Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

БНХАУ-аас 600 автобус авахаар болов

 

 “Ногоон автобус”-ны оронд дахин тендер зарлаж таван ААН мэдээллээ ирүүлснээс  БНХАУ-ын "Yutong Bus" компанийг сонгож, 165 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авахаар болжээ. Тэгвэл “Ногоон автобусны хэрэг”-т холбогдуулан 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийгээд байгаа талаар Улсын прокурорын ерөнхий газраас мэдээллээ. Тус хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдаад байгааг мэдэгдсэн юм.

"Yutong Bus"  компани 60 жилийн түүхтэй автобус үйлдвэрлэгч компани. Өнөөдрийн байдлаар тус компани  40 гаруй улс орон, бүс нутагт 87 мянган автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн арав гаруй хувийг эзэлж байна. Энэ оны эхээр л гэхэд Саудын Арабын зах зээлд 550 дээд зэрэглэлийн автобус нийлүүлжээ.

 

Шатахуун тасалдаж, шагийн түлш өслөө

 

Цаг уурын нөхцөл байдал хэцүү үед нийслэлд төдийгүй орон нутагт шатахуун тасалдаад сар гаруй болж байна. Үүнээс болж малчид шуурганд уруудсан малынхаа араас явж чадахгүйд хүрээд буй. Харин албаныхны зүгээс нөөц хэвийн байна гэж мэдэгдсээр байгаа. Тэгвэл энэхүү асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар “Арван нэгдүгээр сарын 29-өөс арван хоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ. ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа. Түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн. Ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна” хэмээх тайлбарыг хийсэн. Гэвч өчигдрийн байдлаар нийслэлд шатахуун хэвийн олгож буй газар ховор байлаа. Харин орон нутагт байдал улам дордож, хязгаарлалттай олгохоо ч больжээ. Энэ тухай Хэнтий аймгийн малчин Б.Дашноров "АИ-92 бензин 30 мянган төгрөгт олгож байсан бол одоо огт өгөхгүй байна. Шагийн дизель түлш бол олдож байна. Шатахуун түгээхүүд олгохоо болиод сар болж байна” гэсэн юм. Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймаг шатахуун олгохоо больж малчид зутруухан хэвээр байна.

 

Дэлхийн банк: Монгол Улс төсвийн тэлэлтээ сааруулах шаардлагатай

 

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Ингэхдээ Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна гэв. Цаашид эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар зургаан хувь давахаар байна. Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтэйк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой. Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүй байна гэжээ.

Мөн тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар онцолжээ. Инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм. Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцолжээ.

 

Засгийн газрын шинэ бондын захиалга 4.2 тэрбум давлаа

 

Монгол Улсын Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 7.875 орчим хувийн купонтой бонд олон улсын зах зээлд гаргалаа. Захиалгын хэмжээ сүүлийн байдлаар 4.2 тэрбум ам.доллар хүрээд байна. Шинэ бондоор 350 сая ам.долларын санхүүжилт татах зорилготой юм.Захиалагчдыг бүсээр нь харвал Ази, Номхон далайн бүсээс 46 хувь, Хойд Америкаас 22 хувь, үлдсэн 32 хувийн захиалга Европ, Ойрх Дорнод, Африкийн бүсээс ирсэн байна. Хөрөнгө оруулагчдын 93 хувь нь сангууд, хөрөнгийн менежерүүд байсан бол үлдсэн долоон хувьд нь банк, даатгал болон санхүүгийн байгууллагууд багтжээ.Сингапурын биржээр арилжаалагдах тус бондыг босгосноор Монгол Улс 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг буцаан худалдан авахаар зорьж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой.

 

70 мянган тонн мах экпортлов

 

Манай улс өнгөрсөн сарын 15-ны байдлаар 70 мянган тонн малын мах экспортолсныг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.  Махны экспортын энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ. Мөн бүх төрлийн махыг квотгүй экспортолж байгаа ажээ. Тухайлбал, аравдугаар сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үхрийн махыг квотгүй болгожээ.Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)