Базарбямбын НЯМСҮРЭН

Жил бүрийн эхэнд Давосын Эдийн засгийн чуулгантай зэрэгцэн зарлагддаг томоохон мэдээллийн нэг нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн шинэчилсэн жагсаалт байдаг. АНУ-ын Oxfam байгууллагаас хөрөнгө чинээгээрээ тэргүүлэгчдийн жагсаалтыг “Форбс” сэтгүүлийн мэдээлэл дээр үндэслэн гаргаснаа тайлагнасан байна. Тэд ядуурал, тэгш бус байдлыг арилгах зорилгоор жил бүр энэ мэдээллийг олон нийтэд дэлгэн танилцуулдаг уламжлалтай.

Тайланг гаргахдаа бодит байдалд нийцүүлэх үүднээс инфляцийг мөн тооцдог аж.

Энэ жилийн нэг онцлог нь баян хүмүүсийн хөрөнгө орлогын харьцуулалтыг цар тахлын өмнөх үетэй харьцуулан гаргажээ. Учир нь дэлхий нийтээр гурван жил үргэлжилсэн цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн байдал огцом өсөлтгүй, удаашралтай байгаа юм.  Дэлхийн хамгийн чинээлэг таван хүний хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин өсөж, нийтдээ 869 тэрбум долларт хүрсэн нь инфляцыг тооцсон дүнгээр 114 хувиар өссөн дүн ажээ.

Өнгөрсөн жилд хөрөнгө нь хамгийн их нэмэгдсэн хүнээр Элон Маскийг нэрлэсэн байна. Цахилгаан машины акул “Тесла”-гийн эзэн, Х платформын гол хувь эзэмшигч, Space X-ийн үүсгэн байгуулагч түүний хөрөнгө өнгөрсөн арваннэгдүгээр саын байдлаар 245 тэрбум ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7,3 дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн Францын тансаг зэрэглэлийн LV брэндийн толгой компани болох “LVMH”-ийн эзэн Бернар Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 111 хувиар өсөж, 191.3 тэрбум ам.долларт хүрчээ. Харин дэлхийн хамгийн баян хүний эхний гуравд байнга багтдаг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 24 хувиар өссөн бол “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгө 107 хувиар өсч, 145.5 тэрбум ам.доллар болжээ.

Харин туршлагатай хөрөнгө оруулагч, олон жилийн турш Билл Гэйтстэй “үзүүр, түрүү” булаалдсан Уоррен Баффетийн хөрөнгө 119.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 46 хувийн өсөлттэй байлаа.

Тайланг гаргасан Oxfam байгууллагын Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудал эрхэлсэн захирал Набил Ахмед “Тэгш бус байдал нэмэгдэж байгаа ч нөгөө талд эерэг талууд ажиглагдаж байна. Ажилчдын ажиллах орчин сайжирч, цалин орлого нэмэгдсээр байгаа нь сайшаалтай” хэмээн ярьжээ. Тайланд дурдсанаар, дэлхийн баячуудын хөрөнгө орлогын байдал энэ байдлаар үргэлжилбэл, ирэх арван жилд дэлхийн анхны долларын их наядтан төрөн гарахаар байгааг онцолжээ. Мөн үүний эсрэг талд дэлхийн таван тэрбум хүн инфляц, дайн, уур амьсгалын хямралын улмаас улам бүр ядуурсаар байгаа нь сэтгэл зовнисон асуудлын нэг юм. Энэ янзаар үргэлжилбэл ядуурлыг арилгахад 230 орчим жил шаардлагатай гэж уг тайланд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)