Б.Нямсүрэн

“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн “Өнөр бүл” хүүхдийн төвд боллоо. Асрамжийн дөрвөн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцсон байна. Тус тэмцээнийг дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулсаар ирсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд  “Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86,7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон. Тэр дундаа 17 хүртэлх настай хүүхдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Тиймээс Засгийн газраас энэ талаар арга хэмжээ авч ажиллах үүргийг ЭМЯ-нд өгч, өнгөрсөн наймдугаар сард 322 тоот тогтоол гаргаж “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүгээр дамжуулан хүүхдэд багаас нь  шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гэлээ.

Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд ЭМЯ орон нутгийн захиргаа, мэргэжлийн ТББ-уудтай хамтран Өмнөговь, Өвөрхангай, Төв, Орхон аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулсан билээ. Тжс тэмцээнд нийт 680 хүүхэд, 160 орчим багш хамрагдаж, 250 орчим шүүгч зохион байгуулагч нарыг бэлтгэжээ. Эдгээр хүүхэд, багш нар тэмцээнд оролцохоос гадна шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны талаар бүрэн мэдлэг, хандлага, дадалтай болжээ.  

Эх сурвалж: www.zms.mn