“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй сэтгүүлчдэд оногдуулж буй хорих ял шийтгэлийн хугацаа түгшүүрийн хэмжээнд хүрснийг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар хоригдож буй сэтгүүлчдийн дөнгөж 12.7 хувь нь эмэгтэйчүүд (69 эмэгтэй, 474 эрэгтэй) байгаа хэдий ч 2023 он гарснаас хойш сэтгүүлчдэд оноо­сон хамгийн урт хугацааны есөн ял шийт­гэлийн тавыг нь эмэгтэй сэтгүүлчдэд оноосныг тус байгууллага онцлов. 


Беларусь, Мьянмар, Бурундигийн нэр хүндтэй таван эмэгтэй сэтгүүлч арван жилээс бүх насаар нь хорих хүртэл ял шийтгүүлжээ. 


Одоогоор хоригдож байгаа хүмүүсийн дотор эмэгтэй сэтгүүлчдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа боловч 2023 оны нэгдүгээр сараас хойш хэвлэл мэдээллийн ажилтнуудад оногдуулсан хамгийн урт хугацааны хорих ял шийтгэлийн 55 хувь нь эмэгтэй сэтгүүлчдэд оногджээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд эмэгтэй сэтгүүлчид ингэж олноороо ийм хатуу ял шийтгэл хүлээж байгаагүй юм. 


Эмэгтэй сэтгүүлчдэд оногдуулсан хамгийн урт хугацааны таван ял шийтгэлийн гурвыг нь Беларусь улсад Марина Золатава, Людмила Чекина, Валерия Кастсиухова нар авсан бол Мьянмар улс хамгийн урт хугацааны буюу бүх насаар хорих ялыг Шин Дэвед оногдуулжээ. Хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьсон тус хоёр улсад эмэгтэйчүүдийг мэдээ нийтлэх эрх чөлөөг хамгаалах зориг гаргасных нь төлөө хатуу шийтгэж байна. 2023 оны нэгдүгээр сард Бурундид радиогийн хөтлөгч Флориан Ирангабие арван жилийн хорих ял авч, тус улсад таваас дээш жилийн ял авсан анхны эмэгтэй сэтгүүлч болов. 


“Эмэгтэй сэтгүүлчдийг урьд өмнө байгаагүйгээр мөрдөн хавчиж байгаа нь эмэгтэйчүүд сэтгүүл зүйн салбарт голлох үүрэг гүйцэтгэх нь нэмэгдэж буйтай холбоотой. Үүнд 2023 онд 140 эмэгтэй сэтгүүлчид буцалтгүй тусламж олгосон явдал багтана. Мөн эмэгтэй сэтгүүлчдийг ажлаа үргэлжлүүлэн хийх боломжоор хангах үүднээс Газын зурваст тусгайлан зай талбай байгуулах, Сенегал дахь эмэгтэй сэтгүүлчдэд зориулан сонгуулийг сурвалжлах асуудлаар сургалт явуулах, Энэтхэг дэх бидний түнш “Хэвлэл мэдээлэл дэх эмэгтэйчүүдийн сүлжээ”-тэй хамтран 100 гаруй эмэгтэй сэтгүүлчдэд зориулсан сургалт семинарын хөтөлбөр зохион байгуулах зэргээр янз бүрийн төслийг дэмждэг.” 

RSF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар: 
Эмэгтэй сэтгүүлчдийг хамгийн ихээр мөрдөн хавчдаг улс орнууд 


Эмэгтэй сэтгүүлчдэд оногдуулсан хамгийн хатуу таван ял шийтгэлийн гурвыг нь Беларусь улс дангаараа оноосон. 2023 онд Марина Золатава (Tut.by), Людмила Чекина (Tut.by), Валерия Кастсиухова (Беларусийн жилийн тайлан мэдээ) нарт арваас арван хоёр жилийн хорих ял шийтгэсэн. 


“Олон нийтийн талбарт улам идэвхжиж, олны анхааралд ихээр өртөх болсон, эрх баригчдын эсрэг шүүмжлэл өрнүүлдэг хараат бус хэвлэл мэдээллийн ажилтан эмэгтэй сэтгүүлчид сонгуулийн дараа 2020 оны наймдугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалаас хойш залхаан цээрлүүлэлтийг маш ихээр амсах болсон” гэж RSF-ын Зүүн Европ, Төв Азийн асуудал хариуцсан албаны дарга Жанна Кавелие хэлэв. 
Төв Африкийн Бурунди улсад хоригдож буй цорын ганц сэтгүүлч болох радио нэвтрүүлгийн хөтлөгч Флориан Ирангабие 2023 оны нэгдүгээр сард арван жилийн хорих ял шийтгүүлсэн. Тус улсад эмэгтэй сэтгүүлчид таваас дээш жилийн хорих ял оноож байсан удаагүй. "Үндэсний нутаг дэвсгэрийн дотоод аюулгүй байдалд заналхийлсэн" хэргээр буруутгагдсан тэрбээр хөрш зэргэлдээ Руанда улсад байрлаж, хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдлын үед Бурундигийн засгийн газрыг шүүмжилдэг байсан “Igicaniro” радиод ажиллаж байв. Тус улсын дээд шүүх өнгөрсөн сард түүний ялыг хэвээр үлдээсэн. 


Мьянмарын цэргийн хунта 2024 оны нэгдүгээр сард баримтат киноны найруулагч Шин Дэвед бүх насаар нь хорих ял оноосон. Энэ нь 2021 онд болсон цэргийн эргэлтээс хойш хэвлэл мэдээллийн ажилтанд оногдуулсан хамгийн хатуу шийтгэл юм. Тус улсад одоогоор нийт 62 хэвлэл мэдээллийн ажилтан, тэр дундаа долоон эмэгтэй сэтгүүлч шоронд хоригдож байна. Энэ нь цэргийн хунтагийнхан хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр үл хүлцдэгийг харуулж байна. 
2022 оны есдүгээр сард курд оюутан Марта Аминигийн үхлийн талаар сурвалжилсан сэтгүүлч Элахе Мохаммади, Нилуфар Хамеди нарыг гурван зүйл ангиар тус тус буруутгаж, 2023 оны аравдугаар сард 12 ба 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн. Гэвч ялыг үл нэгтгэх зарчмын дагуу гурван зүйл ангиас хамгийн дээд хэмжээтэйг буюу 6 ба 7 жилийн хорих ялыг тус тус эдлүүлэхээр болж байна. 


Мохаммади, Хамеди нар 15 сар хоригдсоны дараа энэ оны нэгдүгээр сард болзолтойгоор суллагдсан хэдий ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр дахин хоригдох эрсдэлтэй. Иранд одоогоор дөрвөн эмэгтэй сэтгүүлч өргөст торны цаана байгаагийн дотор 2021 оны арваннэгдүгээр сараас хойш хоригдож буй 2023 оны Нобелийн энх тайвны шагналт Наргес Мохаммади байна.
 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)