Б.ЖАВХЛАН

Энэ өвөл гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунаас тодрууллаа. Тэрбээр "Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн мөрдөгдөнө. Айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлөх чиглэлд төсөвт хангалттай мөнгө тусгасан. Гэхдээ өмнөх хуримтлагдсан өр төлбөр байгаа" гэв. Харин энэ өвөл цахилгааны шөнийн тарифад хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгажээ. Нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100 хувиар хөнгөлдөг. Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1.500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг. Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.

Эх сурвалж: www.zms.mn