Базарбямбын НЯМСҮРЭН

 

2015 онд НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг тодорхойлж 2030 он гэхэд дэлхий нийтээр энэхүү зорилгодоо хүрнэ хэмээн амлалт өгсөн. Улс орнууд хаана оршдог, хэнээр удирдуулж байгаагаас үл хамааран тогтвортой, эн тэнцүү хөгжихийг уриалсан зорилгуудын хамгийн эхэнд “Ядуурлыг бууруулах” гэсэн үгс бичээтэй. Гэвч бодит байдалд ядуурлыг бууруулах зорилго урагшлах байтугай ухралттай байгааг өнгөрсөн жил болсон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганы үеэр дэлхий нийтээр онцгойлон анхааруулж байв. Дэлхийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилт дөнгөж 15 хувьтай байгаа нь замынхаа талд орчихсон байгаа энэ зорилгын хувьд дэндүү чамлалттай үр дүн болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш  сануулж байлаа. Тэгвэл дэлхий нийтээр баян, ядуугийн ялгааг арилгахад анхаарахгүй байж болохгүйг сануулсан өөр нэгэн тайланг саяхан танилцуулсан нь “Oxfam” олон улсын байгууллагын "Тэгш бус байдлын тайлан-2023" байлаа.

72 хуудас бүхий энэхүү мэдээллийн өмнөтгөлд “2020 оноос хойш дэлхийн хамгийн баян таван хүний орлого хоёр дахин өссөн бол эсрэгээрээ дэлхий нийтээр тулгамдаад байгаа ядуурлыг бууруулж, тэгш бус байдлыг арилгахад 230 жил шаардлагатай” гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна.

Давосын эдийн засгийн чуулганы индэр дээрээс олон улсад сонордуулсан тус тайлангийн талаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан эш татан мэдээлж, улс орнуудын Засгийн газар тэгш бус байдлыг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авах цаг болсон тухай анхааруулж байлаа.

Энэхүү нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд үүсээд байгаа зөрчил мөргөлдөөн, олон улс дамнасан хямрал, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж бид боддог. Тиймээс эдийн засгийн удаашралын гол шалтгааныг цаг үеийн нөхцөл байдалтай холбон, эерэгээр бодож тэрүүхэндээ өмөөрдөг ч үнэн хэрэгтээ “Баячууд улам л баян болсоор байгаа нь” тоон үзүүлэлтээс харагдаж байна. Цар тахлын дараах жилүүдэд эдийн засаг сульдаж байсан гэж тайлбарлаад байсан ч үнэндээ цар тахлын яг тэдгээр он жилүүдэд баячуудын хөрөнгө хоёр дахин нэмэгдсэнийг энэ тайлангаас харж болох нь. Баячуудад цар тахал ч, геополитикийн зөрчил, цаг үеийн байдал нөлөөлсөнгүй.

Тиймээс ч дэлхий нийтээр тэгш бус байдлын асуудалд анхаарах нь нэн тэргүүний асуудал болохыг тайланг гаргасан “Oxfam” байгууллагын Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудал эрхэлсэн захирал Набил Ахмед ярьсан байна.

Баян хүмүүс улам баяжиж байгааг баталсан өөр нэгэн тоо энэхүү тайланд бий. “Дэлхийн хамгийн том арван корпорацийн долоогийнх нь захирал ам.долларын тэрбумтан. Тэдний нийт хөрөнгө 10.3 их наяд ам.доллар” хэмээн бичсэнээс харж болно. Өөрөөр хэлбэл, таван тэрбум хүн инфляц, дайн, уур амьсгалын хямралын улмаас улам бүр ядуурсаар байхад тэрбумтнуудын хөрөнгө хоёр дахин үржигдэж халаасанд нь орсоор байна. Хамгийн харамсалтай нь энэ янзаар үргэлжилбэл ядуурлыг арилгахад дээр өгүүлсэнчлэн 230 жил шаардлагатай хэмээн тус тайлангийн гол хэсэгт дүгнэжээ.

Компанийн засаглал дэлхий ертөнцийг үнэмлэхүй  хэмжээгээр хуваах болсон учир  үүний эсрэг олон нийтийн дэмжлэгтэй дуу хоолойгоо өргөж тэмцэх ёстой хэмээн тайлангийн хоёрдугаар хэсэгт онцолсон байлаа.

Нэгэнт баячуудын хөрөнгө өссөөр байгаа учир ойрын арван жилийн дотор хүн төрөлхтөн анхны ам.долларын их наядтан төрөхийг үзнэ. Мэдээж энэ бол нэг талаар сайн мэдээ. Гэхдээ нөгөө талд... юу болох вэ.

Энэ бүх тэнцвэргүй эдийн засгийн нөхцөл байдлын гол гогцоо хаанаас үүдэлтэй тухай судалгаанд тодорхой дурдсан байна. Тэндээс үзэхэд компанийн засаглал, монополь эрх мэдлийн асар их төвлөрөл нь эдийн засгийн тэгш бус байдлыг улам хурцатгах шалтгаан байгаа юм. Тиймээс ч тэгш бус байдлыг арилгахын тулд улс орнуудын Засгийн газар бодитой, дорвитой ажил хийх шаардлагатай байна гэжээ.

Энэхүү тайлангийн зарим эшлэлүүдээс тоймлон хүргэе.

•“Сая сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, цэвэр усны эх үүсвэргүй, хүүхдээ сургах нөхцөлгүй, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэж байхад дэлхийн тэрбумтнууд гурван их наяд ам.долларын ашиг орлого хүртээд сууж байгаа нь байж болшгүй тэнцвэргүй байдал. Гэхдээ нэг сайн мэдээ гэвэл бидэнд “Oxfam” зэрэг мэдээллийг ил тод нээлттэй зарладаг эх сурвалжууд байна. Эндээс мэдээлэл авсан хүмүүс үнэнийг мэднэ гэдэг нь өөрөө үнэ цэнэтэй зүйл юм” хэмээн АНУ-ын Сенатын гишүүн Берни Сандерс бичсэн байна.

•Жефф Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Түүний хөрөнгө 2020 оноос хойш 32.7 тэрбум ам.доллараар өсч, 167.4 тэрбум ам.доллар болжээ.

•Ж.Безос 5.5 тэрбум ам.доллараар сансарт нисч байлаа. Харин түүний хувь эзэмшдэг “Амазон” компанийн Хойд Каролина мужийн салбарын ажилтан Райн Браун өдөржин биеийн хүчний ажил хийж, агуулахаас юм зөөдөг ч түүний цалин дөнгөж амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээнийх. Мөн тэр ажлын байран дээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдахаас эхлээд олон төрлийн дарамтад өртөхгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдогоо ярьжээ.

•Хамгийн баян таван хүн өдөрт нэг сая ам.доллар үрлээ гэж тооцоход тэдний нийт хөрөнгө дуусахад 476 жил зарцуулагдана.

•Дэлхий даяар эрчүүд эмэгтэйчүүдээс 105 их наяд ам.доллараар илүү баялаг эзэмшдэг. Энэ ялгааг энгийнээр тайлбарлахад, АНУ-ын нийт төсвийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ялгаа гарч байна.

•Дэлхийн хамгийн баян нэг хувийн ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ хамгийн ядуу хүмүүсийн дөрөв хуваасны гурвынхтай тэнцдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)