Б.ТУУЛ

 

Цахим орчин хөгжсөн өнөө үед ном худалдаална гэдэг тийм ч ашигтай бизнес биш болсон. Гэсэн ч боловсрол хөгжил, гэгээрэлд хөтлөх номын үнэ цэн хэзээ ч хоцрогдож, хуучирдаггүйг мэдэх тун цөөхөн хүмүүс энэ төрлийн бизнесийг тууштай эрхэлсээр байдаг. Өөртөө болон бусдад оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг, “Орос номын эзэн” З.Ундрахтай ярилцсанаа хүргэе.

 

-Та номын худалдаа эрхлээд хэр удаж байна вэ. Энэ ажлыг хийх сэдэл санаа, учир шалтгаан гээд асуувал бас сонирхолтой хариулт гарч ирэх байх? 

-Удаагүй ээ, хоббигоо ажил хэрэг болгоод гурван жил гаруй болж байна.  Миний аавыг Балсангийн Зул гэдэг. Усны аж ахуйн байгууллагад насаараа ажилласан, миний мэдэх хамгийн хөдөлмөрч хүн. Аав маань ном унших их дуртай, шинэ ном гарангуут авч уншдаг, хүүхдүүдээ дагуулаад их дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрт байнга очиж ном авдаг байсан. Номын дэлгүүр үргэлж оочер ихтэй, шинэ номын үнэр  ханхалсан гоё газар байлаа. Аав маань гэрийнхээ нэг хананд шалнаас тааз хүрсэн том номын тавиур өөрөө хийж, манайх тавилга багатай, ном ихтэй айл байсан. Бид бага насаа номон дотор өнгөрөөсөн.

Би орос хэл, Оросын уран зохиолд багаасаа дурласан. МҮОНТ-ээс зохион байгуулагддаг байсан “Мы поедем в Артек”тэмцээнд 45 дугаар дунд сургуулийнхаа багийн ахлагчаар оролцож, бид финалд шалгарч байлаа. Дараа нь ЗХУ-д Их сургуульд суралцаж, орос хэлийг “жинхэнэ” орчинд нь сурсан. Тэгээд гавъяаны амралтанд гараад, хоббигоо ажил болгоод байгаа минь энэ.  Өнгөрсөн оны зургадугаар сард Москвагийн  Улаан талбайд зохион байгуулагдсан “Книги России ” номын үзэсгэлэн худалдаанд очиж, асар олон номын далайгаар аялж, нилээд судалгаа хийгээд ирсэн.  Ном бол гайхамшиг гэдгийг хар багаасаа ойлгосон. Ном уншиж байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй хайр хүндлэл төрдөг.

-Манайд номын сангийн шинэчлэл тийм ч хурдацтай биш. Гэтэл таныг шинэ хуучин, ховор номуудыг байнга хүргэдэг гэх юм?

-Манайхны боловсрол мэдлэгт ач холбогдлоороо хамгийн тустай, дэлхий дахинаа хэдийнээ танигдсан тэр л зохиол бүтээлийн жагсаалтаас номоо сонгож, захиалдаг.  Монголд XX зуунд, сэхээтнүүдийн тогтоосон түвшин маш өндөр. Өнөө хэр энэ түвшин буураагүй , харин ч нэмэгдэж байна. Барууны орнуудад соёл иргэншлийн хамгийн үнэтэй  зохиол бүтээлүүдийг бичиж туурвисан Грек, Ромын алдарт зохиолчид, Э.Роттердамский, Н.Макиавелли, Ж.Мольер, Монтескье, Вольтер, Ж.Руссо, В.Скотт, Дж.Остин, О.Бальзак, Ч.Диккенс, Г. Мелвилл, Л.Кэрролл, У.Моэм, В.Вулф, Ф.Кафка, Дж.Стейнбек, Г.Маркес, Оросын алдарт зохиолчид, А.С.Пушкин, Н.В.Гоголь, Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, А.П.Чехов, А.И.Куприн, И.А.Бунин, Б.Л.Пастернак, М.А.Булгаков, М.А.Шолохов гээд бүгдийн нэрлэж баршгүй. Дэлхий дахинаа одоо ч зохиол бүтээл нь үнэ цэнтэй уншигдсаар байгаа утга зохиол, судалгаа шинжилгээний ном бүтээлүүд, мөн орчин үеийн гээд бүх л төрлийн номыг уншигч захиалагчдад хүргэхийг зорьдог. Манайд “Махабхарата” гээд Энэтхэгийн төдийгүй дэлхийн уран зохиолын гайхамшигт бүтээл болон  Перс, Араб, Нанхиад, Нарангийн эртний уран зохиолын ном цөөнгүй бий.

Эдгээр бүтээл нь хүний амьдралын хувиршгүй, мөнхийн үнэнийг нүдэнд харагдтал, гайхалтай уран яруу дүрсэлж, хүн байхын утга учрыг ухааруулах шиг болдог. Чухам үүнд л дэлхийн  утга зохиолын агуу сайхан болоод эрхэмсэг оршихуй оршиж байдаг байх. Онцолсон номуудаа хойшоо захиж, шуудангаар хүлээн авч зардаг.

Манай номын худалдааны талаар мэдсэн Оросын томоохон хэвлэлийн газар бидэнд хамтран ажиллах санал ирүүлсэн. Тэднийхтэй ажиллахад манай зах зээл бага тул одоохондоо түдгэлзсэн хариу өгчихөөд байгаа. Манай Монгол Улсад ажлаар, томилолтоор ирсэн орос хүмүүс манайхаас ном худалдан авдаг тохиолдлууд бий. Яагаад Орост байгаа номыг Монголоос авч байгааг асуухад “Энэ ном Оростоо их ховор, тэр болгон олж авч чаддаггүй” гэж хариулж байсан.

-Өнөөдөр манайд номын худал­даанд орос номын тоо ширхэг эрс цөөрсөн харагддаг. Гол төлөв хуучин ном борлуулагсадын лангуунд 1-2 ном үзэгддэг. Одоо хүмүүс орос ном унших нь хэр байна? 

-Хүмүүс орос ном уншдаг хүн одоо байдаг юмуу гэж асуудаг. Манайд Оросын төгсөгчид цөөнгүй байдаг. Мөн хүүхэд, өсвөр насныхнаас орос сургуульд суралцдаг нь ном зохиол их сонирхоно оо. Ахмад, хижээл насныхан төдийгүй дунд үеийнхэн дунд ч бас оросоор уншиж суудаг нь элбэг байдаг. Сүүлийн үеийн залуучууд маш мундаг болж байна. Дэлхийн утга зохиолын хөгжлөөс огт хоцроогүй. Шинэ номын мэдээлийг тэр даруй нь олоод авчихсан, танайх аваад ирээч гээд захидаг. Оросын сонгодог зохиолуудыг англи хэл дээр захиалан уншдаг залуучууд цөөнгүй байна.

Хүүхдийн номыг өөрийг нь дагуулж ирж, өөрөөр нь сонгуулж авах нь зүгээр санагддаг. Эцэг эхчүүд өөрсдөө сонирхдоггүй номыг нь авч өгчихөөд манай хүүхэд ном уншихгүй байна гээд байдаг. 

Би зохиолын хувьд ч , хэвлэлтийн хувьд ч “тааруухан” ном авчирахыг боддоггүй. Уншигчид маань сайн ном унших ёстой. Ялангуяа хүүхдийн номыг маш сайн судалгааны үндсэн дээр авчирдаг. Сургуулийн хөтөлбөрт орсон, дэлхийн болон оросын сонгодог, уншигчдын сэтгэлд нийцсэн, бестселлер номуудыг авчирдаг.

Манай худалдааны зөвлөхөөр Д.Мөнхжаргал гэдэг орос хэлний багш, хэл шинжлэлийн эрдэмтэн (PhD), Оросын утга зохиол судлаач хүн ажилладаг. Худалдан авагчдад номыг маш сайн тайлбарлаж, сонголт хийхэд нь тусалдаг.

-Танай номын худалдаа хаана байрладаг вэ?

-Анх интернэтээр фэйсбүүкээр номоо зардаг байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайд болсон “Номын баяр”-т оролцохдоо Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК төвийнхөнтэй уулзсан. Орос номыг захиалгаар авчирч, сурталчилж, худалдаалж байгаад талархаж хамтран ажиллахаа хэлсэн. Тэгээд л Орос ордондоо зай талбай өгч “книжная лавка”-той болгосон. Тус ордны захиргаа түрээсгүй төдийгүй таатай орчин нөхцөл бүрдүүлж өгсөнд баярлаж явдгаа үүгээр дамжуулан уламжилъя.

-Дэлхийн утга зохиолын хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулсан ном зохиолууд, хүмүүсийн уншихыг хүсдэг, эрэл сурал болсоор авдаг ховор бүтээлүүдээс уншигчдад дуулгах ямар бүтээлүүд байна?

-Бид оросын болон дэлхийн сонгодог, мөн хүүхдийн утга зохиолыг нэгдүгээрт тавьж авчирдаг. Анагаах ухаан, одон орон, зурхай, инженер гэх мэт нарийн мэргэжлийн номуудыг зөвхөн захиалгаар авчирдаг. Манай уншигчид хуучны ном их хайж захьдаг. Бид тэр номыг нь аль болохоор олохыг хичээж, ихэнхийг нь олдог. Хуучин номын дуудлага худалдаанаас ховор номууд их олддог.

Дэлхийн суут хүмүүс болох Аристотель, Бэнэдикт Спиноза, Вольтер, Иммануэл Кант, А. Шопенгауэр, З.Фрейд зэрэг филисофич М.Фарадей, Ч.Ломброзо, Альберт Эйнштейн, . М. Бехтерев,  С.Хокинг улс төрийн зүтгэлтэн Б.Франклин, Генри Киссинджер, З.Бжезинский нарын их хүмүүсийн түүхэн ном, зохиол бараг тогтмол ирдэг.

Монголын маань түүхийн Б.Владимирцов “Чингисхан и монголы его времени”, А.Юрченко “Золотая Орда между Ясой и Кораном", Жон Сандэрс “История монгольских завоеваний  зэрэг ном шинэхэн хэвлэлээрээ мөн ирсэн байна. Монголын түүхтэй холбоотой орос хэл дээрх номууд олон бий. Хамгийн сүүлд доктор С.Дулам гуайн “Монгольские мифы” ном орос хэлээр хэвлэгдэн гарсан нь манайд ирээд байна.

-Захиалсан ном хэр удаж байж ирдэг вэ. Хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Захиалсан ном 21 хоногийн дотор ирнэ. Номын шуудан, тээврийн үнэ өндөр байдаг. Олон ном авахад зардал нь хуваагдаад нэгж номын үнэ гайгүй гарна. Ганц ном захиалах үед шуудан тээврийн зардал нь номын үнээсээ 2-3 дахин өндөр байх тохиолдол байсан. Яг хэрэгтэй хүн нь хамаагүй тийм байсан ч захиж авъя гэдэг.

- Цахим орчинд танай номын худалдаа ямар хаягтай вэ. Ном сонирхсон хүмүүс хаанаас мэдээлэл авч, ямар утсаар холбогдох вэ?

-Манай номын худалдаа РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 1 давхарт байдаг. Цахим хаяг: https://www.facebook.com/profile.php?id=100084962845753. Уншигчид маань “Номын худалдаа”- 99901649 дугаарын утсаар холбоо барьж сонирхсон номоо асуух, захиалах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)