Н.ЖАРГАЛМАА

 

Австри улсад чихрийн шижингийн хуурамч тарилга хэрэглэсний улмаас хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг тус улсын Эрүүл мэнд аюулгүй байдлын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал,  Дани улсын "Ново Нордиск” компанийн чихрийн шижингийн эм болох “Ozempic”-ыг хуурамчаар үйлдвэрлэн худалдаанд гаргасан байжээ. Австрийн эрүүгийн мөрдөн байцаах алба хуурамч тарилга одоог хүртэл худалдаанд байж болзошгүйг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Европын эмийн агентлаг дээрх хуурамч тарилгыг илрүүлсэн хэмээн мэдээлж байсан юм. "Ново Нордиск” компанийн үйлдвэрлэдэг тус тарилга болон тураах эмийн захиалга цахим орчинд эрэлттэй байснаас үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Эмийн эрэлтээс үүссэн хомсдолыг гэмт хэргийн бүлэглэлүүд ашиглаж, “Ozempic”-ийн хуурамчаар үйлдвэрлэсэн байж магадгүй” гэж Австри улсын эмийн бүтээгдэхүүний мэдээллийн байгууллага үзэж байна.  Харин “Ново Нордиск” компанийн зүгээс “Бид эмийн худалдаанд тавьсан хяналтыг хүлээн зөвшөөрч байна. Цаашлаад шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаалт явуулахад хамтран ажиллана” гэжээ. Мөн цахим захиалгын хяналтаа чангатгасан байна. Австрийн эрүүл мэндийн байгууллага хуурамч тарилга хэрэглэсний улмаас хохирсон хүмүүсийн тоог зарлаагүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө хэр удаан үргэлжлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)