Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 111 жилийн ойг тохиолдуулан өдөр тутмын “Зууны мэдээ” сонин бүрэн цахимжиж, Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэс­ний “ESAN” цахим санд эхний ээлжинд 2011 оноос хойшхи дугааруудаа байршууллаа. Энэ ажил үе шаттайгаар хийгдэж бүх архивыг цахимжуулах юм.


Оюуны өмчийг дээдлэн, боловсрол мэдлэгийг тэгш хүртээмжтэй түгээж буй “ESAN” цахим сан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхдагч “Монголын Үнэн” сонины түүхэн бүх дугаарыг цахимжуулж байсан бол энэ удаад 33 жилийн түүхээ бичиж буй Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сониныг цахимжуулж байна.
“Зууны мэдээ” сониныг цахимжуулснаар бүх цаг үеийн дугааруудаас нарийвчлан хайлт хийх, эш татах боломж бүрдэж байгаагаас гадна байршил, орон зай үл харгалзан сонирхсон хүн бүхэн бүх дугаарыг албан ёсны оюуны өмчийн эрхтэйгээр уншиж, судлах боломж бүрдэх юм.