Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Нэг удаа ашиглаад хаядаг мандат, цаасан материалуудыг саван болгож байгальд ээлтэй байдлаар ашиглах боломжтой. Энэхүү “Эко мандат”-ыг Ойн газрын зохион байгуулагч Ё.Гантөгс санаачилжээ. Тэрбээр МУИС-ийг Ойн инженер мэргэжлээр 2022 онд төгссөн ганцхан төгсөгч аж. Энэхүү мэргэжлийг сонгох болсон нь сурагч байхаасаа эхлэн найман жил “Хөвсгөл их тайга” компанид ажиллаж байсантай холбоотой. Багаасаа байгальтай ойр байж, хэрхэн хайрлаж хамгаалах бохирдуулахгүй байхад анхаардаг байсан нь өнөөдөр шинийг санаачлагч болоход нь дөхөм болжээ. Ургамал бэлтгэгч хийдэг байхдаа МУИС-ийн Ойн инженерийн багштай уулзаж, зөвлөснөөр байгаль орчны салбар, тэр дундаа ойн инженер  мэргэжлийг сонгоход замчилжээ.

Ё.Гантөгс анх байгууллагаасаа актлагдсан зүйлсийг гаргаж байх үедээ буюу олон боодолтой мандат хаягдаж байхыг хараад их үнээр бүтээчихээд ингээд хог болгон хаяж байгаа нь харамсалтай санагдсан байна. Үүний дараа "Ногоон давлагаа" оюутны чуулга уулзалтыг зохион байгуулж улмаар хурлын мандатыг  эко байдлаар шийдэх хэрэгтэй гэж бодсон аж. Ийнхүү “Эко Майнд” клубынхантай зөвлөлдөж одоогоос жил гаруйн өмнөөс мандатаа хийж эхэлжээ. Ё.Гантөгс “Энэ хугацаанд их зүйл болсон. Гарааны бизнес гэдэг амаргүй зүйл юм. Хэсэгхэн хугацаанд хол байхад дампуурах эрсдэлтэй, байнгын хөдөлмөр шаарддаг. Анх найзуудтайгаа эхэлж байсан ч эцэст нь ганцаараа үлдэж, одоо найзтайгаа хамтарч байна” гэж тэрбээр ярилаа.

Эко мандат нэг ширхэг нь хэмжээнээсээ хамааран 3500-5000 төгрөгийн үнэтэй. Мандат бүрт гэр, оосор үнэгүй дагалддаг байна. Зориулалтын усанд уусдаг цаасан дээр лазер хэвлэл хийж, савангийн сууриа түрхсэнээр эко мандат бүтдэг гэлээ.

Олон хүн арьсанд харшил үүсгэх эсэхийг асууж лавладаг аж. Харин эко мандатнаас “төрсөн” савангаар гар угаахад бидний нийтлэг хэрэглэдэг анхилам үнэр үнэртэж байлаа. Мөн өөр олон төрлийн үнэр оруулж болохыг зохион бүтээгч сонирхууллаа.

Эко мандатыг хүний арьсанд харшил өгөх вий хэмээн санаа зовох хэрэггүй юм байна. Учир нь олон улсын стандартын дагуу хүнд металлын шинжилгээ хийлгэсэн гэв. Өөрөөр хэлбэл, гараа угаахад арьсанд харшил өгөх эсэхийг шалгуулж, шинжилгээний хуудсаар баталгаажуулжээ.

Цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ түлхүү анхаарч байна. Мандат бүр дээр цахим үндэстэн гэдэг үүднээс QR код байршуулж өгдөг ажээ. Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн үеэр цаасан материал маш их тараагддаг. Тэдгээрийг хүмүүс төдийлөн сонирхож хардаггүй шүү дээ. Энэ нь хог хаягдал үүсгэх шалтгааны нэг болдог. Тиймээс нэр дэвшигчийн материал дээр QR код байршуулснаар мөрийн хөтөлбөр зэргийг цахим байдлаар шийдэх боломжтой зэрэг олон давуу талтай. Тиймээс сард хэдэн зуугаараа болдог хурлын мандат, сонгуулийн үеэр тараагддаг их хэмжээний цаасан материалыг усанд уусдаг эко мандатаар шийдэж ашиглаж дууссаныхаа дараа гараа угаах боломжийг Ё.Гантөгсийн багийнхан санал болгож байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)