Баатарын НЯМСҮРЭН

 

Хог хаягдал нь эрүүл мэнд болон байгальд асар их хор хөнөөл учруулдаг. Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд иргэн, аж ахуй нэгжүүд хог хаягдлаа эх үүсвэрээр нь ангилж, зөвшөөрсөн цэгт зохистой хаях ёстой гэж заасан байдаг.

Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Zero waste” буландаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хог Хаягдал Зохицуулах” төвийг онцолж байна. Тус төв нь сумынхаа зүүн урд хэсэгт байрладаг. Иргэд дахивар хог хаягдлаа ангилж, цуглуулаад төвдөө ирж “тушаах” дадал тогтоод хоёр жилийн хугацааг үдэж байгаа ажээ. Анх энэ ажлыг эхлүүлэхдээ “Эко сум” ТББ-аас иргэдэд гарын авлага тарааж, хог хаягдлын талаарх мэдэээлэл өгч ажилласан аж. Аливаа дадал зуршил шууд суудаггүй. Тиймээс тогтсон дадлыг өөрчлөхийн тулд тодорхой хэмжээний хугацаа ордог. Энэхүү жишгээр урагшилж байгаа гэдгийг “Эко сум” ТББ-ын ажилтнууд онцолж байв. Энэхүү төрийн бус байгууллага нь таван жилийн өмнөөс Азийн сангийн анхны болоод шинэчилсэн дэмжлэгтэйгээр Хишиг-Өндөр суманд хог хаягдал зохицуулах зохистой тогтолцоог бий болгохоор зорьж ажилласан юм байна. Энэхүү хугацаандаа зөвхөн орон нутагт хог хаягдлыг зохицуулахад төдийгүй бусад салбарт ч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гурван том төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Европын холбооны “Свич Эйжиа” хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, тогтвортой байдлыг ханган ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн орон нутгийн хэрэгжүүлэгчээр ажилласаар байгаа юм. Мөн байгаль, цаг уурт суурилсан төслүүдийг ч хэрэгжүүлж байгаа гэв. Цаг уурын өөрчлөлтөд хөдөө орон нутгийн иргэдийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд сууцны дулаалгын, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг дэмжих төслүүдийг ч хэрэгжүүлж байна. Энэ талаар “Эко сум” ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа “Манай байгууллага Булганы Хишиг-Өндөр суманд хог хаягдалын зохицуулах төвийг байгуулаагүй бол сумын иргэд хогоо ил задгай хаядаг хэвээр байх байсан. Тэрхүү задгай хогийн цэгүүд нь хөрс, ус, агаарыг ихээр бохирдуулж, байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл одоо эсрэгээрээ. Манай сумынхан хогоо ил задгай хаяхаа больсон. Энэхүү зөв дадалд суралцсанаар нэг айлаас гарах хогны хэмжээ ч эрс багассан. Гэхдээ сумын хог хаягдлыг устгахад, зохистой зохицуулахад дан ганц төрийн бус байгууллага ажиллаад шийдэлд хүрэхгүй. Сумын иргэд болон удирдлагууд идэвхтэй оролцож үр дүн гарна” гэдгийг онцолж байлаа.

 

Хишиг-Өндөрчүүд хогоо  ангилж хаядаг болжээ

Хог хаягдлыг зүй зохистой хаях ажлыг эхлүүлэхдээ “Эко сум” ТББ-аас иргэдэд гарын авлага тарааж, хог хаягдлын талаарх мэдэээлэл өгч ажилласан байна. Зарим архины шил, лаазыг хотын дахин боловсруулах үйлдвэр рүү пресслэж баглаад явуулдаг ажээ.

Хишиг-Өндөр сумын хог хаягдлын дийлэнх хувийг зуухны үнс, шил, хүнсний бүтээгдэхүүний сав, хуванцар болон хүүхдийн живх эзэлдэг байна. Гэхдээ сумын иргэд одоо хог хаягдалаа ангилж хаядаг болсон. Иргэдийн хамгийн их хаядаг хаягдал нь ус ундааны сав, тетрапак сав, гялгар уут байдаг гэнэ. “Хог Хаягдал Зохицуулах” төв нь хуванцар бутлагч, шахагч, пресслэгч машинтай. Буталсан хог хаягдлыг хайрга, элсний хэлбэрээр өөр зүйлд ашиглах боломжтой байдаг аж. Харин хуванцарыг дахин боловсруулж хавтан, эд зүйл хийдэг гэдгийг хэлж байв. Харин зарим архины шил, лаазыг хотын дахин боловсруулах үйлдвэр рүү пресслэж баглаад явуулдаг ажээ. Сумын төвд байнга шахуу гардаг хаягдлын нэг нь цаас юм. Ялангуяа төрийн байгууллага болоод дэлгүүрүүд бараагаа задлах үед цаасан хайрцагны хаягдал гардаг гэнэ. Гэхдээ энэ төрлийн хог хүндрэл учруулдаггүй байна. Учир нь иргэд ихэвчлэн дахин хэрэглэнэ гээд гэрлүүгээ авч явдаг гэж байв. Энэ тухай Г.Нарантуяагаас тодруулахад “Хэрэв цаасан хаягдлыг орон нутагтаа ашиглахгүй, хот руу дахин боловсруулахаар тээвэрлэх боломжгүй бол төв халаах байгууламждаа шатаах боломжтой” гэсэн юм.

 

Модны үнсийг хөрсөнд бордоо хэлбэрээр ашигладаг

 

Дээр дурьдсан хог хаягдлаас гадна давуу, метал, электрон хаягдал, батерей, үнс гэж бий. Давууны хаягдлыг дахин боловсруулах боломжтой байдаг. Гэхдээ манай улсад бөс даавууг дахин боловсруулах албан ёсны үйлдвэр байдаггүй. Тиймээс даавууны хогийг орон нутагт дахин ашигдахдаа малын нэмнээ, хаалга, цонхны дулаалга гадна хөшиг, дэрний дүүргэлт зэрэгт ашиглах  боломжтой юм. Харин электрон хог хаягдлыг цуглуулж тодорхой хэсгүүдийг нь авах худалдан авагч олдвол боломжтой бүхнийг худалдах нь зүйтэй гэнэ. Харин үлдсэнийг нь Монголд зохистой шийдэл бий болтол зохицуулах төвдөө хадгалдаг байна. Үүнээс гадна дан модны үнсийг хөрсөнд бордоо болгон ашигладаг гэж тус ТББ-ынхан ярьж байв. Харин нүүрсний үнсэнд хүнд метал, хорт бодис агууллагддаг тул модны үнстэй адил дахин ашиглах боломжгүй аж. Тиймээс хогийн цэгт хучих нь оновчтой шийдлийн нэг гэсэн юм.

 

Хоолны хаягдлыг бууруулах шийдэл

 

Иргэд хүнсээ цуглуулахдаа жагсаалт гаргах нь санхүү, болоод байгальд ээлтэй. Мөн хөргөгчинд байгаа хүнсээ цаасан дээр тэмдэглэж муудах дөхөж байгаа орцыг яаралтай ашиглаж хоолондоо хэрэглэх нь чухал ажээ. Үүнээс гадна хоолны үлдэгдлээ ухаалгаар ашиглаж сураарай гэж захисан юм. Тухайлбал, бууз хийгээд татсан мах илүү гарвал хөлдөөгөөд дараа нь дахин ашиглаж болно. Мөн ногоотой хуурганаас илүү гарвал маргааш хийх шөлтэй хоолондоо хийж болох юм. Та дэлгүүрээс ногоо цуглуулахдаа муудаагүй бол муухай хэлбэртэй гэж гололгүй авах хэрэгтэй. “Царай муутай” ногоонууд лангуун дээр үлдэж хүнсний хаягдал ихээр үүсдэг байна. Хоол хүнсний хаягдлаа багасгах нь байгалиа хайрлах нэг арга юм. Мөн “Эко сум” ТББ-ын тэргүүн Г.Нарантуяагийн хэлж буйгаар зөвхөн манай улсад төдийгүй, дэлхий дахинд хог хаягдлын асуудлыг ярихдаа үргэлж гарсан хойно нь хэрхэн зохицуулах дээр төвлөрдөг. Гэтэл хамгийн чухал нь эх үүсвэр дээр нь бууруулах, үүсэхээс нь сэргийлэх ажээ. Үүнийг олж хараад барьж буй бодлого, стратегээ өөрчилж амжилттай ажиллаж буй олон орон, хот бий гэнэ. Г.Нарантуяа “Хог хаягдлын гарцыг анхнаас нь бууруулах, хог хаягдалгүй тойрог эдийн засгийн тогтолцоонд шилжих нь зөвхөн цаг хугацааны асуудал. Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийн хязгааргүй хэрэгцээг хангах нөөц манай дэлхийд байхгүй” гэсэн юм. Тиймээс тус хамт олон  хог хаягдлаа зохистой зохицуулахаар дахин боловсруулах жишгийг тогтоохоор хамтарч ажиллах хүсэлт ирүүлсэн аймаг сумуудад туршлагаа хуваалцаж, сургагч багш бэлдэж байгаа аж. Хишиг-Өндөр сумын хог хаягдлыг зүй зохистой хаях, зохицуулах энэ жишиг цаашид Булган аймгийн олон суманд хэрэгжиж эко орчин бүрдүүлэх нь тодорхой биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)