Р.ОЮУН

 

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, дипломатч, доктор, профессор, хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит Хилийн цэргийн 0275 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батболдыг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.

 

-Танай анги өнгөрсөн онд ямар ажил хийж хэрэгжүүлэв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ жил Монгол Улс, ОХУ хамтраад хилийн багануудаа шинэчилж байгаа. Шинэ баганууд маань хилийн боомтуудтай буюу уулзалтын цэгүүдэд гантиган чулуугаар, бусад баганыг боржигон чулуугаар шинэчилж байна. Энэ нь 100-200 жилийн насжилттай гэж тооцож байгаа. Манай анги өнгөрсөн жил улсын хилийн гурав, хил орчмын дэглэмийн зөрчил 12-ыг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлээд ажиллаж байна. Өнгөрсөн онд албан хаагчдын хувьд ач холбогдолтой, сэтгэл өндөр байгаа гэж бодож байгаа. Учир нь албан хаагчдынхаа тохь тухтай амьдрах, ажиллах орчныг нь сайжруулахад нэлээн анхаарч ажиллалаа. Мөн ХХЕГ-ын дэмжлэгтэйгээр хилийн хэд хэдэн заставт боловсон нойлыг нь шийдээд явж байна. Цаашид хилийн бүх заставт үргэлжилнэ. Манай ангийн хариуцсан хэсэгт олон улсын ажиллагаатай авто зам, төмөр замын боомт бий. Авто замын боомтоор бүх орны иргэд зорчиж болно, нээлттэй. Харин төмөр замын боомтоор ОХУ-аас нефть импортолдог. Хоёр талын ажиллагаатай Ульхан боомт байгаа. Үүгээр зөвхөн Монгол, Оросын иргэд нэвтэрч өөрсдийн хэрэгцээний шатахуун, хүнсийг оруулж ирдэг.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор Ульханы хариуцсан хэсэгт өөрсдийн гараар бүтээн байгуулсан сувиллын газрыг энэ жил ашиглалтад оруулна. Нэг ээлжинд 20-25 албан хаагчийг амраана. Мөн манайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад хилчдээ гэр бүл, үр хүүхэдтэй нь амраах, сумын иргэд, ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр амраах зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн жил хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь том арга хэмжээнүүдийн нэг. Монгол Улсын хилд үүрэг гүйцэтгэж буй бүх хилийн отряд байлдааны тугтай. Ойн арга хэмжээнд Монгол Улсын иргэддээ хил хамгаалах байгууллагыг сурталчилан таниулах, хилчдийн аж амьдралыг ойлгуулах зорилгоор өргөн хэмжээний жагсаал, урлаг, спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулсан. Манай анги бүсдээ тэргүүн байр эзэлж 90 жилийн ойн арга хэмжээнд багаараа оролцож эхний хоёр байрыг эзэлсэн. Манай хамт олон урлаг, спортоор Дорнод аймагт дээгүүрт ордог.

-Та ангийнхаа хилчин бүсгүй­чүүдийнхээ талаар дурдахгүй юу?

-Манай хилчин бүсгүйчүүд мундаг шүү. Тэдэнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Хилчид гурил, будаагаа л худалдаж авдаг. Өөрсдөө малаа маллаад, ногоогоо тариад, байгалийн жимс, жимсгэнээ түүгээд хэрэгцээгээ хангачихна. Худалдаж авсан гурил, будаагаараа бүх төрлийн нарийн боов, бусад бүх зүйлийг хийж байна. Хилчин бүсгүйчүүд маань Улаанбаатар хотод очиж нэгдсэн цугларалтаа хийсэн. ХХЕГ-аас удирдлагын түвшинд хүлээж аваад Чингис хааны үндэсний музей, УДЭТ-т тоглосон “Тамгагүй төр” жүжгийг үзүүлсэн. Ангийн сэтгэлзүйч Г.Ням-Эрдэнээр лекц уншуулсан. Өнгөрсөн есдүгээр сард хилчдийнхээ баярыг тохиолдуулаад сумын төвд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж сум, орон нутагтаа өндөр үнэлгээ авч аймгийн Засаг дарга биечлэн ирж аймагт энэ арга хэмжээгээ зохион байгуулаач гэсэн албан ёсны урилгыг хүлээж авсан. Энэ жил манай хилчин бүсгүйчүүд өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнээр Дорнод аймагт очиж үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж базааж байгаа. Манай хилчин бүсгүйчүүдийн бүтээгдэхүүний 60 хувийг сүү, цагаан идээгээр хийдэг учир мал төллөөд сүү, цагаан идээ гарсны дараа зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-ХХЕГ-аас энэ жилийг “Ахлагчийн жил” гэж зарлажээ. Энэ хүрээнд танай анги ямар ажил хийхээр төлөвлөв?

-Хил хамгаалах байгууллагаас зорилт тавиад энэ хүрээнд ахлагч цолтой “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнд зориулаад олон арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, ахлагч нараа цуглуулж чуулга уулзалт зохион байгуулах, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, ажиллаж байгаа сум, орон нутагт нь газар олгуулах, амины орон сууц барьж буй албан хаагчиддаа хүн хүч, хөрөнгө мөнгөн дээр нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, олон төрлийн тэмцээн зохион байгуулна. Улс даяар хэрэгжиж буй ипотек, хөнгөлөлттэй зээлд хамруулах, “Хадгаламжтай хилчин” аян зохион байгуулах ажлыг төлөвлөөд эхнээсээ хэрэгжүүлээд явж байна.

-Ахлагч нарынхаа нийгмийн асуудал буюу хүүхдийн сургууль, цэцэрлэгийг хэрхэн шийдэж байгаа вэ. Орон нутагтай хэр холбоотой ажилладаг юм бэ?

-Ангийн хажууд албан хаагчдын хүүхдэд зориулсан цомхон цэцэрлэгтэй. Цэцэрлэгт 25 хүүхэд авах боломжтой. Мөн сумын цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулж болно. Сургуульд орох нас нь болсон хүүхэдтэй эцэг эхчүүдийг аль болох сум, орон нутагт шилжүүлэн томилж байна. Хилийн ангийн боловсон хүчин их залуужсан. 20-30 насны залуус хилийн алслагдсан заставуудад ажиллаж байна. Алслагдсан хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүд насны хувьд бага. 1-6 насны хүүхэдтэй залуучууд хил хамгаалалтад алба хааж байна. Зургаагаас дээш настай хүүхэдтэй албан хаагчдыг сум, орон нутгийн төвд татан дараагийн албан тушаалд томилон ажиллуулдаг. Цаашид бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй, алслагдсан хилийн заставт гэр цэцэрлэг ажиллуулахаар сум, орон нутгийнхаа удирдлагуудтай ярьж төлөвлөж байгаа. Зарим хилийн ангид гэр цэцэрлэг ажиллаж байгаа. Таваас дээш хүүхэдтэй газар гэр цэцэрлэг ажиллуулна гэсэн шаардлага байдаг юм байна. Тэгэхээр манай хилийн заставуудад тав хүртэлх насны хүүхэд цөөн байна. Зуны улиралд  бол болно.

-Сүүлийн үед хилчид маань хилээ манахаас гадна малчдын малыг хариулж байна гэсэн?

-Манай хариуцсан хэсэг гэлтгүй Монгол Улс даяар цас их орж зудын байдалд шилжлээ. Хариуцсан хэсгийн хувьд хилээс 5-10 орчим км-т харьцангуй бага цастай, 10-аас цааш 25-35 зарим газраа 40 см-ийн цастай, явахад хүндрэлтэй, мал байхад боломжтой бус байдал үүссэн. Үүнээс улбаалаад сум, орон нутгийн малчдын мал хилд тулах цаашлаад улсын хил давах зөрчил гарах магадлал өндөр байна. Зарим нь хариуцлагагүй малчнаас болж гарч байгаа асуудал бий. Зарим нь хүн хүч хүрэхгүй, малаа дийлэхгүй байна. Малчид цас багатай, өвс ихтэй газар байхыг хүсдэг. Тиймээс хил рүү мал ойртох нь их байна. Энэ сарын эхний 10 хоногт хоёр удаагийн 170 орчим мал улсын хилд тулсныг хилчид илрүүлэн эзэн холбогдогчид нь хүлээлгэж өгсөн. Хилчид маань өдөр бүр айлын малыг хил давуулахгүй байх, иргэдэд хохирол учруулахгүй, улсын хилд зөрчил гаргуулахгүй гээд нойр, хоолгүй үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа, хил дагуу, хил орчмын нутагт амьдарч буй малчид малаа хариулгатай, хяналттай байлгах, аль болох нутгийн гүн рүүгээ татах арга хэмжээ авч ажиллавал сайн байна. Зарим малчин хэлээд ч ойлгохгүй байна. Орон нутагт нь очоод уулзахаар хүн хүч нь хүрэлцдэггүй адуу, үхрээ дийлэхгүй байх жишээтэй.

-Энэ жилээс энгийнээр ажиллаж байгаа бүсгүйчүүдийг “Гэрээт ахлагч”-аар ажиллуулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хил хамгаалах байгууллагын удирдлага албан хаагчдынхаа нийгмийн асуудал, хамгийн түрүүнд ажил хангамжийг нэмэгдүүлэхээр улсын хил дээр буюу хилийн заставт ажиллаж буй бүсгүйчүүдийг “Гэрээт ахлагч”-ын албанд шилжүүлсэн. Өмнө нь энэ албанд ажиллаагүй байхдаа хангалттай цалин авдаггүй байсан бол одоо амьдрал залгуулах боломжийн хөлс авдаг болсон. Ингэснээр хилчдийн амьдрал сайжрах нөхцөл бүрдсэн. Ялангуяа, хилчдийн гэр бүл, хил дээр ажиллаж буй хилчин бүсгүйчүүд таатай хүлээж авсан. Одоогийн байдлаар хил дээр ажиллах орон тоо дүүрсэн.

-“Гэрээт ахлагч” болсноор ямар давуу талтай вэ?

-“Гэрээт ахлагч” гэхээр цэргийн албан хаагч болж байна гэсэн үг. Үндсэн бол биш таван жилийн гэрээ байгуулна. Ажиллах таван жил тутам гэрээгээ дүгнэж дуусгаад 60 сартай тэнцэх тэтгэмж авах боломжтой болж байгаагаараа онцлогтой. Хэрэв тэтгэвэрт гарах 47 нас хүрээгүй бол цааш нь гэрээгээ сунгаад ажиллаж болно. Эмэгтэй хүмүүсийг цэргийн албанд байлгахад заавал дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй байна. Үүнээс улбаалаад хил хамгаалах байгууллагад ямар орон тоо байна, мэргэжил нь таарч байвал дараагийн үндсэн ахлагчийн эгнээнд шилжүүлэн ажиллах боломжтой.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)