Б.БАЯР

 

Урьд нь “...Монгол төрийн босго намхан боллоо” гээд л халаглацгаадаг байв. Харин сүүлийн үед “...Төрийн албаны шалтгалтад тэнцдэг хүн байна уу” хэмээн бухимдацгаах болсон. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулдаг сонгон шалгаруулалттай холбоотой “яриа” л даа. Үнэндээ, төрийн албатай холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүд ийм үр дүнг бий болгож байгаа юм. Энэ сайн хэрэг. Ийм л болох ёстой. Ер нь бол Монголын төрд гүйцэтгэх үүрэг нь өндөр ч үйл ажиллагаа нь тэр бүр ил дэлгэгдээд, яригдаад байдаггүй байгууллагууд байдаг. Тэдгээрийн нэг нь Төрийн албаны зөвлөл юм. Магадгүй, удирдлагын даруу байдлаас шалтгаалдаг биз.

Уржигдар УИХ-ын чуулганаар Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг сэлгэх асуудлыг хэлэлцэх үеэр тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар нэлээд яригдлаа. Гишүүд дээр хэлсэнчлэн “...Шинэчлэл үр дүнгээ өгч байна” гэцгээв. Үнэхээр ч тийм л дээ. Хэдийгээр төрийн албаны шинэчлэл, түүнээс ирэх өөрчлөлт төгсөрчихөөгүй байна.

Гэхдээ Төрийн албаны зөвлөлийнхөн “...Өнгөрсөн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлоготой уягдаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, боловсруулах, цахим технологийн   дэвшлийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, за тэгээд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, сургалт хөгжил, цогц ур чадвар, хандлага, соёлын өөрчлөлт, хамгийн гол нь мерит зарчмыг хамгаалахад чиглэж ажиллалаа” гэж байна.

Ингэхдээ хэд хэдэн асуудлыг онцлохоор юм байна лээ.

Тухайлбал, төрийн албан хаагчдын тухайд ур чадварын шилжилт хийх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Энэ нь Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой юм байна.

Түүгээр төрийн албан хаагчдын өөр өөр ангиллын албан тушаалуудыг адилтгах, ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох болсон байна. Тэгэхээр тухайн ажилтны туршлага, ур чадварыг сэлгэх, шижлүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг тэлэх боломж үүсжээ. Ингэснээр төрийн албанд тулгардаг хүний нөөцийн хомсдол тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэх нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний салбарт үр дүнтэй ажиллаж байгаа удирдах ажилтан төрийн захиргааны ажил, албан тушаалд шилжиж болохоор болсон байгаа юм.

Мөн эхэнд дурдсан төрийн албаны сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулсан. Ингэчихээр төрийн албанд томилогдох хүсэлтэй хүмүүст тэгш боломж олдож, сонгон шалгаруулалтад оролцогсод шударга, ил тод шүүлтүүрээр шалгагдах болсон. Тэр байтугай зарим хувийн хэвшлийнхэн ч ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүмүүст ажлын санал тавьдаг болжээ. Сүүлийн хоёр жилийн “тоо”-ноос харахад улирал бүр болдог ерөнхий шалгалтуудын дүнд төрийн жинхэнэ албанд шинээр орох хүмүүсийн нөөц 4000 орчим хүнээр нэмэгдэж 14 мянгал хүрсэн байна.

Бас төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил буураад эхэлжээ. Өмнөх 2022 онд л гэхэд төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо өссөн ч ёс зүйн зөрчил гаргагчид нь өмнөхөөсөө буурсан байгаа юм. Үүнийг Төрийн албаны зөвлөлийнхөн “...Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах талаар УИХ-ын бодлого, чармайлт, манай зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаатай холбоотой. Учир нь төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөллийг үзүүлж эхэлсний л үр дүн” гэв. Тодруулахад, Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд улсын хэмжээнд төрийн 2961 байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөлийг байгуулжээ. Тэдгээр зөвлөл нь ёс зүйн зөрчлийн бүртэл, мэдээллийн цахим системийг ашиглаж эхэлсэн байна. 

Тус байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалтыг нэлээд хийдэг байна. Өмнөх 2022 онд л гэхэд хуульд заасанчлан томилгооны хяналт шалгалтад төрийн 58 байгууллагын 1012 алба хаагчийг хамруулжээ. Тэгэхэд 193 хүнийг хууль зөрчиж томилсон нь илэрсэн байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтан болон албан хаагчдад зөрчлийг арилгах үүрэг өгч, хэрэгжилтийг хангуулжээ. Гэхдээ заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй 31 тохиолдолд Төрийн албаны зөвлөл арга хэмжээ авч, тухайн томилгооны шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ер нь Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийсэн юм байна. Тэгээд 1489 зөрчлийг илрүүлжээ.

Эдгээрээс гадна шийдвэр гаргагчдын төрд учруулсан хохирол гэдэг нэг том асуудал бий. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд нэлээд том саад болдог. Олон жил яригдсан. Хэвлэлийнхэн ч их бичдэг. Тэгвэл үүнээс болж төрд учирсан хохирлыг төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна. Зөвхөн 2022 онд л гэхэд хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Олонх нь биелсэн байна. Харин уг шаардлагыг биелүүлээгүй долоон албан тушаалтны асуудлыг шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн процесс үргэлжилж байгаа юм байна. Ер нь хууль хэрэгжсэнээс хойш Иргэний хэргийн шүүхээр ийм 13 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. “...Иймэрхүү үйл ажиллагааны дүнд төрийн албан хаагчийг хууль бусаар томилох, нөлөөлөх зөрчил мэдэгдэхүйц багасаж, эрх бүхий албан тушаалтнууд хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хууль бус шийдвэрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүний нөөцийн зөвлөгөө, тусламж авах нь эрс нэмэгдсэн. Энэ нь хууль засаглах соёл төлөвших соёл эерэг эхлэл” хэмээн Төрийн албаны зөвлөлийнхөн хэлж байна.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлэх үед ковид нүүрлэсэн нь томоохон сорилтыг үүсгэжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийнхөн төрийн байгууллага, албан хаагчдад “...Онцгой дэглэмийн нөхцөлд ажил, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах вэ” гэдэг дээр зөвлөмж хүргэж шийдвэрүүдийг гаргаж ажиллажээ. Шийдвэр гаргагчдын баталсан Ковидын хуулийн хэрэгжих хугацаанд төрийн албанд томилогдсон 2808 хүний томилгоог цэгцлэх гэж нэлээдгүй ажил болсон байна. Хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй 794 хүнийг төрийн албанаас чөлөөлүүлжээ. Харин шаардлага хангасан 823 хүнийг сонгон шалгаруулалтад оруулж төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээг авчээ.

Үүнээс гадна “...Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлсэн хүмүүс нийтийн албанд томилогдчихжээ” гэсэн мэдээлэл үе үе гардаг. Түүнийг хянах “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” нэвтрүүлснээр таслан зогсоож эхэлжээ. Одоогоор ийм шалтгаанаар нийтийн албан тоимлогдох эрх нь хасагдсан 579 хүний нэр дээрх “сан”-д бичигджээ. Тэдний 227 нь авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс юм байна. Цаашид авлигын хэргээр шийтгүүлсэн хүмүүс төрийн албан шургалах боломж үүгээр хаагдаж байгаа аж. Энэ үйл ажиллагаатай нь Засгийн газрын 5Ш ажиллагаа “хавсарч” байгааг тус зөвлөлийнхөн онцоллоо. Түүнчлэн төрийн бүтээмжийг нэмж, төрийн албыг ил тод болгоход цахимжилт гол үүрэгтэй болж байна. Ингэхдээ “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг иж бүрнээр нь хөгжүүлж, мэдээллийн бусад системтэй интеграци хийх, их өгөгдлийн сан бүрдүүлэх, холбогдох байгууллагыг мэдээллээр хангаад эхэлжээ.  Энэ цахим систем нь одоогоор “Ажилтны цалин хөлс”, “Ёс зүйн зөрчил, хяналт мэдээлэл”, “Сонгон шалгаруулалт, томилгоо” гзэрэг найман  модулийг ашиглаж байгаа юм байна. Үүнийг 12 болгохоор зорьж буй аж.

Цаашлаад төрийн албан хаагчдыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд нэлээд анхаарчээ. Бас судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэлийг ч эрчимжүүлж буй юм байна.

Нэг үгээр хэлбэл, дээрх үйл ажиллагааны дүнд, эхэнд хэлсэнчлэн олон жилийн туршид “...Төрийн босго алга боллоо” гэж ирсэн халаглал сүүлийн хэдэн жилд алга болсон байна. Өнөөдөр төрийн “босго” зохих ёсоор өндөрсжээ. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн энэ үйл ажиллагаа нь төрийн залгамж чанарын хэмжээнд цааш үргэлжилж, басхүү УИХ, Засгийн газар эрх зүйн зарим “хаалга”-ыг нээгээд өгчихвөл  Монгол төрийн алба жинхэнэ утгаараа мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай болох цаг ойртсон бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)