Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Эх хүн гэдэг энэ орчлонгийн эхлэл байдаг ажээ. Амьнаасаа амь тасалж, амьдрал бэлэглэдэг болохоор энэ зүйрлэл хамгийн тохирсон гэлтэй. Ангаахай үрийнхээ өмнө уярч зөөлөрдөг атлаа амьдралын хүнд хэцүүг даваад гарах сэтгэлийн хүч ч бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин тэдгээр хүчирхэг ээжийг “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа онцолдог билээ. Бид өмнөх дугаартаа нэхмэл малгай ороолт, цамц, цүнх гээд олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг таван хүүхдийн ээж Г.Болормааг танилцуулсан. Тэгвэл энэ удаагийн дугаартаа мөн л нэхмэлийн аргаар өхөөрдөм тоглоом урладаг залуухан ээж Я.Дэлгэрсүрэнг урилаа.

 

Дунд ангиасаа нэхмэлийн урлалд дурласан

Энэ удаагийн зочин Я.Дэлгэрсүрэн Шинэ анагаах ухааны их сургуульд их эмчийн мэргэжлээр суралцдаг ажээ. Энэ жил төгсөх дамжааны оюутан. Түүний хувьд залуухан ээж бөгөөд өнгөрсөн жил анхны үрээ өлгийдөн авсан гэнэ. Өдгөө хүүхдээ харах, хичээлдээ явахын хажуугаар өхөөрдөм хөөрхөн тоглоом урладаг хөдөлмөрч ээж ажээ. Дэлгэрсүрэн анх дунд ангид ороод илүүтэй технологийн хичээлд сонирхолтой болжээ. Энэ үедээ цүнх, малгай нэхэж сурсан гэнэ. Яг өөрийнхөө хүссэнээр, шинэлэг зүйл туршиж үзье гэж боддог байсан ч  орон нутагт амьдардаг байсан учир хангалттай материал төдийлэн олддогүй байжээ. Гэсэн ч тэрбээр хүсэл сонирхлоо орхиогүй гэнэ. Ингээд цар тахлын хөл хорионы үеэр багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор олон зүйл туршиж үзсэний нэг нь  нэхмэл тоглоомны онлайн сургалт байсан байна. Түүний анхны багш нь Б.Чимэдрэгзэн гэх хүн ажээ. Харин өөрөө сурсны дараагаас цахим сургалт явуулж, сурсан мэдсэнээ бусдад түгээж эхэлсэн гэнэ. Тэрбээр багш болоод хоёр жил өнгөрчээ. Шавь нар нь ч багш шигээ шаггүй сайн нэхмэлчин болсон байна. Я.Дэлгэрсүрэнгийн хувьд  дөнгөж сурч эхлэх үедээ ихэвчлэн туулай нэхдэг байжээ. Энэ тухайгаа “Миний анх нэхэж байсан туулай аз болоход их хөөрхөн болсон. Одоо ч манай ахын хүүхэд тоглодог. Ер нь миний хийсэн бүтээлээр хүүхдүүд тоглохыг, цүнхэндээ зүүсэн байхыг нь харахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг гэсэн юм” гэв. Анхны бүтээл болох дүүдээ хийсэн туулайгаа нэг өдрийн дотор хийж дуусгажээ. Харин энэ жилийн хувьд төгсөх дамжааны оюутан учир төдийлэн зорьж суух цаг гарахгүй байгаагаа учирлаж байв.

 

Гацуур модны чимэглэл, санта...

Я.Дэлгэрсүрэнгийн хувьд өдгөө нэхмэлийн аргаар хийж болох бүхий л тоглоомыг урладаг болжээ. Гэхдээ ихэвчлэн захиалгаар хийж байгаа юм байна. Бүтээлдээ төвлөрч суудаг цаг нь оройгоор. Тоглоом нэхэхэд мэдээж утас хамгийн чухал. Я.Дэлгэрсүрэнгийн хувьд анх юм нэхэж сурахдаа ихэвчлэн хятад утас хэрэглэдэг байжээ. Харин өдгөө Турк утсаар нэхэж байгаа гэв. Энэхүү утас нь будаг гарч, бөөсөрдөггүй, харшил өгөхгүй гээд олон давуу талтай юм байна. Харин тоглоомныхоо дотор зориулалтын синтпон буюу дүүргэгч хийдэг гэнэ. Түүнээс хүүхдүүд нэхмэл тоглоомоор тоглохын давуу тал нь юу вэ гэж асуухад “Нэхмэл тоглоом нь хүүхдийн хүрэлцэхүйн мэдрэмжийг сайжруулж, тайвшруулдаг. Мөн байгальд ээлтэй, эко шүү дээ” гэж хариулсан юм.  Я.Дэлгэрсүрэн одоогоор гадны урлаачдын зохиосон схемын дагуу бүтээлээ хийдэг юм байна. Цаашдаа өөрөө схем зохиож, брэнд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байгаа гэсэн. Урлаач бүр өөр өөрийн онцлог, мэдрэмжтэй байдаг учир яг адилхан тоглоом нэхсэн ч царай, дүр төрх нь өөр болдог ажээ. Я.Дэлгэрсүрэнгийн хувьд ихэвчлэн царайлаг, эгдүүтэй, хүүхдийн сонирхлыг татсан тоглоом урлахыг зорьдог гэж байв. Удахгүй шинэ жил болно. Тиймээс гацуур модны чимэглэл, санта, шидэт дагина гээд цаг үеэ мэдэрсэн өхөөрдөм тоглоомнуудыг урлаж байна. Урлаач ээж Я.Дэлгэрсүрэнгийн байнгын захиалагчид нь бага насны хүүхэдтэй ээжүүд байдаг гэнэ. Харин сүүлийн үед албан байгууллагууд их хэмжээний захиалга өгөх болсон аж. Түүний хувьд бүтээлээ гэрээрээ хийдэг гэнэ. Харин ирээдүйд өөрийн урлантай болох чин хүсэлтэй.

 

АНУ-аас 100 тоглоомны захиалга иржээ

 

Я.Дэлгэрсүрэнгээс тоглоомоо нэхэж суухдаа юуг мэдэрдэг вэ гэж асуухад “Сэтгэлийн тайвширлыг мэдэрдэг” гэж товчхон хариулсан юм. Хийсэн бүтээлээ хараад түүнээсээ таашаал мэдэрч суух нь амьдралынх нь нэг хобби болжээ. Түүний хувьд бага насны хүүхэдтэй. Ээж болсон нандин үеийнхээ тухай “Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан. Хүүхдээ хараад би илүү хичээж, хариуцлагатай ээж байх ёстойгоо ойлгосон” гэв.  Тэрбээр ихэвчлэн хүүхдээ унтуулчихаад бүтээлдээ төвлөрч суух дуртай. Харин хүүдээ зориулж бяцхан бар нэхэж өгчээ. Түүнд хамгийн ихдээ 100 тоглоомны захиалга алс холын АНУ-аас ирж байсан гэнэ. Я.Дэлгэрсүрэнгийн энэхүү сонирхол болоод жижигхэн бизнесийг гэр бүлийнхэн нь ихээхэн дэмждэг гэж байв. Ялангуяа түүний хань хүргэлт хийхээс эхлээд бүхий л ар талыг нь бат даадаг ажээ. Залуухан ээж маань ийнхүү тоглоом хийж зарах болсноор олсон мөнгөө өөрийн болоод гэр бүлийнхээ хэрэглээ, байрны түрээс, сургалтын төлбөртөө зарцуулж байгаа гэсэн. Түүний цаашдын зорилгыг сонирхоход “Өөрийн урлантай болж, монгол хэв маягийг шингээсэн бренд бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Мөн нэхмэл тоглоом схемын дагуу нэхэгддэг учир монгол схем зохиож, бүтээлээ гадаадын Etsy зэрэг том сайтууд байршуулахыг хүсдэг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)