Ц.МЯГМАРБАЯР 

Улс орны амин сүнс болсон эрчим хүч, тог цахилгааны хязгаарлалт, тасалдал нь өвлийн ид үед  анхаарал татсан асуудал хэвээр байна. 
Дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, оргил ачааллын хэрэгцээгээ ОХУ-аас импортоор авч хаасаар өнөөдөртэй золгож буй. Өмнө нь бид хойд хөршөөс жилд 130 орчим сая кВт.ц цахилгаан худалдаж авдаг байсан учраас санаа зоволгүй ирсэн байж болно. Харин 2022 оноос хэрэглээ өсөж 500 орчим сая кВт.ц эрчим хүч худалдан авсан бол өнгөрсөн жил уг үзүүлэлт 50 орчим  хувиар өсөж  750 сая кВт.ц болж, энэ онд 970 сая кВт.ц-т хүрч цойлох төлөвтэйг албаны хүмүүс тооцоолж сууна. Хот хүрээгээ тэлж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам Монгол орон гаднаас улам хараат болсоор. Ялангуяа 17:00-22:00 цагийн хооронд бүгд хоолоо хийгээд, зурагтаа үзэж эхлэнгүүт хоногийн хэрэглээ 1632 мВт-д хүрч /2023.11.21/ гэнэт өсдөгийг мэргэжилтнүүд хэлж байна. Оргил ачааллын энэ үеийг манай дулааны цахилгаан станцууд зуухаа ажиллуулаад хангачихаж болох ч 16:00 цагийн турш ажиллаж байж  хүчин чадлаа авдаг аж. Мөн тэр хэмжээгээрээ ажиллаж байж унтардаг онцлогтой юм байна. Энэ хугацаанд урсах түлш, ажиллах хүчний зардлыг  оргил ачааллаа импортоор авч хаах нь хамаагүй хямд тусдаг тухай мэргэжилтнүүд  ярьдаг. Гэвч энэ байдлаар явсаар одоо эцэстээ хязгаарлагдмал нөөцийн нэг болох нүүрсээр ажилладаг станцууд дампуурлаа зарлах хэмжээнд алдагдалд оржээ. Энэ нь нэг талаас  цахилгааны үнэ тарифыг улсаас тогтоон барьж  ирсний уршиг. Түүнчлэн “Ковид-19” үед төрөөс цахилгааны үнийг тэглэсэнтэй холбогдож хэрэглээ 38 хувиар огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрөөс цахилгааны үнийг даах болсон нь иргэдийн сэтгэлгээ, хэрэглээ  хэвийн үеийнхээс өөрчлөгдсөн гэсэн үг. Зарим иргэд нохойны үүрэндээ цахилгаан халаагуур оруулсан байсан гэдэг. 

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд цахилгааны үнийг аж ахуйн нэгжийн хэрэглээнээс хамаарч 14-38 хувиар нэмсэн ч алдагдлаа бүрэн нөхөх хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдөр 1кВ/т цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй бодит өртөг 243 төгрөг. Үүнийг цааш нь айл өрхийн хэрэглээнд нийлүүлэхдээ 140 төгрөг, энгийн хэрэглээтэй аж ахуйн нэгжид  222, уул уурхайн компаниудад 294 төгрөгөөр борлуулж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудад 50 төгрөгөөр илүү харин  өрхийн хэрэглээнд 103 төгрөгөөр дутуу, энгийн аж ахуйн нэгжүүдэд 21 төгрөгөөр дутуу нийлүүлсэн гэсэн үг. Хэдийгээр үнэ тарифын зохицуулалт хийж алдагдлыг бууруулж буй ч бүрэн нөхөхгүй байна. Гэхдээ 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан салбар дээрх зохицуулалтыг хэрэгжүүлснээр 2023 онд алдагдал 47 тэрбум төгрөг болж буурчээ. Цаашид бодит өртөгийг 40 хувиар нэмэгдүүлснээр дээрх алдагдлыг нөхөх боломжтой. Тиймээс  урт хугацаанд  үнэ тарифын зохицуулалтаар  шийдэх боломжгүй. Тэгвэл бидэнд олон улсад туршигдсан  хэрэглээ талын удирдлага /Demand Side Management/ , хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр арга туршлагыг хэрэгжүүлэх нь оновчтой гэж ЭХЗХ-ны зохицуулагч, доктор (Ph.D) П.Товуудорж ярьж байна. 
Орой гэртээ цугларч зурагтын удирдлага булаалцалддаг  шиг гал тогоо, ахуйн хэрэглээ дэх эрчим хүчээ удирдаж  дадах нь чухал болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний талын удирдлага, хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр аргыг  хэрэгжүүлбэл,67 мгВ/т эрчим хүч буюу 120 сая төгрөг хэмнэх боломж бидэнд байгаа аж.

 

Эрчим хүчний “шимэгч”-ээс ангижирвал жилд 6.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

 

Хөргөгч, плитка, ус буцалгагчийн ажиллах цагийг богиносгож, телевиз, чийдэнг нэгжийн хүчин чадал багатай хэмнэлттэйгээр сольж тооцоолоход сард нэг өрх 22.113 төгрөгийг хэмнэж  буй тооцоо гарчээ. Хоол хийхдээ  савны тагийг тавьснаар эрчим хүчийг 2.5 дахин, ус буцалгагчинд зөвхөн хэрэгтэй хэмжээгээр усаа буцалгахад 20 хувь, хоол хийх савны ёроол цэвэр, гөлгөр зуухны халах хэмжээтэй адил байлгахад 60 хувь хэмнэдэг байгаа.Түүнчлэн түргэн буцалгагч цахилгаан ашиглалтыг хоёр дахин бууруулдаг бол гэмтэлтэй цахилгаан зуух хоолны болцыг 50 хувь удаашруулдаг байна. Мөн хөргөгчөө хананд тулгаж тавихгүй байх, хөргөгч рүү халуун зүйл шууд хийхгүй хаалгыг удаан онгойлгохгүй байх, тохируулгыг зөв тохируулах, мөстсөн хөрөгч цахилгаан зарцуулалтыг таван хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах гэм мэт энгийн хэвшлийг  гал тогоондоо дадуулахад л эрчим хүчний хэмнэлт болно.


Эрчим хүчний “шимэгч” болох зурагт, компьютер, wifi төхөөрөмж, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч залгуур цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг унтрааж, тэжээлээс нь салгаж  өөр дээрээ унтраалгатай олон залгуур ашиглаж хэвших. Аж ахуйн нэгжүүд зардал гаргахгүйгээр эрчим хүчний зардлаа 30 хүртэл хувь бууруулахыг уриалж байна. Эрчим хүчний том хэрэглэгч бүхий 279 компани байна. Тэд технологийн хувьд онц шаардлагатай биш ажлуудыг оргил ачааллын цагаас өөр цагт шилжүүлэх. Мөн хөдөлгүүрүүд, шахуурга зэрэг өндөр ачаалал авч асдаг тоноглол цех албадын ээлж солих үйл ажиллагааг 17:00-22:00 цагаас өөр цагуудад эхлүүлэх. Түүнчлэн хөдөлгүүрүүдийг зэрэг биш ээлж дараалалтай асаах зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авах гэх мэт хэмнэж болох  олон аргуудыг нэвтрүүлэхийг хэлж байна. Өрх бүр аж ахуйн нэгж байгууллага бүр ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшилд сургах.Эдгээр дадлыг  нийслэлийн 380 мянган өрх зэрэг хэвшүүлж чадвал жилд 213 орчим сая төгрөг хэмнэх боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хот дах 72 мянган аж ахуйн нэгж хэвшүүлвэл жилд 6.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой ажээ. 


Дэлхийд газрын тосны хямрал болсон 1970 оны үеэс эрчим хүчний хэмнэлт гэсэн ойлголт эхтэй. 1974-2008 он хүртэл Япон, АНУ, Энэтхэг, Европ, ӨАБНУ, Ойрх дорнод, Африкийн орнуудад газрын  тосны шок,  хямрал, DSM, эрчим хүчний хомспол, бодлогын өөрчлөлтүүд болжээ. Тэгвэл эдгээр орнууд энэ хямралаас гарахын тулд хэрэглээ талын удирдлага /Demand Side Management/ , хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр арга туршлагыг хэрэгжүүлжээ. Тиймээс  бид  эдгээр аргуудыг туршиж  импортоор авдаг эрчим хүчийг  орлуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, тогоо удирдах  “удирдлага” өрх бүрт байна.  

Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлсэн агуулга нь хувь сэтгүүлчийн үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хөтөлбөрийн албан ёсны байр суурь биш болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин