Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонины “Бид, Тэд” булангийн энэ удаагийн дугаарт улс орнууд цасыг ямар техникээр цэвэрлэдэг тухай бэлтгэлээ.

 

Монгол: ТҮК-ийн ажилчид хүрзээр цэвэрлэдэг

Автозамууд дагтаршсан цасанд дарагдан, толь мэт гялтганаж байна. Цас орсон өдрүүдэд давс, бодис цацлаа гэж мэдээллэдэг ч энэ нь төдийлэн үр дүнд хүрдэггүй. Мөн халтиргаа гулгаанаас үүдэж зам тээврийн осол гарах, түгжрэл үүсэх, бэртэж гэмтэх нь ихэсдэг. Тодруулбал, энэ сард 500 гаруй хүн халтиргаа гулгаанаас болж гэмтжээ. Тэгвэл жил бүрийн өвөл цас, мөсийг ТҮК-ийн ажилчид хүрзээр цэвэрлэдэг байна. Энэ тухай ТҮК-ийн ажилчин Д.Дамдин “Жил бүрийн өвөл ТҮК-ийн ажилчид хотын цасыг хүрз, жоотуу, лоом зэрэг багаж ашиглан цэвэрлэдэг. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол мөс цохиж, цас цэвэрлэдэг. 10 жил ажиллахдаа цасны машинаар цас цэвэрлэж байгаагүй” гэсэн юм.

Харин манай улсад цасны машин байгаа эсэх талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг IKON.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Урд талдаа цас хусах тусгай зориулалтын нэмэлт тоноглолтой, бодис цацдаг 12 машин бий.  Эдгээр нь 2013 онд орж ирсэн Оросын Камаз үйлдвэрийн машинууд бөгөөд зуны улиралд тэвшийг нь сольж, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд давхар ашигладаг. Харин өвлийн улиралд давс, бодис цацах зориулалттай тэвшийг байрлуулж, дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулж байна. Байнгын тасралтгүй ажиллуулж байгаа учраас нэмэлт сэлбэг хэрэгсэл хэрэгтэй. Гэвч Оросоос энэхүү машины сэлбэг хэрэгсэл орж ирэх нь тун ховор байна. Цас цэвэрлэгээний машинд парк шинэчлэл хийгдээгүй олон жил болж байгаа. Миний мэдэхийн 2020 оноос хойш цасны машины парк шинэчлэл хийгдээгүй, хуучныг ашиглаж байна.Өдрийн цагаар цасыг нь цэвэрлэх нөхцөл тааруу. Замын хөдөлгөөнд саад болдог учраас бродюр дагуу үүссэн цасыг шөнө ачиж байна” гэсэн юм.

 

ОХУ: Замын цасыг хайлуулж гол руу урсгадаг

ОХУ-ын хүнд машин механизм ашиглан цасаа цэвэрлэдэг. Ингэхдээ замын цасыг түрж, овоолсон цасаа ачааны машин руу зөөж, цас хайлуулах цэг рүү аваачдаг. Цасаа хайлуулсны дараа тусгай хоолойгоор гол руу урсгадаг аж. Цас цэвэрлэх компани төрийн өмчийн компани байдаг. Муж, хот бүрт цэвэрлэгээний компанийн салбар нэгж бий. Зөвхөн Москва хотод л гэхэд 30 мянган ажилчин ажиллаж, 500 сая рубль буюу 15 сая фунтийг жилдээ зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Техник хэрэгслийн хувьд цас бутлах машин, цас хамах конвейр, цас хайлуулах машин зэрэг үндсэн гурван хэрэгсэлтэй. Цас хамах конвейр нь цас бутлах машин руу цасаа оруулж улмаар цельсийн 17 хэмд цасыг хайлуулан буталж, цас цуглуулах машинд хийдэг. Эдгээр техник хэрэгслийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дотооддоо үйлдвэрлэж, улмаар хэрэглээнд ашигладаг ажээ. Москва хотын хэмжээнд нэг өдөрт 400 машин цас цэвэрлэгээнд гардаг байна.

 

АНУ: Хувийн компаниуд цас цэвэрлэдэг

АНУ цасыг зориулалтын машинаар цэвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд цасны машинууддаа зориулан “Towplow” нэртэй чиргүүл зохион бүтээжээ. Энэ нь гурван машины хүчин чадалтай бөгөөд өргөн зам цэвэрлэх зориулалттай аж. АНУ холбооны засаглалтай тул муж бүр цас цэвэрлэх ажилд өөр, өөр төсөв зарцуулдаг. Төрийн компани байдаггүй. Харин хувийн компаниуд цас цэвэрлэдэг. Муж бүр цас цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг компаниудад татаас олгож, татварын бодлогоор дэмждэг онцлогтой.  АНУ-д 1967 онд байгуулагдсан CentiMark  компани цас цэвэрлэгээний хамгийн том компани юм. Муж бүрт 80 төлөөлөгчийн газартай энэ компанийн эзэмшилд 1500 техник тоног төхөөрөмж, 450 гаруй мянган ажилтан ажиллаж байна. Цэвэрлэгээний төхөөрөмжийн тухайд цас хамах, мөс зүсэх, бутлах, цас, мөсийг хайлуулах зэрэг хэд, хэдэн тоног төхөөрөмжтэй ажээ.  Харин жижиг компаниуд жижиг оврын хурдан хугацаанд ажилладаг цас хамах төхөөрөмжийг ашиглан цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг байна.

 

Финлянд: 24 цагаар цас цэвэрлэдэг

Финляндын нийслэл Хельсник бол Европын цас их унадаг хотуудын нэг. Тиймээс 24 цагаар цас цэвэрлэдэг байна. Тодруулбал, шөнө цас орсон тохиолдолд өглөө хүмүүс ажилдаа явахаас өмнө цэвэрлэсэн байдаг аж. Гэхдээ хотоо бүсчилж тухайн бүсийнхээ цасыг цас, мөс цэвэрлэдэг тусгай жижиг машин болон грейдрээр цэвэрлэдэг. Харин хотын захирагчийн алба нь гудамж, талбай олон нийтийн газрын цасыг цэвэрлэдэг байна. Бөөгнүүлсэн цасаа усны институтэд аваачиж шинжлүүлээд хүрээлэн буй орчинд аюулгүй гэж үзвэл гол руу хаядаг байна.

 

Канад: Цас хайлуулагч ашигладаг

Канадад өдөр бүр л 30-50 см зузаан цас орно. Байрныхаа ойр орчмыг хүмүүс өдөр бүр цэвэрлэнэ. Өвөл дуусахад хүрздэж шидэх газаргүй болтол цасаа овоолно. Харин олон нийтийн талбайг цас цэвэрлэгээний хувийн компаниуд цэвэрлэдэг. Муж улс бүр цас цэвэрлэх ажилд өөр, өөр төсөв зарцуулдаг. Эдгээрээс хамгийн их буюу 100-аас дээш сая канад долларыг Монриал, Оттава муж зарцуулдаг ажээ. Дээрх мужид өвлийн улиралд 225 см цас унадаг байна. Хувийн компаниудын хувьд техник хэрэгсэл, ажиллах хүчний хувьд өөр, өөр ч үйлчилгээний төрөл зүйл нь ерөнхийдөө ижил байдаг. Их хэмжээний дагтаршсан цас цэвэрлэх хүнд даацын 10-20 машин, жижиг оврын 20 машинтай байдаг ажээ. Бүр эсвэл хувь хүмүүстэй гэрээ байгуулан ажилладаг ажлын бригад ч байдаг.

Канад  улс цас хайлуулагч технологиороо анхдагч. Цасаа цэвэрлэх техник хүрэлцдэггүйгээс ийм техник нэвтрүүлсэн байна. Цас хайлуулагч нь цагт 350 тонн цасыг боловсруулах хүчин чадалтай. Мөн давстай адил магнийн хлорид хэмээх бодис ашигладаг. Зүгээр цацаад өнгөрдөггүй. Маш зузаан давхарга үүсэхээр цацаж хучдаг байна. Цас их унадаг учир Канадын автобусны буудал нь битүү, тунгалаг шилэн байдаг аж.  Мөн хүйтэнд зориулан газар доогуур алхах байгууламжийг хийжээ. Тус байгууламжид хүнс, бараа, банк гээд үйлчилгээний бүх цэгүүд нь эгнэн байрласан байх бөгөөд 30 гаруй км урттай. Дэлхийн хамгийн урт хонгил Канадад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)