Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Газрын тосноос хамаарахгүй эдийн засгийг бий болгох замын зурагт ашигтай байрлал эзлэхээр  дэлхийн улсууд  уралдаж байна. Энэ нь  дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон  шатах тослох  материал, түлшний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл технологиор орлуулах  эрмэлзэл, бидний хэрэглээ, дадал зуршилд хүртэл  өөрчлөлт оруулах  цаг үе  руу хөтөлсөөр  байна.

Үүний нэг жишээ гэвэл  газрын тосны түүхий эдээрээ тэргүүлэгч  Саудын Арабын Засгийн газар өнгөрөгч долоо хоногт 182 сая ам.долларын өртөг бүхий чухал ашигт малтмалын хайгуулыг урамшуулахаар болсноо зарлалаа. Тэд энэ тухайгаа Эр-Рияд хотноо өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан “Ирээдүйн эрдэс баялгийн форум”-ын  үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн  хөрөнгө оруулагч нарт мэдэгдээд байна. Энэ урамшууллаар тэд хайгуулын хөрөнгө оруулалтыг эрсдэлээс ангижруулж, шинэ түүхий эд гаргах, ногоон  талбайн төслүүд эхлүүлэх  болон залуу уурхайчдад боломж олгохоо илэрхийлсэн байна.

Энэ үеэр 75 тэрбум риал буюу 20 тэрбум ам.долларын  өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Египетийн “Газрын тос эрдэс баялгийн яам”, Мароккогийн “Эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн яам”, Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын “Уул уурхайн яам” зэрэг дөрвөн улстай ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Мөн ОХУ-тай геологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Газрын тосны боруулалтаар дэлхийн топ эдийн засгийн супер циклыг босгосон энэ баян орон дэлхий “түлш”-ээ солих болсон чухал цаг үед наашаа гэсэн болгонд мөнгөөр бороо оруулж буй  том чуулганд манайхаас оролцоо бий гэдэгт  найдая. Өнөөдөр ийм л зүйл рүү бид чихээ дэлдийлгэн суух цаг юм. Уул уурхай, эрчим хүчний шилжилт байгаль орчны өөрчлөлтөөс үүдсэнээрээ юу юунаас илүү их сорилттой тулгарах нь.

Эх сурвалж: S&P Global Market Intelligence

 

Дэлхийн нийтийн металлын эрэлт 2035 он хүртэл 4-6 дахин өсөхөөр байна 

 

Дэлхийн хамгийн анхны автомашин уурын жижиг зуухтай сүйх тэрэгний загвараас үүдэлтэй байсан гэдэг. Сүйх тэрэгний загвар өөрчлөгдөн хөгжсөөр орчин үеийн загварын автомашин бий болсон гэсэн үг. Удахгүй 1940-өөд оны тэртээ дэлхийн том хотуудын гудамжаар Форд машин хөлхөлдсөн шиг цахилгаан автомашинаар дүүрэх цаг айсуй. Манай Улаанбаатарын гудамжаар ч эко хөдөлгүүртэй цахилгаан автомашин үзэгдэх  болсон. Хүн төрөлхтөн  түлшээ сольж байгаа энэ үед дэлхийн нийтийн металлын эрэлт 2035 он хүртэл 4-6 дахин өсөхөөр байгааг тооцоолжээ.  Тэр хэрээр хайгуулд зарцуулах хөрөнгө оруулалт ч нэмэгдэх төлөвтэй. Тиймээс улс бүхэн криткал минералын гинжин хэлхээнд ашигтай байрлал эзлэх сонирхол 2030 он хүртэл үнэ цэнтэй байх нь. Үүнийг дагаад дэлхийн уул уурхайн шинэ ложистикийн зураглал зурагдаж байна. Шилжилтэд дэлхийн улсууд алсын хараагаа тодорхойлж  эрчимтэйгээр хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Харин  бид уул уурхай болон эрчим хүчний салбарт урдаа уурын яндантай сүйх тэрэгний түвшинд явж байна гэж хэлж болохоор юм.

 

Дэлхийн хайгуулд зарцуулах мөнгөнөөс Монгол улс нэг хувийг ч татаж чадахгүй байна

 

Цар тахлын дараах энэхүү өөрчлөлт сорилтыг бид давахаас өөр сонголтгүй. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилж батлах нь ойрын өдрүүдийн халуун сэдэв хэвээр, хүлээлт үүсгэсээр. Манай улсад орж ирсэн  Гадаадын шууд хөрөнгө оруулалтын /ГШХО/ 70 орчим хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг. Монгол Улс дэлхийд хамгийн их ашигт малтмалын нөөцтэй гэх боловч үнэн хэрэгтээ дэлхийн хайгуулд зарцуулж буй мөнгөнөөс нэг хувийг ч татаж чадахгүй байна.

Тодруулбал, 2021 онд олон улсын SNT https://sntglobal.com/ байгууллагаас  хийсэн судалгаагаар  дэлхийд хайгуульд зарцуулах 20 орчим тэрбум ам.доллар эргэлдэж байна. Энэ мөнгийг ашигтай салбар бүр рүү оруулахаар  орон бүрийн хөрөнгө оруулагчид булаацалдаж байна гэж хэлж болно. Тодруулбал, 20 орчим тэрбум ам.доллар дээр хэн зөв тоглож чадна тэр хожих боломжтой  тоглоомын дүрэм үйлчилж эхэлжээ. 2021 оны байдлаар энэ мөнгөний 30 орчим хувийг Канад, Австрали хоёр татаж авсан бол үлдсэнг нь  Чили, Перу, Америк, Мексик, Африк, Хятад, Орос улс эргэлдүүлжээ. Харин Монгол Улс хайгуулд жилд 60-70 орчим сая ам.доллар зарцуулж байна гэдэг нь бид энэ их мөнгөнөөс нэг хувийг ч татаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ өрсөлдөөнд Монгол Улс  бараа ч алга. Өөрөөр хэлбэл, судалгаанд тэмдэглэгдээгүй улсууд нийлээд энэ мөнгөний хоёр хувийг татсан гэх боловч бусад орон шиг их хэмжээгээр хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна.

Дэлхийд олборлолт явуулж буй  уурхайн тоогоор Австрали 300 төслөөр тэргүүлж  Чили 130, Замбия 70 бол Монгол есөн  төсөлтэй байна. Түүнчлэн ашиглалтад  ороогүй төсөл Монголд дөрөв, Австралид гурав, Чилид ес, Замбияд тав байх жишээтэй. Харин судлагдаж ТЭЗҮ хийж буй нь Монголд  нэг, Австралид 18, Чилид 17, Африкийн Замбияд гурав бол хайгуулын шатандаа яваа  Монголд  дөрөв, Австралид 53, Чилид 56, Замбияд 20 төсөл байна. Эндээс ажиглахад Монгол бусад улсаас түрүүлээд байгаа юм огт алга. Харин ч хол хоцорсон явж байна. Бодит байдалд зэсээрээ  цойлоод гарна гэсэн яриа үүгээр няцаагдахаар байна. Хайгуул руу чиглэх дээрх мөнгө ойрын жилүүдэд 40-50 тэрбум ам.доллараар нэмэгдэх магадлалтай гэдгийг  ШУТИС-ийн судлаач багш М.Дагва  ярьж байна. Энэ юунаас болж байна гэвэл дэлхийн улсууд бие биеэсээ түрүүлж “түлш”-ээ сольж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль цаг уурт хортой бүтээгдэхүүнээ /дизель түлшээ/  батарей буюу зай хураагуураар явдаг машинаар сольж байна гэсэн үг. Түүнчлэн Хятад улс ашигт малтмалыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй төвлөрсөн том тогтолцооноосоо зайлсхийхийг оролдсоор ирсэн. Өмнөд хөршийн зайлсхийх оролдлогод бусад улс хэрхэн тоглолт хийж байна. Үүнд ямар улс илүү амжилттай явна вэ гэдэг уул уурхайн салбарт шинэ салхи татуулсан сонирхолтой сэдэв болж байна. Харин манай улс олборлолтоос боловсруулалт руу гэсэн стратеги баримтлах тухай ярьж байна. Бид өмнөд хөршөө уул уурхайн салбарт цойлж байсан үеийг ашиглаагүйгээс өнөөдөр тэд биднээс хол тасарчээ. Үүний илрэл нь бид энэ салбарт хайгуулиа нэмэгдүүлж “Х” болон “А”-ын тусгай зөвшөөрлийг олноор нь олгож гаднаас  хөрөнгө оруулалт татчихвал зорилго хангагдах тухай ярьж Хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлах гээд мунгинаж байх зуур дэлхийн улсууд “түлш”-ээ сольж ногоон ирээдүй рүү нэг мөр чиглэжээ.

 

Монгол Улсын батарейн түүхий эдийн хэтийн төлөв, боломж

Металлыг машины моторт хийж шатаах биш эрчим хүч болгож батарей гаргаж авснаар цахилгаан машин үйдвэрлэх юм гэдгийг бүгд мэдэж байгаа. Орчин үеийн технологийн салбарт газрын ховор элемент нь олон чухал үүрэгтэй. Ялангуяа, цахилгаан машин, салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч болон холбогдох технологийн хурдацтай өсөлт нь газрын ховор элементийн эрэлтийг 2022 онд 37 хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бөгөөд энэ хандлага дор хаяж дараагийн таван жилд үргэлжлэх төлөвтэй байна. “Цахилгаан машины батарейны гол түүхий эд нь лити, никель, кобальт, манган,байгалийн болон синтетик балчулуу мөн зэс юм. Гэхдээ энэ нь хэдийгээр зах зээлийн том боломж мэт боловч олон улс хувийн хэвшил эдгээр шинээр эхэлж буй орон зайд байр эзлэхээр хайгуул, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтыг татаж нэлээд урагшилсан аж. Бидний хувьд 20-30 жилийн дараа дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц байх эсэх нь эндээс хамаарна. Харин манай улс өнөөдрийн тухайд зэсийг оруулахгүйгээр энэ төрлийн амжилттай хэрэгжсэн хайгуулын болон ашиглалтын төсөл нэг ч байхгүй. Учир нь энэ төрлийн судалгаа шинжилгээний ажил бусад улстай харьцуулахад хоцорсон гэж энэ салбарт шинэ жим татуулахаар ажиллаж буй “Иннова Минерал”ХХК-ийн захирал З.Ган-Очир ярьж байна. Тэрбээр “Бидэнд энэ төрлийн түүхий эдийн суурь судалгаа дутмаг, хайгуулын ажлыг системтэй явуулахад тусгай зөвшөөрлөөр хайгуулын талбай олгох, боловсруулалтын технологи, хүний нөөц сул байна. Түүнчлэн байгаль орчны шардлага өндөр, дэлхийн олон орон хайгуул, олборлолтын салбарт татвар, бодлогын дэмжлэг өндөр байна. Энэ нь магадгүй манайд байгаа төслүүдийг эдийн засгийн хувьд сул харагдуулах зэргээр сорилт бэрхшээл их байна” гэсэн юм. Манай улсын хувьд одоохондоо эдийн засгийн нэн  чухал түүхий эд биш ч эрчим хүчний шилжилтийн эрчимжилттэй холбоотойгоор ирээдүйд хэрэглэгдэх эрдсийн хайгуулыг дэмжих шаардлагатайг мэргэжилтэн хэлж байна.  

 

Криткал минералын гинжин хэлхээнд ашигтай  байрлал эзлэх нь 2030 он хүртэл үнэ цэнтэй

Арабын элсэн цөлд газрын ховор ашигт малтмал нуугдаж байна уу гэдгийг илрүүлээгүй байхад энэ улс руу хөрөнгө оруулагчид батганд суусан ялаа шиг хошуурч байна гэдэг нь хайгуулын өгөгдөлөө хэрхэн сурталчилж гоё харагдуулж байна гэдэг тус улсын чадвар ажээ. Тэд хүүхнүүдийнхээ, шашныхаа, ард түмнийхээ, улсынхаа амбиц дээр суурилж уул уурхайгаа популизмгүй хийх арга, бодлого гаргаж байна. Манайх ч ялгаагүй социализмын үед хийсэн хайгуулын дата өгөгдлөө хэрхэн гоё харагдуулж сурталчлах вэ гэдгээ бодох л хэрэгтэй мэт.  Манайх “Шинэ сэргэлтийн бодлого 2050” алсын хараагаа боловсруулж баталсан нь сайшаалтай. Уг нь “Saudi Arabia's Vision 2030” гэсэн шиг “Монголчуудын алсын хараа 2050” гэж бүх түвшиндээ ярьж хүнд сурталгүй бүх нийтээрээ үүнийхээ төлөө оролцоотой байх юм бол хөрөнгө оруулалтыг татах боломж өнөөдрийнхөөс хавьгүй их байх боломж бүрдэж мэдэх юм.

Одоогоор хамгийн дорвитой хөдөлж байгаа орон бол Саудын Араб. Өнгөрсөн жил Саудын Арабын төрийн өмчит Махадан,  Роберт Фрийдландтай 50,50 хувийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулсан аж. Дээр нь энэ загварт зориулсан далайн тээврийн ложистикт 50-60 орчим тэрбум ам.доллар зориулж байгаа ажээ.

Түүнчлэн австраличууд хамгийн түрүүнд Америк, Энэтхэгтэй учраа ололцож байна. Уул уурхайгаар тэргүүлэгч Канад, Германы аж үйлдвэржилтэд тулгаарлан хөрөнгө оруулалт хийж батарейны үйлдвэр барих болсон. Африкын улсууд хөрөнгө оруулалтын банкны холбоогоороо дамжуулан  австраличуудаар барилгын материалын үйлдвэр бариулах гарааны нөхцөл дээрээ байна. Өнгөрсөн 200 жилд олборлосон зэсийг ирэх 20 жилд хэрэглэх хэмжээний зэс олборлох хэрэгцээ үүснэ.

 Тэгэхээр Парисын тунхагт нэгдсэн манай орны хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах амлалтаа биелүүлэхийн төлөө дэлхийн чиг хандлагад нийцсэн бодлого чухал ажээ.

Тиймээс дэлхийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, түгээлтийн ложистикийн замын зургийг шинээр зурахад оролцож Монгол Улс өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, шинээр зурах замын зурагт өнөөдөр цэгээ хатгаж  дэлхийн ашигт малтмалын шинэ зураг зурах гинжин хэлхээнд  оролцож  хөрөнгө татах нь үнэ, цэнтэй төдийгүй ашигтай байрлал эзлэх  боломж аж. 

Америк Инфляц бууруулах тухай хууль баталжээ. Хуулийн агуулга нь  Америк нутагтаа аж үйлдвэрийг буцааж авчрах санаагаар ногоон эдийн засаг руу чиглэсэн цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх металлыг Америкийн газар нутгаас болон худалдааны гэрээтэй орнуудаас олборлосон ашигт малтмалаар хийж тус улсын нутагт үйлдвэрлэсэн байвал Засгийн газраас тэдний эцсийн хэрэглэгч нарт нь 5000 ам.долларын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Тэгвэл Америкт өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлдэг Япон улс зөвхөн криткал минералын худалдааны гэрээнд гарын үсэг зурж байх жишээтэй.

Чухал ашигт малтмалын эрин үе рүү дэлхийн улсууд бодлогоо уралдуулж том гүрнүүд нь худалдааны стратегийн хоригоор дайтаж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятад улс  газрын ховор элементийг ялгаж, цэвэршүүлэх үйл явцын хүчирхэг хөзрийг атгаж байна. Одоогоор  тус  улс  цахилгаан автомашинд болон цахилгаан мотор зэрэгт ашигладаг өндөр эрчим хүчний байнгын соронзыг тасралтгүй нийлүүлдэг цорын ганц ханган нийлүүлэгч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)