Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсад биржийн бус зах зээлийг албан ёсоор 2021 оны есдүгээр сард нээлтээ хийж цан цохин хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж байлаа. Энэ зах дээр мэргэжлийн тоглогчид тоглодог бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хурлаараа баталж байв. Үндсэндээ мэргэжлийн хөрөнгө оруулагчид олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь бий болсон хэрэг. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Хөрөнгийн зах зээл хос хөдөлгүүртэй болсон. ОТС маркетад зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцож байгаагаарай онцлог. Мөн энэ зах дээр шийдвэр гаргах процесс нь хурдан. Түүнээс гадна гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчид биржийн бус зах зээлээс хөрөнгө татах боломжийг нь нээж байна” гэж байлаа.

Үнэт цаасны зах зээлийг арилжааны болон зохицуулалтын хүрээ, тавигдах шаардлага, оролцогчид зэрэг онцлогоос нь хамааруулж зохицуулалттай буюу биржийн зах зээл, зохицуулалтгүй буюу биржийн бус зах зээл гэж ангилдаг. Биржийн бус зах зээл хөгжсөнөөр бизнесийн хөрөнгө оруулалт босгох боломжийг бүрдүүлж буй. Ингэснээр аж ахуйн нэгжийн  мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал илүү сайжирч, үнэт цаас гаргахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэх юм байна. Түүнчлэн хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэргээр хөрөнгө оруулагчдын хувьд ч чухал ач холбогдолтой ажээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчийн холбооны ТУЗ-ийн гишүүн Ц.Хуяг “Олон улсад биржийн бус зах зээл нь хөрөнгийн зах зээлийн нэг багана нь байдаг. Сүүлийн 30 жилд хөгжиж байгаа хөрөнгийн захын ажиллах орчин хязгаарлагдмал болж ирсэн. Гадны орнуудад мэргэжлийн байгууллагууд нь биржийн бус зах зээл дээр чөлөөтэй ажилладаг. Энэ захад санхүүгийн үүсмэл хэрэгслүүд түлхүү арилжаалагддаг. Нөгөөтэйгүүр биржийн захаас ч илүү өндөр дүнтэй гүйлгээ хийгдэх боломжтой” гэж байв.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. “Биржийн бус” зах зээлийн энэ сарын 23-ны арилжаагаар нийт 7.1 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ өдөр Худалдаа хөгжлийн банк, Төрийн орон сууцны корпорацын бонд хамгийн идэвхитэй арилжаалагдсан байна. Бүр тодруулбал, ХХБ 564 тэрбум 997 сая төгрөгийн бонд арилжсан бол ТОСК 180 тэрбум 150 сая төгрөгийн бонд арилжжээ.

Дашрамд дурдахад, Биржийн бус зах зээлийн арилжааны платформын хөгжүүлэлтийг Холбооны удирдлага дор "Анд Системс" компани гүйцэтгэж ашиглалтад оруулсан.  Харин М-ОТС арилжааны платформыг сэндбоксын зохицуулалттай орчинд блокчэйн технологи ашиглаж байгаа нь дэлхийд анх удаа зохицуулалттай орчинд блокчэйн үнэт цаас арилжаалах арилжааны платформыг хөгжүүлж байгаа нь хөгжлийн дараагийн үе шат хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)