ямар ч зээлгүй байснаа  зургаадугаар сард 58 сая төгрөг,  есдүгээр сард 100 сая, арванхоёрдугаар сард гэхэд 62 сая долларын зээлтэй  болчихсон байсан.  Үүнээс л  “Алт диллерийн хэрэг”  босож ирсэн. “Алт диллерийн хэрэг” гэдэг нь  үндсэндээ 1991 онд  Монгол Улсын төв банк,банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу  диллерийн  үйл  ажиллагааны  үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээж, түүнийхээ төлбөрт  улсын нөөцийн  4.4  тонн алтыг өгчихсөн хэрэг юм. Тэр үеэс л  Монголд санхүүгийн  шимэгчид  гарч  ирсэн” юм гэж хуучлав.


 1980 онд  Багануурын районд /хуучнаар/ шүүх шинээр байгуулагдахад тэрээр анхны шүүгчээр нь томилогдсон байна. Дараа нь буюу  1982 онд  Налайхын шүүхэд томилогдон шүүгч, шүүхийн дарга, 1986 онд  Нийслэлийн шүүхэд ирж, Эрүүгийн коллегийн гишүүн болжээ. Хотын шүүхийн гишүүнээр дөрвөн жил зүтгэж, 1991 онд Сүхбаатар  районы  Шүүхийн даргаар ажиллажээ. 1993 онд  Шүүхийн ерөнхий зөвлөл анх байгуулагдахад  гишүүнээр сонгогдсон байна. Тэр үед Улаанбаатар хот есөн дүүрэгтэй болж,  1993 онд  Баянгол  дүүргийн шүүх байгуулагдахад  ерөнхий шүүгчээр ажиллажээ. Тэрбээр “Мөн 1993 оны хавар  Шүүхийн ерөнхий зөвлөлийг  12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахад  анхдугаар хуралдааныг  даргалах хувь учрал надад  тохиосон. Манай  зөвлөл анхныхаа  хуралдааныг  1993 оны  дөрөвдүгээр сарын 1-нд хийхээр  товлож,  хамгийн ахмад гишүүн Б.Цэрэндорж гуай  маань энэ хурлыг удирдаж явуулах байсан  боловч  тухайн  үед  албан ажил нь давхацсан учраас  дараагийн  ахмад  хүн болох  надад  хурал даргалах  үүрэг ногдсон юм.  Энэ  хуралдаанаар  10 гаруй асуудал хэлэлцэж улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Дэмбэрэлцэрэнг  гишүүдийн 100 хувийн саналаар  сонгож байсан. Энэ бол нэгэн цагийн  түүхэн  үйл явдал бөгөөд  шүүхийн  шинэчлэлийн эхлэл байсан”хэмээв. 


Н.Чадраабал 1995 онд Төрийн албаны зөвлөлийг анх байгуулагдахад шүүх засаглалыг төлөөлж тус зөвлөлийн орон тооны гишүүнээр 2009 он хүртэл 14 жил шахуу хугацаанд ажилласан байна. Энэ албан тушаал нь УИХ-ын дарга Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, дэд сайдтай дүйцэх төрийн өндөр зиндааны албан тушаал. Өөрөөр хэлбэл Монголын төрийн хэрэгт зүтгэж буй 225 гаруй мянган төрийн албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж тэднийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлөх ,үйл ажиллагааг нь үнэлж дүгнэх, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, төрд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх нөр их хариуцлагатай алба байсан тул улс орны хэмжээнд хүрч ажиллах шаардлага гарсан байна. Тэрбээр мэргэшсэн хуульч хүний нүдээр харахад намчирхаж талцан,улмаар улс орны эрх ашиг хохирч төрийн нэр хүнд унаж байгааг соргогоор анзаарч түүнийг, засаж залруулахын төлөө уйгагүй зүтгэж төрийн эрх барих дээд байгууллагуудад 20 гаруй жил тасралтгүй ханджээ. Мөн хэвлэл,мэдээллийн хэрэгслээр нийгэмд хүргэж байсан нь ард олны сэтгэл ханамжид нийцэж чухам энэ цаг үедээ “шударга” хуульч хүн гэдэг үнэлэмж авч чадсан юм.

 

 

Энэ эрхэм монголын төрийн хариуцлагатай албанд 50 гаруй жил хүчин зүтгэж түүхийг бүтээлцэхдээ аливаа нэгэн улс төрийн намд огт хамааралгүй өөрийнхөөрөө амьдарсан нэгэн юм. Түүний төр түмнийхээ төлөө зүтгэсэн он жилүүдийн баримтуудад түшиглэн зохиолч Л.Сэлэнгэмөрөн “Энэ цагийн эгэл баатар” нэртэй ном туурвисан. Энэ бүтээлд манай нийтлэлийн баатрын туулсан амьдрал, төр түмнийхээ төлөө зүтгэсэн ажил үйлс,шударга ёсны төлөө тэмцэх явцад өөрт нь учирсан эрсдэл,үүрсэн ачааг нь тод томруун гаргасан гэж уншсан  хүмүүс ам сайтай байдаг юм билээ. 
“Шударга төрийн төлөө”ТББ-ыг байгуулагч

Монголын төрд чөмгөө дундартал зүтгэж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж төр засгийн бүхий л дээд шагналуудыг хүртсэнээс гадна “Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл” цол 1996 онд авч байсан нь энэ хүний чадвар чансааг харуулсан баримт нотолгоо юм.
Төрийн хэргийн жинхэнэ мэргэжилтэн болсон энэ эрхмийн чадвар мэдлэг, туршлага ямагт бусдад үлгэр дууриалал болж байх ёстой гэдгийг ухаарч өөртөө үүрэг хүлээн хэсэг нөхдийн хамт 2007 онд “Шударга төрийн төлөө”нэртэй ТББ-ыг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Төрийн хэргийг хөтлөхөд иргэний нийгмийн оролцоо онцгой ач холбогдолтой тул “Шударга төрийн төлөө”  төрийн бус байгууллагын үйл ажиллагаа байнга идэвхжиж өнгөрсөн он жилүүдэд олон чухал үйл явдлуудад оролцсон байна. Тодруулбал, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиуд болон Эрүүгийн хуул, Зөрчлийн тухай хууль,Төрийн албан хаагчийн цалин хөлсийг алагчлан үзсэн зэрэг асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд 10 гаруй удаа хандсан байна. Мөн төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой зарим асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад санал бодлоо олон удаа хүргүүлж иргэний нийгмийн тод дуу хоолой болж иржээ. 
Хуульч Н.Чадраабал 2009 оноос “Мэргэн түшээ” нэртэй сургалтын төв  ажиллуулан төрийн албанд орж ажиллах сонирхолтой  30 гаруй мянган иргэнийг бэлтгэж ажил мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд хуульч бэлтгэх чиглэлийн сургалт, төрийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхижуулах , үндэсний монгол бичиг заах сургалт зэрэг олон хэлбэрийн үйл ажиллагааг эрхэлж буянтай үйлс бүтээж яваа  уйгагүй хөдөлмөрч нэгэн юм. Энэ эрхэм эдүгээ 80 насны босго шүргэж яваа ч  итгэл сэтгэл, эрч хүчээрээ түмний хүндэтгэлийг  хүлээсэн гавьяат үйлстэн аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)