Н.ЖАРГАЛМАА

 

Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн долоо хоногийн намын хуралдаанаар Европын холбооны өнөөгийн загварчлалаас татгалзаж шинэчлэлт хийх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Унгарын засгийн газар Украины Европын холбоонд элсэх асуудлыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Орбан “Одоогоор Украин Европын холбоонд элсэх тохиромжтой цаг нь биш. Брюсселиээс гаргасан биелэгдэх боломжгүй амлалтыг нэн даруй засах шаардлагатай” гэсэн юм. Түүний засгийн газар ардчилсан бус бодлого явуулсан хэмээн буруутгагдаж Европын холбооны санхүүжилт түр хугацаанд царцаасан асуудлаар Брюссельтай маргаантай байгаа ажээ. Европын холбооны Украинд мөнгө, цэргийн тусламж илгээх стратегийг ийнхүү хүчтэйгээр эсэргүүцэж байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлсэн Оросын түрэмгийллийн дараагаар Украин, Европын холбоонд нэгдэх хүсэлтийг гаргасан. Ирэх сард зохион байгуулагдах Европын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалтад дээр асуудал тусгагдсан байна. Украин улс гишүүнчлэлийн асуудлыг нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. Гэвч дээр асуудлыг хэлэлцэх нь олон талын эрсдлийг дагуулж болзошгүй талаар холбооны өндөр албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Түүнчлэн Европын холбооны нийт 27 гишүүн орны санал нэгдэхэд Унгарын эсэргүүцэл саад учруулж болзошгүй юм. Унгар улс мөн ирэх оны зургаадугаар сард явагдах Европын парламентын сонгуулийн компанит ажлыг эрчимжүүлж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)