Доржийн ОЮУНЧИМЭГ

 

УИХ хуулийн төслийг гурван удаа хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах учиртай. Төсвийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэж буй энэ үед нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Монгол Улсын 2024 оны төсөв тэлсэн байдалтай байгааг гишүүд хэлж байв. Учир нь ирэх жилийн төсвийн орлого 2023 оныхоос 5.4 их наядаар өссөн дүнтэй байгааг ч мөн онцолж байв.

“Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр үнийн дүнтэй төсөв орж ирлээ. Энэ нь буруу гэсэн үг биш. Гэхдээ инфляц буюу үнийн өсөлтөө хэрхэх вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн юм.

Түүнчлэн энэ удаагийн төсөв орон нутгийн иргэдээс санал авч орон нутгийн хөгжлийн сэргэлттэй уялдуулсан хэмээн зарим гишүүд тайлбарлаж байв. Гэсэн хэдий ч төсвийн орлого хэт өндөр төсөөлөлтэй байгаа нь зарлага нэмэгдэж байгаагийн илэрхийлэл гэдгийг хүмүүс мэддэг болсон. Үүнийг ирэх жилийн төсвийн зардал ч мөн батална. Учир нь 2024 оны төсвийн зардлыг 27.4 их наяд төгрөг, харин орлого 25.3 их наяд төгрөг гэж төсөөлсөн. Алдагдал 2.1 их наяд хэмээсэн. Тэгвэл Засгийн газар төсвийн орлогыг бүрдүүлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах ёстой хэмээн төсөв боловсруулагчид тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, ирэх жил 23.4 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэх бөгөөд үүний 26 хувийг НӨАТ бүрдүүлнэ гэж тусгасан байна. Төсөв хэлэлцэх энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тухай асуудал яригдаж буй.

Тэгвэл улсын төсөв олон жилийн туршид буруу замаар будаа тээж ирснийг эдийн засагчид сануулж байгаа. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээр эрхэм гишүүдээс ирэх оны төсвийг төлөвлөхдөө урт болон дунд хугацааны бодлогод тусгасан асуудлаа оруулсан эсэхийг сонирхох хүн хараахан алга. Зүй нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 6.5-д хөгжлийн зорилго, зорилтоо нэг бүрчлэн тодорхойлсон. Бүр тодруулбал, 6.5.1-т Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан байна. Харамсалтай нь энэ зорилтыг хэрэгжүүлэх зардал хаана нь тусгагдсаныг УИХ-ын эрхэм гишүүдийн хэн нь ч асуусангүй. Тэд тойрогтоо хэдэн төгрөг хуваарилагдсан, хэний тойрог хэдийг авчихлаа гэх мэтээр л “мэтгэлцэв”. Өнгөрсөн жилээс үр дүнд суурилсан төсөвтэй болно. Хөгжлийн бодлогоо ягштал суулгаж өгнө хэмээн ярьцгааж байв. Хачир дээрээ ямар ч өөрчлөлт алга. Санал хэлсэн, асуулт асуусан хүн бүр л “Түүхэнд байгаагүй төсөв” хэмээн тодотгосон. Харин төсвийн төсөл Засгийн газраас баталсан хөгжлийн бодлого зэрэг баримт бичигтэй хэрхэн уялдсан. Үр дүнд суурилсан төсөв батлах шаардлага үүсч байгаа талаар гишүүдийн хэн ч дуугарсангүй. Орлого, зарлагын дүн, тойргийн санхүүжилтэд л анхаарал хандуулж байлаа. Сонгуулийн жилийн төсөв “хөөсөрдөг” гэх бичигдээгүй хууль өнгөрсөн хоёр өдрийн чуулганы хуралдаанаар гишүүдийн асууж сонирхсон асуултаар анзаарагдав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)