Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин”-оор ҮУИТ-ын бүжигчин Б.Болорыг урилаа. Тэрбээр удахгүй болох “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

 

-Та “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжигт говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн хайртай бүсгүй Цогзулын дүрийг бүтээлээ. Дүрээрээ үзэгчдэд юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Тайзны бүжиг, бүжгэн жүжиг толилуулах нь хоорондоо ялгаатай. Тухайлбал, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн дүр  уян зөөлөн, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бүрдүүлсэн. Энгийн хэрнээ үзэсгэлэнтэй эмэгтэйн дүр гэж тодорхойлно. Үзэгчид үүнийг олж харсан гэдэгт итгэлтэй байна. Бидний хослох бүжгийн хэсгээс үзэгчид сайн сайхныг мэдэрсэн болов уу.

-Та өмнө нь томоохон тоглолтуудад оролцсон. Тэдгээрээс “Тэнгэрийн хутагт”-ын дүр юугаараа ялгаатай бол?

-Театртаа ажиллах хугацаандаа багагүй бүтээлд бүжиглэсэн. “Монголын их хатад” туульсын бүжгэн жүжгийн Чимбай хатны дүр дээр ажилласан. Харин өнгөрсөн онд энэхүү бүтээлийн 10 жилийн ойгоор Гоо марал хатан болж, үзэгч олонтойгоо уулзсан. Тиймээс “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг миний гурав дахь гол дүр болж байна.

-Хатны дүрд ажиллах нь бусад дүрээс ялгаатай байх. Тэгвэл ямар ур чадвар шаарддаг вэ?

-Би Гоо марал хатны дүрд ажиллахыг их хүсдэг байсан. Мөрөөдлөө биелүүлсэн гэж ойлгож болно. Хатны дүр нь эрхэмсэг байдлыг илтгэнэ. Мөн харц, хөдөлгөөн нь энгийн бус байхыг шаардах жишээтэй. Илэрхийлж буй санаагаа гаргахдаа харилцан адилгүй араншин, үйл хөдлөл илэрхийлнэ. Миний хувьд хийж буй ажилдаа дурлаж, чин сэтгэлээ зориулах хэрэгтэй гэж боддог. Би мэргэжилдээ их хайртай. Тиймээс тоглож байгаа дүр, бүжгэндээ их ач холбогдол өгдөг. Мөн хөгжиж, өсөж дэвжихийг эрмэлздэг. Бүжигчин байнгын бэлтгэл сургуулилттай байх нь ур чадварт сайнаар нөлөөлдөг.

-Бүжигчин болсон түүх нь сонирхол татаж байна. Энэхүү урлагийн юу нь танд  таалагдав?

-Би бага байхаасаа л бүжиглэсэн. Ээж минь намайг бүжигт дурлуулсан түүхтэй. Анх бүжиг заалгахад их сайхан мэдрэмж төрж байснаа мартдаггүй. Тиймээс дугуйланд хамрагдаж, мэргэжлийн сургуульд суралцсан түүхтэй. 2018 онд Монгол улсын Консверватори буюу Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин, ардын бүжгийн жүжигчин мэргэжлээр дүүргэсэн. Ингээд ҮУИТ-таа ажиллаж эхэлсэн. Би нэг зүйл ойлгосон нь ажил дээр гараад хүн илүү туршлага суудаг юм билээ. Сургуулиа төгсөөд л өөрийгөө мэргэжлийн бүжигчин боллоо гэж дүгнэх боломжгүй. Тиймээс хөдөлмөр, хичээл зүтгэл, туршлага хуримтлуулж мэргэжлийн бүжигчин болно. Миний хувьд дөнгөж сургуулиа төгссөн, шинэхэн уран бүтээлч театрынхаа хаалгыг татсан. Ах эгч нар минь надад зааж зөвлөж, тусалж дэмжиж өдий зэрэгт хүргэжээ.

-Уран бүтээлчийн хувьд аз жаргалыг мэдэрдэг газар нь тайз байх. Тайзнаа ямар байхыг хичээдэг вэ?

-Тайзан дээр гараад бүжиглэх үед үзэгчдийн алга ташилт урам өгдөг. Тайзан дээр байхдаа бүжигтээ бүх зүйлээ зориулж, уусах жишээтэй. Тухайн цаг мөчид хийж буй зүйлээ тултал үзүүлэхийг хичээдэг. Энэ нь юутай ч зүйрлэмгүй аз жаргалыг мэдрүүлдэг. Урлаг надад тэчвээртэй байх, хүмүүжил, бусдыг хүндлэх, хариуцлагатай  байдалд сургасан. Урлагаар төлөвшсөндөө талархаж явдаг.

-Урлагаар төлөвшихөд миссийн замнал ихийг сургасан байх. Мөн өнгөрсөн онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд  түрүүлсэн шүү дээ? 

-Охид бага байхдаа өөрийгөө миссээр төсөөлж мөрөөдөх нь бий. Би бага байхдаа миссүүдийг харахаар сайхан санагддаг байлаа. Гэхдээ хэзээ ч мисс болно гэж төсөөлж байгаагүй.  Бүжигчин болсныхоо дараа миссийн тэмцээнүүдийг их үзнэ. Орж үзэх юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байсан. Бүжигчин хүн бүжиглэхдээ хамгийн сайн чаддаг зүйлээ хийж байгаа нь тэр. Бүжгийн хөдөлгөөнөөр  хүмүүст сэдэв санаа ойлгуулдаг. Харин мисс нь алхаа, оюун ухаан, авьяас, боловсрол, өөрийгөө илэрхийлэх чадвар гээд тоочоод барамгүй олон талаа харуулдаг.  Өнгөрсөн жил “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орох болсон нь ээжтэй минь холбоотой. Надад хандаж “Залуу насандаа миссийн тэмцээнд өөрийгөө сориод үз” гэж зөвлөсөн. Хүн тэмцээн уралдаанд өөрийгөө сорихдоо хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Өөрийгөө сорьж үзэхийг бодсон боловч оролцох явцдаа өөртөө итгэж, зорилго минь томорч, өөрийгөө дайчилсан. Тиймээс “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийнхээ дараа Энэтхэг улсын Шинэ Дели хот руу дэлхийн миссийн тэмцээнд төлөөлөн оролцоно. Мөн боловсрол мэргэжлээ ахиулах зорилгоор Герман улсад сурах зорилго тээсэн байгаа. Сургуульдаа явахад бэлэн болсон ч миссийн тэмцээнтэй холбоотойгоор багахан хугацаанд хойшлуулсан. Тэмцээндээ яваад гуравдугаар сарын дундуур ирээд сарын дараа сургуульдаа сурахаар эх орноосоо явна. Мэргэжлийн тал дээр ихийг сурахаар төлөвлөсөн. Эх орондоо ирээд бүжгийн урлагтаа хувь нэмэр оруулна.

-“Дэлхийн мисс”-ийн тайзныг зорихын тулд бэлтгэл чухал байх. Тэмцээндээ зориулж хэр бэлтгэл хийж байна даа?

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээн чансаагаараа нэгдүгээрт эрэмблэгддэг. Гоо сайхны олимп гэж тооцогдох нь бий. Том тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох нь их хариуцлага. Өнгөрсөн аравдугаар сард Монголд шалгаруулалт болж би үндэсний ялагч болсон. Ингээд арваннэгдүгээр сард тэмцээн эхлэх байсан боловч Энэтхэгт  сонгууль болоод хойшлогдсон. Үүнээс шалтгаалан бэлдэх хугацаа гарлаа. Тэмцээнд оролцохын тулд бэлтгэлдээ шамдаад завгүй явна. “Дэлхийн мисс”-ийн тэмцээний онцлог нь гадаад үзэмжээр нь шалгаруулдаггүй. Энх тайвныг цогцлоох, хүмүүнлэгийн элчийг гаргах. Оролцож буй мисс бүр хүмүүнлэгийн ажил хийсэн байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ илтгэлдээ бэлдэж байгаа. Дэлхийн тайзныг зорих гэж байгаа учраас сэтгэл санаа хэлбэлзэж, багахан айдас, догдлол төрж байна. Өмнө нь ийм зүйл мэдэрч байсангүй. 140 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөнө. Тэднээс суралцаж, төрж өссөн нутгийнх нь түүхийг мэдэж, туршлага солилцоно доо.

-Таны хувьд өмнө нь дэлхийн чанартай тэмцээнд оролцож туршлага хуримтлуулж байв уу?

-Тэмцээн болон дэлхийн тоглолтуудад оролцож байсан. Харин миссийн тэмцээн гэвэл 2019 онд Манжурт болсон уралдаанд өөрийгөө сорьсон. Энэ үед шилдэг зургаад шалгарч, авьясалаг мисс болж байлаа. Дахиж миссийн тэмцээнд оролцохгүй, мэргэжилдээ анхаарна гэж бодсон. Гэсэн хэдий ч дэлхийн тэмцээнд оролцох болсон нь магадгүй миний хувь заяа байх.

-Миссийг хүмүүс гадаад үзэмжээр нь ойлгож дүгнэдэг. Тэгвэл мисс гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

-Монголчууд мисс гэхээр буруугаар боддог нь ажиглагдсан. Тэмцээн уралдааны үеэр цахим орчинд их сөрөг сэтгэгдэл бичдэг. Үүнээс бодохдоо мисс харахад сайхан гоо үзэсгэлэнтэй, хөнгөн нэгэн гэж ойлгодог байх. Гэтэл мисс бол энх тайван, сайн сайхны элч. Гаднаасаа гоо сайхан харагдах нь байх зүйл. Гэхдээ дотоод сэтгэл сайхан байж, улс орон, нийгэмд өрнөж байгаа болж бүтэхгүй асуудалд дуу хоолойгоо хүргэх чухал. Мөн чадах зүйлээрээ бусдад тус дэм болох ёстой. Энэ бүхэн нь хүнд биеэ зөв авч явах, найрсаг харилцах чадвар өгдөг.

-Эмэгтэй хүн ямар зан чанараар үнэ цэнээ эрхэмлэх хэрэгтэй бол. Сайхан эмэгтэй хэмээх ойлголтыг тодорхойлохгүй юу?

-Бүсгүй хүний үнэ цэн өөрийгөө хайрладаг байх зан чанарт оршино. Өөрийгөө хайрласан эмэгтэй бусдад хайрлагдаж, хүндлэл хүлээнэ. Эмэгтэй хүн орчлонг зөөллөх гэж ирдэг байх. Тиймээс сайхан сэтгэлтэй бусдад хайр түгээдэг байх хэрэгтэй.  Өөрийгөө хайрлах гэдэг ойлголт нь амиа хичээх биш. Өөрийгөө хөгжүүлж, хамгийн сайхнаараа гэрэлтэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)