Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа  Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга А.Эрмүүнийг урилаа.

ДАШТ-ээс гурван медальтай ирэв

Саяхан Эстони улсын Таллин хотод  өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөв. Тус тэмцээний залуучуудын ангилалд  А.Эрмүүн оролцож түрүүлсэн. Мөн тэмцээний 25 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль, 50 метрийн төрөлд мөн л хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр эх орон, Ази тивээ төлөөлөн Европын тамирчидтай өрсөлдөж анхны эрэгтэй ДАШТ-ний аварга болсноор бахархам амжилтын эзэн болов. Тус тэмцээнд 40 улсын 1500 орчим тамирчин өрсөлдсөн.  А.Эрмүүний хувьд таван жилийн өмнө ДАШТ-ий аварга болох зорилго өвөртөлж бэлтгэл сургуулилтдаа шамдсан ажээ. Тууштай хөдөлмөрийн үр дүнд зорилгоо биелүүлжээ. ДАШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Польшийн тамирчид байсан гэнэ. Э.Эрмүүн аварга болоод зорилгоо биелүүлсэндээ гайхах, баярлах хоёр давхацсан аж. Тэмцээнийх нь талаар асуухад “Би тэмцээний үед өөртөө их итгэлтэй байсан. Амжилт гаргаж чадахгүй бол гэсэн айдас байгаагүй. Дараагийн жил тэмцээн дахин болох учраас тэр л дээ. Гэхдээ тамирчин аливаа тэмцээнд амжилт гаргахын төлөө зорьдог. Би энэ удаагийн ДАШТ-д оролцохын тулд таван сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн” гэлээ.

А.Эрмүүн таван настайгаасаа эхэлж шатар тоглодог байжээ. Таван жилийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гэдэг.  Ингээд 2019 оноос тэмцээн уралдаанд зорьж бэлтгэл хийж эхэлжээ. Түүний багш Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн дасгалжуулагч Ш.Даваадорж. Нэгэн цаг үед хүйтэн усны төрөлд тэмцээн уралдаанд оролцдог байсан ажээ. Багшаасаа үлгэр дуурилал авч усанд сэлэлтийн спортод дурлажээ. Багш шигээ ур чадвартай тамирчин болно гэсэн хүслээр тамирчны замналаа эхлүүлсэн гэдэг. Тэрбээр усанд сэлэлтийн спортын тухайд “Усанд сэлэлт эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Монголчуудын гурван хүн тутмын хоёр нь нурууны суулттай гэсэн судалгаа бий. Усанд сэлэх нь хүнд амар амгаланг мэдрүүлдэг. Тиймээс стресс тайлна, нуруу болон уушгинд сайн” гэсэн юм. А.Эрмүүний хичээллэдэг хүйтэн усны төрөл нь тэвчээр шаарддаг онцлогтой. Хурд, хүч, тэвчээр, мэдрэмж шаарддаг гэдгээ хэлж байв.

Алсыг харсан зорилго нь 2026 оны олимп

А.Эрмүүн СЭЗДС-ийн оюутан. Тиймээс хичээлтэй ихтэй байдаг нь тодорхой. Бэлтгэлийн цагаа хэрхэн зохицуулдаг вэ гэхэд “Бэлтгэл хичээл хоёроо тэнцүүхэн хослуулахыг хичээдэг. Өглөө эрт бэлтгэлдээ явна. Цагийн хуваарь гаргаад төлөвлөгөөтэй явдаг.  Ер нь тэмцээний үеэр эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг шүү” гэлээ. Хүн бүрийн сэтгэлд анхны тэмцээн нь мартахын аргагүй дурсамж бүтээдэг. А.Эрмүүн “Би анх ОХУ-д болсон тэмцээнд оролцохдоо 50, 100 метрийн өврөөр даллах төрөлд мөнгө, хүрэл медаль авсан” гэв. Өнгөрсөн жил франц улс руу ДАШТ-д хоёр төрөлд өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарсан. Тус тэмцээнээс А.Эрмүүн их туршлага хуримлуулсан байна. Түүний цаашдын хамгийн том зорилго 2026 оны  олимп. Түүний амжилтын ард хайртай гэр бүл нь бий. Ямар ч цаг үед хамгийн ихээр дэмжиж урам өгдөг ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин