Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Эмэгтэй хүн бүхэнд сэтгэлийн асар их хүч бий. Ялангуяа ээж болсон үедээ эмзэг уяхан юм шиг мөртлөө үрийнхээ төлөө бүхнээ зориулах тэр их хайр нь асгараад байдаг нь гайхалтай. “Зууны мэдээ” сонин “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа хүүхдээ харангаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өөрийгөө хөгжүүлж яваа хүчирхэг ээжүүдийг алдаршуулдаг билээ. Бид өмнөх дугаартаа Монголдоо эсгийгээр үлгэрийн ном хийх урлалыг хөгжүүлж яваа, энэ салбарын цорын ганц урлаач, хоёр хүүхдийн ээж Ж.Өлзийдүүрэнг танилцуулсан бол энэ удаад оймс, малгай, цамц гээд бидний өдөр тутамдаа өмсөх загварлаг хувцсыг өнгө өнгийн гоёмсог утсаар нэхдэг, таван хүүхдийн ээж Г.Болормааг онцолж байна.

 

Анхны цамцаа  хүүдээ зориулж нэхжээ

Хананд өлгөөтэй хөөрхөн хүүхдүүдийн зураг. Бүгд л чин сэтгэлээсээ инээмсэглэж, хайр цацруулах нь өхөөрдөм. Охид нь ганган даашинзаар гоёсон бол хөвгүүдийн дэгжин хослол нь зохисон гэж ванлий. Хажууд нь хуримын даашинзтай үзэсгэлэнт бүсгүй. Бяцхан үрсийнхээ инээдэнд жаргаж, хайрлуулж яваа эмэгтэй л ийм сайхан байдаг болов уу гэмээр юм. Г.Болормаа бол таван хүүхдийн ээж. Тэрбээр нөхөртэйгөө адилхан эрхзүйч мэргэжилтэй ч ханийнхаа ар талыг дааж, хүүхдүүдээ өсгөх хариуцлагатай албыг хашаад хараахан мэргэжлээрээ ажиллаж амжаагүй ажээ. Түүний хань Ганзориг Төв болоод Сүхбаатар аймагт цагдаагийн хариуцлагатай албыг хашиж байгаад өнгөрсөн жил гавьяаны амралтаа авсан байна. Харин өдгөө өөрийн хоббиг хөгжүүлж, том машин барьдаг болсон гэж байв.

Г.Болормаагийн хувьд нэхмэлийн урлалыг 2019 оноос сонирхож эхэлжээ. Цар тахлын үеэр хүүхдүүдээ хараад гэртээ байх хугацаандаа хэрхэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх вэ гэж бодсоны эцэст гар урлал хийхээр шийджээ. Тэрбээр ютүбээс хэрхэн нэхмэл хийх тухай сургалтын бичлэг олсноор юм нэхэж эхэлсэн байна. Анх хямдхан хятад утас авч, захаас 1500 төгрөгөөр нэхмэлийн зүү аваад ороолт нэхэж үзжээ. Сурах тусам болмоор юм шиг санагдаж, урам авсан байна. Инйхүү хэсэг хугацаанд дадлагажсаныхаа дараа хамгийн анхны бүтээлээ хүүдээ зориулсан нь жижигхэн ногоон цамц. Долоо хоногийн хугацаанд нэхэж дуусгаад хүүдээ өмсүүлэхэд сэтгэлд нь дулаахан, таатай мэдрэмж төрсөн гэнэ. Хүү нь ч ээжийнхээ хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн нэхэж өгсөн цамцаар гангарах дуртай учраас илүү гоё хувцас нэхэж, олон хүнийг баярлуулахсан гэх хүсэлтэй болжээ.

 

Нэхмэлчин ээжийн охин

Г.Болормаагаас хийж болох олон төрлийн, амархан гар урлал байхад яагаад нэхмэлийг онцолсон юм бэ гэж асуухад “Биднийг бага байхад ээж маань миний бор формны цагаан эмжээрийг дэгээ зүүгээр нэхэж өгдөг байсан юм. Их чамин, цэмцгэр харагддаг байлаа. Ээжийнхээ нэхэж өгсөн тэр эмжээрээр өдөр бүр гангардаг байсан. Мөн манай гэрийн ширээний бүтээлгээс эхлээд хамгийн чамин хэрэглэлүүдийн ихэнх нь ээжийн нэхсэн зүйлс. Багаасаа ээжийнхээ юм нэхэхийг харж өссөн учир энэ урлал надад илүү ойр санагдсан” гэв.

Юм нэхэхэд утас хамгийн чухал. Тиймээс Г.Болормаа илүү чанартай утас авахын тулд нөхрийнхөө цалингаас багахан мөнгө хуримтлуулдаг болжээ. Ингээд хэсэг хугацааны дараа хүссэн утсаа авч, нэхмэлийн ажлаа эрчимжүүлжсэн байна. Г.Болормаагийн хувьд энэхүү урлалаа хийж байх хугацаандаа эрч хүч, урам авдаг хүмүүс нь гэр бүлийнхэн гэж байв. Учир нь олон цаг сууж, нэг цамц ч юм уу, гаргасны дараа хүүхдүүдийнх нь “Ээжээ ямар гоё юм бэ. Яг л үйлдвэрийн юм шиг болжээ” гэж хэлэх нь дараагийн бүтээлээ хийх эрч хүч нь болдог юм байна. Түүнийг анх юм нэхэж эхлэхэд нөхөр нь “Өөрийгөө ядраачихна. Дэмий юм бишүү” гэж хэлж байсан удаатай. Харин одоо бол эсрэгээрээ, гэргийгээсээ гоё цамц нэхэж өгөхийг хүсдэг болсон гэнэ. Ингэж өөрийг нь дэмждэг сайхан гэр бүл байгаа учир нэхэж буй бүтээл бүхэндээ чин сэтгэл, хайраа шингээдэг тухайгаа Г.Болормаа ярьж байсан юм.   

 

20 мянган бээрийг туулж, мөрөөдлөө биелүүлсэн нь

 

Нэхмэлчин ээж Г.Болормаа ихэнх утсаа Турк улсаас захиалж авдаг ажээ. Тэнд хамгийн сайн чанарын утас зардаг дэлгүүр байдаг гэв. Тухайн дэлгүүртэй холбогдох болсноос хойш Г.Болормаа Турк улсад очиж, тэр их өнгө өнгийн утсан дунд нь ороод хэвтэж үзэхсэн гэж нууцхан мөрөөдөх болжээ. Гэтэл өнгөрсөн жил нөхөр нь  гэргийнхээ энэхүү хүслийг биелүүлсэн гэнэ. Тэрбээр нөхөр болон бага хүүгийнхээ хамт том машинаар нийтдээ 20000 км замыг туулж, Турк улсаар аялаад иржээ. Ингээд өнөөх дэлгүүртээ очиж, өнгө өнгийн гоёмсог утсыг мэдэрч, хүслээ биелүүлсэн нь амьдралынх нь бас нэгэн гэгээн дурсамж болж үлдсэн байна. Г.Болормаа тэр хол замыг туулахдаа зүгээр ч явсангүй. Гэрээсээ авч гарсан хонины ноосон утсаараа цамц нэхсээр Гүржийн хил дээр очжээ. Тэрбээр хилээр гарахаар хүлээж байх зуураа өнөөх цамцаа 1100 рублиэр зарсан гэнэ. Монгол хонины ноос экогоос гадна чанартай тул хүмүүс худалдаж авах сонирхолтой байдаг гэнэ. Ийнхүү Турк улсад очиж мөрөөдлөө биелүүлсэн Г.Болормаа гэрийн зүг хөдлөхдөө машиныхаа давхар орны нэгийг нь битүү утсаар дүүргээд, аз жаргалтайгаар аян замдаа гарсан сайхан дурсамжаа бидэнд хуучилсан юм.  Нэхмэлийн утас их олон янз байдаг ажээ. Г.Болормаа тэдгээрээс мохер гэдэг утсыг түлхүү ашигладаг гэнэ. Тэрбээр одоогоор урт богино, малгайтай малгайгүй цамцнаас гадна хос ороолт бээлий, оймс, хантааз болон малгай нэхэж байна. Түүний ойрын зорилгын нэг нь өмд нэхэх гэсэн юм. Нэхмэл өмд цамцны өөрийн брэндийг гаргах холын зорилго бий.

 

Малгай дангаараа 45 мянган төгрөгийн үнэтэй

Г.Болормаагийн нэхсэн хувцаснуудыг харж байхад яг л үйлдвэрийн гэж андуурмаар. Нэхээний зай, хээний гаргалт нь дэндүү жигд ажээ. Юу нэхэхээсээ хамаарч зүүгээ сонгодог гэнэ. Зүү нь хүртэл олон төрөл. 100 грамтай таван ширхэг утсаар дунд зэргийн биетэй хүн өмсөх нэг цамц хангалттай гардаг юм байна. Түүний хамгийн удаан нэхсэн бүтээл нь шагай татам урт цамц гэж байв. Хоёр сарын хугацаанд барин тавин нэхэж дуусгажээ. Харин хос оймсыг бол нэг өдрийн дотор л нэхнэ. Г.Болормаа таван хүүхдэдээ анхаарахын хажуугаар хоббигоо хөгжүүлж байгаа учир их хэмжээний захиалга авдаггүй гэж байв. Өөрт ямар ч дарамтгүйгээр, жаргаж, тааваараа нэхэх дуртай ажээ. Удахгүй хүйтэн өвлийн улирал ирэх учир хүмүүс түүнд зузаан цамц, малгай ороолт захиалах болжээ. Түүний нэхсэн малгай дангаараа 45 мянган төгрөгийн үнэтэй. Харин ороолт нь хэр уртаасаа хамаараад үнийн хувьд харилцан адилгүй байдаг гэнэ.

Нэхмэл хувцасны давуу тал нь хүний биед ямар нэгэн харшил өгөхгүйгээс гадна чанарын хувьд эдэлгээ удаан. Сүүлийн үед “Алтны хажуу дахь гууль шарлана” гэгчээр Г.Болормаагийн долдугаар ангийн охин ээжийгээ дуурайж юм нэхэж эхэлжээ. Одоогоор дэгээ зүүгээр жижигхэн цүнх, түлхүүрийн оосор, тоглоом нэхсэн байв. Өнөөдөр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа мянга мянган ээж бий. Юу хийхээ, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол таван хүүхдийн ээж, хөдөлмөрч бүсгүй Г.Болормаа “Амьдралд амархан зүйл гэж байхгүй. Эхлэл бүхэн хаширмаар, шантармаар байдаг. Гэхдээ тууштай хүнийг амьдрал шагнадаг юм билээ. Ялангуяа манай ээжүүд их хүчирхэг. Тиймээс аливааг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Боломж олдвол өөрийгөө хөгжүүлж, олон зүйлд өөрийгөө сориорой” гэж захисныг дамжуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)